Засгийн газраас гарч, шил нь татчихаад байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөндөө дуудаж загнав, янз нь. Гэхдээ Ерөнхийлөгч маань өнөөх л “Бат-Үүлээ юун буруу рультэй машин бэ” гэдэг шиг л юм болж, камерын өмнө баахан шоудав. Бодоход уулзалт дуусаад “Уучлаарай өвгөөн, ингэхгүй бол болохгүй байна” хэмээн дал мөрөө алгадсан байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ уулзалтын цаана маш том улстөр нуугдаж байсныг тэр бүрий хүмүүс мэдэхгүй л дээ. Уг нь нэг намын журамт нөхөд өөр зуураа ярилцаад ойлголцож болох л байсан. Муу “женко”-г заавал камерын өмнө аваачиж хөмхийг нь зуулгах хэрэг байсангүй. Гэтэл заавал камер зоолгож байгаад загнахгүй бол нэг л амтгүй байсан бололтой. Манай Ерөнхийлөгч хаа нэг том улстөрийнхөө хаалт болгож ийн шоу хийдгийг эс мэдэх биш дээ. Юуны өмнө энэ бүгд юунаас болов гэдэг нь ихэд сонирхолтой. Явж явж өнөөх 19-хөн настай Г.Сарангэрэл гэгч охиноос л болсон хэрэг. Тун ч ядмаг. 
    


 Бас нэг зүйл гэвэл Ц.Элбэгдорж чухам хэнд панаалдуулчихав гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татна. Энэ бол зүгээр нэг шоу ч байгаагүй, бусдын хатгалгаар улстөрийн шоу хийсэн нь шууд харагдаж байна лээ. Г.Сарангэрэл гэгч эмэгтэйтэй “хөнжил”-өөр холбогдоод байгаа Хууль зүйн сайд маань Г.Сарангэрэлийн ярилцлагын дараа шуурхайхан байр сууриа илэрхийлэв. Илэрхийлэхдээ нялх амрагийнхаа ярьсан бүгдийг үгүйсгэж, “Энэ бол зохиол, зохиолыг бичсэн хүн нь “женко” Х.Баттулга” хэмээн зарлаад авав. Тэгсэн байтлаа Х.Тэмүүжин маань нялх амрагаа ингээд орхиж болохгүй. Харин ч хамгаалах ёстой хэмээв. Бодоход тэр охиныг өөрийнх нь өрсөлдөгч хэн нэгэн улстөрийн золиос болгож байна хэмээн санагдуулахын тулд энэ өгүүлбэрийг хэлэв бололтой. Мөн Хуулийн сайд маань энэ захиалгат нэвтрүүлгийн эзэн нь Х.Баттулга, тэр зохиолыг нь бичиж найруулдаг. Харин Цагдаагийн газар материалыг нь олж өгдөг гээд бараг л хаана ийм зохиол бичиж найруулдгийг нь ч мэднэ хэмээсэн. 
    
Нөгөө талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зочид буудлын арын өрөөнд хийсэн захиалгат нэвтрүүлэг” хэмээн “женко”-г загнана билээ. Эндээс харвал Х.Тэмүүжин Ц.Элбэгдоржидоо хов зөөсөн нь харагдана. Элбэг “женко”-г аль зочид буудлын арын өрөөнд ямар захиалгат нэвтрүүлэг хийж байна вэ гээд хянаад, хүнээр мөрдүүлээд байхгүй л дээ. Тэгэхээр улстөрд хөтөлж оруулж ирсэн Х.Тэмүүжин дүү нь хошуу өргөсөн байж таарна. Үүний нөгөө талаас суудлаа амиараа хамгаалан тэмцэж байгаа өнөөх Н.Алтанхуяг ч хошуу цорвойхоо яаж мартах билээ. Түүнд өнөөдөртөө цор ганц хүчтэй дайсан бол Х.Баттулга юм. Тэгэхээр ийм сайхан далимыг Х.Тэмүүжингээр халхавчлан байр сууриа илэрхийлээд авахаа тэр сайн мэднэ. Түүнээс бус Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын харьцаа тийм ч сайнгүй байгааг эх сурвалж хэлсэн. 
     Тэгэхээр Н.Алтанхуяг “энэ улстөр, энэ АН-д таны фракц, таны нөлөөлөл гэх юм алга болох нь. Энэ Х.Баттулга бүгдийг нь гартаа авахаар хичээж байна” хэмээн Элбэгийг хатгахаа мэднэ. Цаадхи Ерөнхийлөгч нь ч хэзээний буурь суурьгүй зангаараа хэвлэл мэдээлэл цуглуулаад зандрахаа бас сайн мэднэ. Түүнчлэн Х.Тэмүүжин ч намайг оролдож байна гэдэг таныг, манайхныг оролдож байгаатай ялгаагүй. Би энэ бүгдийн эзнийг тагнаж мөрдөөд олчихлоо гээд баахан баримт дэлгээд уйлан хайлаад очно биз дээ. Ингэхээр Ерөнхийлөгч маань “женко”-д нэг сайн сануулга өгч таарна. Ингэхдээ ямар өнцгөөс, ямар улстөр хийхээ ч мартахгүй. Тэр өргөн нарийн цариг, түүний тухай нэвтрүүлэг энэ эр бол өнгөний шоу шүү. Асуудал нь ерөөсөө өргөн нарийн царигтаа биш юм.
    
 
  Эндээс харж байхад манайхны хийж байгаа улстөр гэдэг туйлын эмзэг, тун ч ядмаг юм. 19-хөн настай охин л төрийн өндөрлөгүүдийг хооронд нь уулзуулж, өч төчнөөн мөнгө төгрөгийг захиалгат нэвтрүүлгийн төлөө  цацуулж чадаж байна. Хэрвээ Г.Сарангэрэл өөрийн байр сууриа илэрхийлээгүй бол Ц.Элбэгдорж, Х.Баттулгыг дуудаж загнахгүй байв. Х.Тэмүүжин Элбэг ах руугаа ч гүйхгүй байв. Тэр тусмаа Н.Алтанхуягтай бүр ч уулзахгүй байлаа. Бүх зүйл хэвийн, баяр наадамдаа бэлдээд завгүй байх байлаа. Дөнгөж 19 настай охин Хууль зүйн сайдын суудал төдийгүй, Засгийн газрын хувь заяанд нөлөөлж байна гэдэг манай эрх баригчдын зангараг ямар байгааг л харуулсан хэрэг шүү дээ. 19-хөн настай охинд л дөнгүүлчих малнууд юм даа. Тэр Х.Тэмүүжин нь үнэхээр л амрагийн харьцаатай байсан бол амраг шиг нь амраг байхад л болох байлаа шүү дээ. 


 
С.Баяр