2024 он бол сонгуулийн жил. Дэлхийн 60 гаруй улс оронд орон нутгийн, парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулиуд болох бөгөөд ОХУ, Тайван, Тайланд, Индонез зэрэг зарим улс аль хэдий нь сонгуулийн дүнгээ гаргаад эхэлснийг бид мэднэ.

Сонгууль зохион байгуулах 60 гаруй улс орны олонх нь ардчилсан зарчмаар төр засгийн удирдлагуудаа сонгоно. Ардчиллын индексийн зурагт мэдээллээс үзэхэд, дэлхий дээр ардчилсан тогтолцоотой 167 улс орон бий.

“Нээлттэй нийгэм” сангаас дэлхийн 30 гаруй орны 36 мянган сонгогчдын дунд нээлттэй судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь ардчилсан нийгэмд амьдрах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Ийнхүү улс орнууд ихэнхдээ ардчилсан зарчмаар сонгуулийн санал хураалтаа явуулах нь түгээмэл ч зарим нь уламжлалт буюу урьдаас төлөвлөсөн байдлаар кноп дарах нэр төдий сонгуулиа явуулна гэдгийг судлаачид тодорхойлж буй. Нөгөө талаар сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, дэлхий нийтийн сонгогчдын хандлага, сонгуулийн хэв маягийн өөрчлөлт зэрэг олон шинэ зүйлс энэ жилийн сонгуульд багагүй мэдрэгдэж эхэлнэ хэмээн судлаачид дүгнэж буй.

Өнөөгийн геополитикийн зөрчил, технологийн дэвшил, хиймэл оюун ухааны хэт хөгжил, ардчилалд үл итгэх байдал давамгайлах зэрэг олон бэрхшээл ардчилсан сонгуульд сорилт болон тулгарч байна. Ялангуяа хуурамч мэдээллийн дайнд хэрхэн зөв мэдээллийг сонгогчдод хүргэх вэ гэдэг нь өөрөө бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байгаа хэрэг. Тиймээс ч дэлхий нийтээр хиймэл оюун ухааныг ашиглан сонгуулийн дүнд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэхийг уриалж, НҮБ-аас саяхан AI-тай холбоотой анхны тогтоолыг батлан гаргаад байгаа билээ. Энэ мэтээр дээрх сорилтууд бол зөвхөн энэ жил ч төдийгүй цааш цаашдын сонгуулийн үр дүнд урт хугацаанд нөлөөлөх боломжтой шинэ цагийн хүчин зүйлс юм хэмээн тодорхойлох болсон.  Энэ жил товлогдсон анхаарал татсан зарим сонгуулийг цаг хугацааны дарааллын дагуу тоймлон хүргэе.

Словак

/Гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 6/

 

Бүгд найрамдах Словак улсын төрийн тэргүүн нь бүх нийтийн шууд санал хураалтаар таван жилийн хугацаатай сонгогддог. Гүйцэтгэх эрх мэдлийн дийлэнх нь Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдад төвлөрдөг ч энэ удаагийн сонгуулийн хувьд илүү онцлох ач холбогдол бий. Учир нь одоогийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нь аль аль нь сөрөг хүчний улс төрийн намуудыг төлөөлж байгаа тул энэ санал хураалт нь ихээхэн чухалд тооцогдож байна.

Өмнөд Солонгос

/Дөрөвдүгээр сарын 10/

БНСУ-ын хувьд энэ сард болох парламентын сонгуулийн дүнд нийт 300 гишүүнийг  үндэсний парламентад сонгох учиртай. Ингэхдээ тойргийн 254 мандатыг нэг санал хураалтаар сонгодог. Бусад 46 суудлыг нэмэлт гишүүний систем болон хувь тэнцүүлсэн байдлаар сонгодог. 300 суудлаас 151-ээс дээш суудал авсан нам эрх барих эрхтэй болно. Энэ удаагийн сонгуулийг 2022 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёолд ард түмнээс өгөх дунд хугацааны үнэлгээ байх болно гэж олон нийт үзэж байна.

 

Энэтхэг

/4-р сарын 19-өөс 6-р сарын 1/

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. БНЭУ нь парламентын засаглалтай. Энэ сард эхлэх Лок Сабхагийн сонгуулиар парламентын доод танхимын 543 гишүүнийг сонгоно. Сонгуулийн дүнгээр олонх болсон нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилох эрхтэй. Тус улс нь дэлхийн хамгийн олон буюу нийт 960 сая сонгогчтой бөгөөд 470 сая нь эмэгтэйчүүд. Санал хураалтын явцад 15 сая орчим ажилтан ажилладаг бөгөөд энэ утгаараа Энэтхэгийн сонгууль бол дэлхийн хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог.

 

Панам

/Тавдугаар сарын 5/

Үндэсний эсэргүүцэл, байгаль орчны асуудлын төвд байгаа зэсийн уурхай болох Панамын суваг энэ удаагийн сонгуулийн гол асуудал байх бололтой. Панамчууд тавдугаар сарын 5-нд ерөнхийлөгчөө сонгоно. Энэхүү сонгуульд ерөнхийлөгч асан Мартин Торрихос,  одоогийн дэд ерөнхийлөгч Хосе Габриэль Карризо, Гадаад хэргийн сайд асан Ромуло Ру нар нэр дэвшиж байгаа бөгөөд тэднээс хамгийн өндөр рейтингтэй байгаа нь Гадаад хэргийн сайд, Аюулгүй байдлын сайдын албан тушаалыг хашиж байсан Хосе Раул Мулино юм.

 

Өмнөд Африк

Эрх баригч Африкийн үндэсний конгресс нам 30 жилийн өмнөх дэглэм нуран унаснаас хойш энэ удаагийн сонгуулиар анх парламентын олонхийн суудлаа алдаж магадгүй гэсэн таамаг бий.

 

Мексик

/зургадугаар сарын 2/

Мексикийн орчин үеийн түүхэн дэх хамгийн том сонгууль болно гэж үзэж байгаа. Сонирхолтой нь энэ удаагийн сонгуулийн хоёр гол нэр дэвшигч эмэгтэйчүүд учир Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох магадлал өндөр байна.

Мехико хотын дарга асан Клаудиа Шейнбаум эрх баригч намаас нэр дэвшиж байгаа бол сөрөг хүчний эвслээс 60 настай Зочитл Галвез өрсөлдөж байна. Тус улсын ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар дахин сонгогдох эрхгүйгээр сонгодог.

 

Европын холбоо

/Зургадугаар сарын 6-9/

720 суудалтай Европын парламентын сонгууль дөрвөн өдрийн турш гишүүн бүх улс оронд улсад явагдана. Европын холбооны парламентын сонгууль нь Европын улс төрийн чиг хандлагын чухал хэмжүүр гэж үздэг. Энэ сонгуульд тус холбоонд дөнгөж элсээд байгаа Турк, Швед зэрэг улсын төлөөлөл оролцоно.

 

Венесуэль

/Долдугаар сарын 28/

“Халтар царайт” киногоороо хэдийнэ бидэнд танил болсон Венесуэль улс төрийн тэргүүнээ дахин сонгох түүхэн сонгуулийн өмнө ирээд байна. Сонгуульд нэр дэшигчдийг саяхан зарлалаа. Венесуэлийн Ерөнхийлөгчөөр 1999 оноос хойш 2013 онд хүртэл ажилласан  Уго Чавесийн халааг 61 настай Николас Мадуро залгамжилж өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төрийн эрх барьсан юм. Хамгийн сүүлд 2018 онд явуулсан сонгуулиар Мадуро дахин ялалт байгуулж байсан юм. Харин энэ удаагийн сонгуульд Венесуэлийн сөрөг хүчний намууд ардчилсан нэгдмэл платформ нэртэй эвслийг бүрдүүлж өрсөлдөхөөр болсон. Тус эвслээс Эдмундо Гонзалез Уррутиаг нэр дэвшигчээр зарласан боловч хамгийн хүчтэй өрсөлдөгчдөд нэр дэвших эрхийг нь олгоогүй байна.

 

АНУ

/Арваннэгдүгээр сарын 5/

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон хоёр эрхэм хоёул дахин сонгогдохын төлөө өрсөлдөх гэж байна. Одоогийн ерөнхийлөгч Жо.Байден болон Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын тулаан дэлхийн улс төрийн нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлэх өрсөлдөөн болох нь тодорхой. Энэ сонгуульд ялсан нь ирэх нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр үүрэгт ажлаа эхлүүлэх юм.

 

Шри Ланк

/Арваннэгдүгээр сар/

Шри Ланкад 2022 онд ард түмний бослого гарч засгийн газрыг унагаснаас хойш анх удаа ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйгаараа онцлог. Одоогийн Ерөнхийлөгч Ранил, ерөнхийлөгч асан Маитрипала, одоогийн сөрөг хүчний тэргүүн Сажит Премадаса нарын таван хүн нэр дэвшиж байна. Шри Ланкийн Ерөнхийлөгчийг хязгаарлагдмал санал хураалтаар сонгодог. Сонгогчид Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурав хүртэлх сонголтоо илэрхийлж болно. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч хүчинтэй саналын 50-иас дээш хувийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчээс бусад бүх нэр дэвшигч хасагдах зарчмаар явагддаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин