Улаанбаатар хотын гудамж өнгө өнгийн цэцгээр үзэмж нэмлээ. Өнгөрсөн жилээс эхлээд зуны гурван сард нэг наст цэцгээр хотын гудамжийг чимдэг болсон.

    Энэ нь харахад сайхан ч үүний ард урсч буй мөнгөний дүнг сонсохоор харамсал төрөхгүй байх аргагүй. Хэдэн зуун саяар тоологдох мөнгийг ганц зуны цэцгэн гангараанд зарцуулж буй нь эдийн засаг хямарч туйлдсан өнөө үед бүр ч таалагдахгүй байгаа юм. Энэ жил л гэхэд Улаанбаатар хйтын тохижилтод 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна билээ. Зарцуулах мөнгө нь өмнөх жилийнхээс 1.2 тэрбумаар илүү. 5.8 тэрбумын 510 сая төгрөгийг нэг наст цэцгэнд зарцуулах тухай мэдээллийг холбогдох албаныхан дуулгаж буй. Гэхдээ аль компаниас хэдэн сая төгрөгөөр цэдэг худалдаж авсан болон авах нь нууц.

 

    Нээлттэй мэдээлэл байхгүй болохоор “Хятадаас оруулж ирсэн. Хэн нэгэн эрхтэн дархтаны шахааны бизнес” хэмээн хардах хүн олон. Хотод хийж буй бүх л бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг нээлттэй тендер зарлаж, түмний нүдэн дээр ил тод шалгаруулна гэж нийслэлийн удирдлагууд ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгждэггүй нэг талбар нь энэхүү цэцгийн бизнес юм. Шилэн данс, шилэн тендер гэх нэр томъёо сүүлийн үед олонтаа чих дэлсч буй ч аль ч байгууллага тайлангаа гаргаад ард түмэнд мэдээлээд байгаа зүйл алга. Магадгүй УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дасны тухай хууль батлагдахыг хүлээж байж ч мэднэ. Нийслэлийн гудамж талбайг тохижуулах ажилд 60 гаруй компани оролцож байгаа гэсэн тойм төдий мэдээг албаныхан өгч байгаа нь үүний тод илрэл. Олон нийтэд нэрийг нь зарлачихаар улстөржүүлээд байдаг юм гэсэн эзэн биегүй тайлбараар эрх мэдэлтнүүд аргацааж сууна билээ. Улстөржүүлэхгүйн тулд ийн нууцалдаг юм байх.

 

     Цэцэрлэгжилтийн ажилд томоохон үүрэг гүйцэтгэдэг компани лав хотын гудамж талбайг тохижуулахад оролцоогүйгээ дуулгаж байсан. Учир мэдэх хүмүүсийн хэлснээр бол цэцгийн бизнес ардаа эзэнтэй гэнэ билээ. Тарьсан цэцгээ төрд шахаж их хэмжээний ашиг унагадаг болохоор сонгон шалгаруулалт явуулахаас нь өмнө эзэн нь тодорчихдог аж. Өнгөрсөн жил гудамж, талбай тохижуулах ажилд нийтдээ 4.6 тэрбум төгрөг төсөвлөсний 315 саяыг нь цэцэг худалдаж авахад зарцуулсан. Гэтэл энэ жил цэцэг худалдаж авах зардал 200 орчим сая төгрөгөөр нэмэгджээ. 400 мянган гаруй цэцгийг хотын гудамжинд суулгаж, 300 мянга гаруй ам. метр талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөсний чухам хэд нь хэнд очсоныг мэдэх боломж хомс байна. Түрүү жил УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн "Монгол флора" компани онцгой эрх эдэлж хамаг мөнгийг нь хуу хамсан тухай дуулддаг. Энэ бүхнийг эрхэм гишүүний нөлөө гэж хардаад л чадаж байгаа юманд арга байхгүй хэмээн атаархаад л хоцорсон. Монголчуудад эм, тариа зарж хөлжсөн энэ хатагтай “Би хувийнхаа бизнест оролцохоо болиод байгаа” гэсэн мэдэгдэл хийдэг ч ханцуй дотроо наймаалцаж хэдэн саяар нь ашиг олчих цэцгийн бизнесээс “Монгол флора” нэрээ татаж чадсан болов уу гэсэн эргэлзээ өнөө жил ч олон хүнд байна. Учир нь өнгөрсөн жил ямар ч тендергүйгээр хэдэн сая төгрөг халааслах эрхийг “Монгол флора” компанийн удирдлагууд тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгт олгосон. Үүнийхээ шүүмжлэлийг ч чамгүй хүртсэн. Тарьсан хэдэн цэцгээ зарах гэж хаа сайгүй махаа зулгаахгүй, төрд бэлэн мөнгөөр шахчих болохоор хялбархан халаасаа дүүргэчихэж байгаа юм. Ийм сайхан боломжийг алдахгүйг хичээх байгууллага олон ч тэр бүр аз тохиодоггүй гэнэ.

 

    Цэцгийн бизнес энэ жил мөн л чимээгүй тендерээр хөшигний ард хөврөөд өнгөрчээ. БОНХЯ- нд тендерийн талаар мэдээлэл өгөх болоход аль эрт эзэд нь тодорчихсон байсан тухай нэгэн эх сурвалж сонирхуулсан. Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагынхан чимээгүй тендерийн араас сураг тавьж тодруулахыг зорьжээ. Нийслэлийн ногоон байгууламжийн ажлыг Нийтлэг үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл хариуцдаг бөгөөд эрх үүргийнхээ дагуу энэ оны хоёрдугаар сарын 19-нд "Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах нэг наст цэцгийн үрсэлгээ" гэсэн тендер зарласнаа өөрийн вэб хуудаст байршуулсан аж. Гэвч энэ тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийг зөрчсөн байна. Уг хуулийн 21 дүгээр зүйлд төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа Засгийн газрын худалдан авах "E-procuement.mn" гэсэн цахим хуудсаар дамжуулан зарлах заалттай. Харин “Улаанбаатар” нэгтгэлийнхэн өөрийн  цахим хуудсаараа дамжуулан зарласан нь тендерийн нээлттэй зарчмыг алдагдуулсан гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

 

    Түүнчлэн Тендерийн үнэлгээний хороог байгуулахдаа хоёроос доошгүй мэргэжлийн холбоод,  ТББ, иргэдийн төлөөллийг оролцуулах заалтыг зөрчиж, зөвхөн “Улаанбаатар” нэгтгэлийн ажилтнуудаас бүрдсэн хороо байгуулсан гээд олон алдаа мадаг харагджээ. Тендерт оролцох байгууллагуудад тавьсан шаардлагадаа жилийн дундаж борлуулалт нь 250 сая төгрөг, үүнээс сүүлийн нэг жилийн ижил төстэй үйл ажиллагааны гүйцэтгэл 150 сая төгрөгөөс доошгүй байх ёстой гэж заажээ. Энэ шалгуурт зөвхөн "Монгол флора" л тэнцэнэ. Тендерийн энэ мэдээллийг ухан гаргаж ирж чадсан Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооныхны хүчин зүтгэлээр хуудуутай зарлагдсан тендерийг цуцалжээ. Гэвч энэ жил яг ямар байгууллагаас цэцэг нийлүүлсэн нь нууц хэвээр үлдэж байна. Сэмхэн зарлаад өнгөрдөг тендерт оролцох хүсэлтэй байгууллага байлаа ч хэрээс хэтэрсэн шалгуурт нь бүдэрчихдэг тухай үг цухуйлгаж сууна. Хэтдээ ийм маягаар сонгон шалгаруулалт хийгээд шударга өрсөлдөөнийг уландаа гишгээд байвал нуруугаа авахуулсан морь шиг болсон газрууд халшрах нь дамжиггүй.