FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамиртай ярилцлаа.


-Бид мэдээллийн их урсгал дунд амьдарч байна. Зах замбараагүй их мэдээлэл дундаас худлыг үнэн гэж итгэх явдал олонтаа. Тэгвэл хуурамч мэдээлэлд шүүлтүүргүйгээр итгэх нь ямар хор уршигтай вэ?

-Хүн таван мэдрэхүйгээрээ мэдээлэл авч байдаг. Энэ мэдээллүүдийг илүү боловсруулаад хүнд хэрэгтэй, ач холбогдолтой болговол мэдээ болж буй юм. Хүний ирээдүйд гаргах шийдвэрт нь ямар нэгэн байдлаар ач тус болж байвал тэр мэдээ мөн. Харин тэрхүү мэдээ худлаа байвал бид буруу, хүсээгүй шийдвэр гаргана, тухайн шийдвэрээс болоод ямар нэгэн хор хохирол амсана. Энэ нь худал мэдээллийн хор уршиг. Тиймдээ ч дэлхий нийт зохион байгуулалттай хуурамч мэдээлэлтэй тэмцье гэж уриалах болсон.

-Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл ямар үед хамгийн ихээр бий болдог вэ?

-Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл нийгэмд болж буй томоохон үйл явдлыг даган газар авдаг. Хуурамч мэдээллийг ялгаж таних талаар гарын авлага гаргасан, энэ салбарын том төлөөлөл Крейг Силверман “Хуурамч мэдээллийн асар их үйлдвэрлэл дэлхий даяар явагдаж байна. Хүн аль нэг талд орох гээд эргэлзэж байх үед хуурамч мэдээллийн үйлдвэрлэл эрс нэмэгддэг” гэсэн байдаг. Нийгэмд болдог томоохон үйл явдлуудын нэг бол яах аргагүй сонгууль. Сонгуулиар муу хэр нь сайн, хийхгүй мөртлөө хийнэ, хийгээгүй хэр нь хийсэн мэтээр худал мэдээ тарааж хүмүүсийн итгэлийг аван, сонголтод нь нөлөөлж ялалт байгуулдаг. Сонгуулийн үеэрх худал мэдээллийн хор уршиг нь энэ.

-Нийгэмд болж буй томоохон үйл явдлыг даган зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тархдаг гэлээ. Яг ийм бодит жишээ юу байна вэ?

-Нэг том жишээ нь цар тахлын үед болсон. Тухайн үед иргэд короновирусийн халдвар үхлийн аюултай юу, гэрээсээ гарч болох уу үгүй юу, вакцин хийлгэх нь зөв үү, буруу юу гээд үргэлж асуулт, эргэлзээн дунд байсан. Яг тэр үед жирэмсэн, хөхүүл эхчүүд вакцин хийлгэж болохгүй гэх мэдээлэл маш их тархсан. Бидний хувьд вакцины асуудал дээр анагаахын дөрвөн доктор, гурван баримт шалгагчтай баг болж ажилласан. Хамгийн сүүлийн үеийн судалгааг үндэслэж мэдээллүүдийг нягталж, чадах хэмжээндээ түгээж байсан ч газар авсан худал мэдээллийн уршгаар олон хөхүүл, жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй. Вакцин хийлгэж чадаагүй эхчүүдээс биеийн байдал хүндэрсэн тохиолдлууд байсан тухай сонссон. Хэрэв худал мэдээлэл тархаж газар аваагүй бол илүү олон эхчүүд цар тахлыг хүндрэл багатай давах боломжтой байсан.

Файзер бол барууныхны туршилтын вакцин жирэмсэн, хөхүүл эхчүүд вакцин хийлгэж болохгүй, хөхний сүү нь цэнхэр, ногоон гарна гэдгээс гадна виросел вакцин чиптэй, монгол хүний генийн мэдээллийг хятадууд авах гэж байна гэх зэрэг мэдээллүүд ч ихээр түгсэн. Сонирхолтой нь оросын спутник вакцинтай холбоотой хуурамч мэдээлэл манайд нэг ч бүртгэгдээгүй. Харин ч эсрэгээрээ спутник бол агуу гэх мэдээлэл маш их явсан. Эх сурвалжууд нь дийлэнхдээ баруун болон Хятадын вакцин муу гэж ярьж байсан хүмүүс байсан. Тэдний дурдаж буй эх сурвалжуудыг харахаар орос хэл дээрх мэдээллийг орчуулсан нь их. Тэр орос эх сурвалжийг нь нягтлахаар дандаа баталгаагүй. Вакцинтай холбоотой үйл явдлууд намжсаны дараа залгаад орос, украины дайн болсон. Гэтэл дайны дараа дээрх вакцинтай холбоотой худал мэдээлэл тараасан эх сурвалжуудын спутник агуу гэх үг нь Путин, файзер муу гэсэн үг нь украин, Европын холбоо, Нато болж солигдсон. Эдгээр хүмүүсийг бид хоёр ангилж байгаа. Цөөн хэсэг нь хойд хөршид үнэхээр элэгтэй байх. Нөгөө талдаа байгалийн биш, зохион байгуулалттай мэт байдал ажиглагдсан. Зүй тогтол, давтамжийг нь ажиглахад энгийн нэг хүн ижил төстэй агуулгыг сошиал хаягтаа гурван сарын хугацаанд 40, 50 удаа нийтэлж, хуваалцана гэдэг хачирхалтай. Тиймээс хэн дуртай нь шалгах, эх сурвалжаар баталгаажуулах үйл явц хийгээгүй, баримтын шалгалт явуулаагүй мэдээллүүдийг ихээр бэлтгэж, түгээж байгаа энэ цаг үед хүмүүс хүссэн хүсээгүй няхуур байх ёстой. Хэн дуртай нь мэдээлэл үйлдвэрлэдэг болсон шиг хүн бүхэн өөрсдөө мэдээллээ нягтлах боломжтойн дээр шаардлагатай болж байна.

-Зохион байгуулалттай худал мэдээллийг яаж ялгаж, таньдаг болох вэ. Ямар нэгэн аргачлал бий юү?

-Монголчууд “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг. Бид үүнтэй адилтгаад долоо нягталж нэг итгэ, түгээ гэж уриалж байгаа. Долоо нягтлахын тулд юуг анхаарах вэ гэвэл эхлээд мэдээллийн эх үүсвэрийг нягтал. Итгэж болох хүн түгээсэн үү, мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж, байнгын үйл ажиллагаа эрхэлдэг итгэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн үү гэдгийг нягтал. Агуулгыг нь мөн нягтал. Гарчгаар хуурамч мэдээлэл тарах явдал ч их байдаг. Хуурамч мэдээлэл сонирхолтой, тачаангуй, гоё, үнэн бол уйтгартай гэдэг алдартай үг байдаг даа. Хэт уянгын эсвэл уур хүргэсэн, сэтгэл хөдлөлийг чинь өдөөсөн байх тусмаа хуурамч мэдээлэл байх магадлал өндөр. Мөн домайн хаягаар хуурамч мэдээлэл тардаг учир тухайн сайтын эзэмшил харьяаллыг нягтлах нь зөв. Дурдагдсан бүх эх сурвалжийг ч анзаарч бодит эсэхийг нягтал.

Цорын ганц эх сурвалжтай мэдээ бол зорилготой, эсвэл PR мэдээ байх нь бий. Тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байна уу, нэг талыг барьсан мэдээлэл түгээж байна уу гэдгийг ч нягтлах хэрэгтэй. Нэг хүнийг буруутгасаар байгаад дуусаж байвал улам няхуур хандах ёстой. Сэтгүүл зүйн зарчимд буруутгагдсан талын байр суурийг заавал оруулна гэж байдаг. Ядаж мэдээлэл авах гэсэн боловч өгсөнгүй гэх өгүүлбэр байх хэрэгтэй. Тийм өгүүлбэр байхгүй бол бас л зорилготой байх боломжтой эсвэл сэтгүүл зүйн сайн бүтээл биш. Үүнд итгэх эсэхээ бодох хэрэгтэй гэсэн үг. Дээрээс нь баримт болон үзэл бодлыг ялгаж салгаж сурах нь чухал. Нотлогдож байвал л баримт болохоос нотлогдоогүй бол бүгд үзэл бодол. Эцэст нь тухайн баримтыг дэмжсэн баримт буюу статистик тоо, хөндлөнгийн эх сурвалжийн баталгаажуулсан мэдээлэл зэргийг харах хэрэгтэй. Ийм л хэдэн зүйл бий. угтаа эдгээр зүйлсийг олон улсад бага ангид нь заадаг. Өчигдөр гарсан мэдээ, сониныг дэлгээд эх сурвалжийг нь тоол, хоёр талын байр суурь байна уу, гарчиг нийтлэл авцалдаж байна уу гэдэг ч юм уу. Энэ нь хүүхдийг багаас нь мэдээлэлтэй харил цах боловсролыг олгоод явж байна. Тэд хэдийнэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын асуудлыг шийдчихээд одоо хиймэл оюун ухаантай яаж харилцах вэ гэдэг дээр ажиллаж байна. Дэлхий дараагийн шатандаа гарчихсан байхад бид одоо л хэвлэл мэдээллийн суурь боловсролыг олгох асуудлыг ярьж байгаа нь харамсалтай.

-Худал мэдээллийг ялгаж таниулахад мэргэж лийн редакцын үүрэг оролцоо чухал байх нь. Нөгөө талдаа иргэд мэдээллийн суурь боловсролоо дээшлүүлж, найдвартай эх сурвалжаас мэдээллээ авч сурах хэрэгтэй болов уу?

-Худал мэдээллийг ялгаж таних, залруулахад хэвлэл мэдээллийн оролцоо үлэмж их. Мөн үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг дурдах нь зүйтэй. Нийт хуурамч мэдээллийн 90 орчим хувь нь фэйсбүүк, дараа нь твиттер, тав орчим хувь нь л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Үүнээс харахад хуурамч мэдээллийг иргэд бид өөрсдөө л түгээж, хөөсрүүлдэг. Үүн дээр нь улс төрийн, гадны улс орны болоод бусад арилжааны компаниудын ашиг сонирхол орж ирж байдаг.

Мэдээлэл бүрийг талх гэж бодвол шууд идэх биш ямар орц найрлагатай, хэзээ үйлдвэрлэгдсэн, хортой юу, хоргүй юу гэдгийг нь харж байж ам руугаа хийх ёстой. Өнөөдрийг хүртэлх ертөнцөд мэдээлэл бол хүч гэж хэлдэг байсан. Энэ цаг үеэс хойш хүнийг хүчгүй болгоё гэвэл мэдээллээр бөмбөгд гэж хэлэх болсон. Ямар ч цензургүй асар их мэдээлэл аваад байвал үүнээс хойш чи улам сул дорой, шийдвэр гаргах чадамжгүй, гаргалаа ч буруу шийдвэр гаргах эрсдэлтэй, тогтсон гүнзгий мэдлэггүй нэгэн болно. Ирээдүйд гаргах шийдвэртээ хамгийн хэрэгтэйг нь ашиглая гэвэл мэдээллээ ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Ignore хийх буюу үл тоох, тэр мэдээллийг тоохгүй хаях чадвартай болох ёстой. Бүх мэдээллийг аваад л сэтгэлээ хөдөлгөөд л, энергиэ зарцуулаад, ойр тойрныхондоо түгээгээд байвал мэдээллээр тоглуулна л гэсэн үг.

Л.МИНЖМАА

Өдрийн сонин