Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд газ тээвэрлэж явсан автомашин шатаж, ослын улмаас 10 хүн нас барсан. Улмаар гал ойролцоох “Edu apartment” орон сууцны барилга руу орсон. Оршин суугчид нь амьдрах нөхцөлгүй болж, түрээсийн байранд амьдарч буй юм.

Оршин суугчдын төлөөлөл өчигдөр Барилга хөгжлийн төвийн удирдлагуудтай уулзаж байх үед нь очиж ярилцлаа.


Оршин суугч Г.Дүүрэнжаргал: -Гал гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Оршин суугчдын нөхцөл байдал ямар байна вэ?

-Галын дүгнэлт гарсан. Барилгыг засварлаад ашиглах боломжтой гэж хоёр талаас ойлголцсон. Одоо хоёр газраас шийдвэр гаргахад болчих юм билээ. Эхнийх нь, Барилгын хөгжлийн төвөөс төсөв магадлал гардаг. Тэр нь гарч байж Хотын захиргаан дээр төсөв нь суугддаг гэнэ. Тэр албан бичиг нь өнөө маргаашгүй явчих юм байна гэж ойлголоо. Хэдийгээр ажиллаж байгаа гэж мэдэгдэж байгаа ч бид яаравчлуулахаар энд ирээд байна. Хоёрт нь, Нийслэлийн хот төлөвлөлтийн газар гэж байгаа. Тэндээс бас энэ ажлыг хэрхэн яаж хийх вэ гэсэн төлөвлөгөөгөө танилцуулах юм байна.

Энэ хоёр магадлал бичиг Хотын захиргаан дээр очиход дараагийн ажил руу орно гэж албаны хүмүүс хэллээ.

-Хүчитгэл хийгээд ашиглах боломжтой гэв үү?

-Бид өөрсдөө ярилцаад хүчитгээд ашигласан нь зөв гэж үзсэн. Хүчитгэх компаниуд ч судалсан байдаг юм байна. Тэр хүмүүс Хотын захиргаан дээр очиж уулзах байх. Түүнд бид оролцох эрхгүй шүү дээ. Ер нь гаргалгаа байгаа. Дүгнэлт гаргасан хүмүүс ч боломжтой талаар хэлж байгаа.

-Хүчитгээл ашиглалтад оруулахад хэр хугацаа орохоор байгаа вэ?

-Ер нь иймэрхүү засварын ажил удах шаардлагагүй. Мэргэжлийн сайн компаниуд орчиход дорхноо л дуусна. Компаниуд бол 2-3 сарын хугацаанд хийчихнэ гэж ярьж байна лээ. Есдүгээр сарын 30-нд оршин суугчдын түрээсийн байрны хугацаа дуусна. Түүнээс өмнө ашиглалтанд оруулна гэсэн. Мэдээж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулаад байх хүсэл хэнд ч байхгүй шүү дээ.

Оршин суугч Д.Ганчимэг:

-Оршин суугчид нэлээд бухимдалтай байх шиг байна. Ямар асуудал үүсээд байна вэ?

-Гал гарснаас хойш яг дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд яг дорвитой арга хэмжээ авагдаагүй. Байр засварын ажил эхлээгүй. Өнөөдөр Хотын захиргаан дээр очиж уулзлаа. Засварын ажил удахгүй эхлэх бололтой. Гэхдээ улсын ажил удаашралтай явагддаг юм байна.

-Танайх хэр хэмжээний хохирол амссан бэ?

-Гал манай гэр рүү ороогүй. Гэхдээ тортог утаа ороод, сантехник хөлдсөн. Гэр дотор байсан ус цэвэршүүлэг, угаалгын машин гээд бүгд таг хөлдсөн. Ерөөсөө гамшгаас гайгүй үлдэнэ гэж байдаггүй юм байна. Хэдий галд өртөөгүй ч бүхий л тавилга маань ямар нэгэн хэмжээгээр хохирол учирчихсан байгаа.

Байр тэр чигээрээ засварт орчихож байгаа учраас хамаг суурилуулсан тавилгаа нурааж авах шаардлагатай. Цахилгаан шат ажиллахгүй учраас өндөр давхраас нүүлгэх явцад яалт ч үгүй эвдрэл гэмтэл гарчихаж байна. Би 2021 онд байрандаа орохдоо 20 гаруй сая төгрөгөөр бүрэн засвар хийсэн. Мөн 10 гаруй сая төгрөгийн шинэ тавилга авсан байсан. Гэтэл гурван жилийн дараа бүрэн засвар маань ямар ч хэрэггүй болчихлоо.

-Одоо түрээсийн байранд амьдарч байна уу?

-Түрээсийн байранд амьдарч байгаа. Түрээсийн мөнгийг нийслэлээс есдүгээр сарын 30 хүртэл өгсөн. Одоо түрээсийн хугацааны ихэнх хугацаа өнгөрчихлөө. Үлдсэн хугацаанд байраа яаралтай засч янзлах хэрэгтэй байна.

Оршин суугчдын төлөөлөгчдийн тэргүүлэгч М.Төрбат:

-Оршин суугчдын хувьд бага болон их хохиролтой янз бүрийн хүмүүс байгаа. Тэдний асуудал яаж шийдэгдэж байна вэ?

-63 өрхийн 220 оршин суугч байгаа. Бид тухайн хууль ёсны нэгдмэл эрх ашгаа хамгаалах зорилгоор хуралдаад төлөөлөгчдийн зөвлөл байгуулсан. Тэргүүлэгчээр нь миний бие томилогдсон. Бага хохиролтой ч, их хохиролтой ч ялгаагүй бүгд тэр байранд амьдрах боломжгүй. Бүгд орох оронгүй, түрээсийн байранд амьдарч байна. Оршин суугчид бидэнд галын дүгнэлтийг танилцуулахгүйгээр олон нийтэд цацсан шүү дээ. Бид дүгнэлтээ тавдугаар сарын 1-ний өдөр авсан. Бүрэн шатсан хоёр айлын л асуудал байгаа. Тэгэхээр ер нь 8.5 хувийн эрсдэлтэй гэж гарсан. Түүнийх нь ихэнх хувь нь 13 дугаар давхарт байгаа. Доошоо ганц нэг давхарт хүчитгэл хийнэ. Үлдсэн нь 90 гаруй хувьд нь асуудалгүй гэж гарсан. Яахав цахилгаан болон сангийн асуудал байгаа.

-Хүчитгэл хийгээд ашиглах нь зөв гэж тохиролцсон гэлээ шүү дээ. Боломжтой юу?

-Хүчитгэлийн 10 гаруй компани байна. Хоёр гурван аргаар хүчитгэл хийдэг юм байна. Боломж байгаа болохоор барилгыг нураах шаардлагагүй. Тэгэхээр бид энэ барилгаа хүчитгэлийг нь хийлгээд засчихад өндөр зардал мөнгө гарахгүй. Хамгийн хялбар боломжтой нь гарц гаргалгаа нь энэ юм. Бид энэ талаар ажлын хэсэгтэй уулзаж энэ саналаа тавьсан. Хүлээн зөвлшөөрсөн, ойлголцсон. Хотын захиргаа, оршин суугчдын төлөөлөгчдийг байлцуулаад боломж гаргаргааг ярилцаж ойлголцоод явж байна.

Тендерийн хуулиар удаашрах эрсдэлтэй. Тиймээс онцгой нөхцөлд хуулийн заалт байдаг юм билээ. Үүний дагуу шийдвэрлээд өгөх байх гэсэн хүлээлттэй байна гэлээ.

Оршин суугчдын хувьд түрээсийн байранд амьдрах нь хүүхдүүдэд хүндээр тусч байгааг онцоллоо. Мөн ахмад настнуудад ч сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа гэнэ. Оршин суугч н.Оюунбат “Манайх асаргааны хоёр хүнтэй. Ээж маань хэвтэрт байдаг. Дүү маань ч асаргаанд байдаг. Байр шатсаны дараа асаргааны хэвтрийн хүнийг нааш цааш өргөж явсаар байгаад ээж маань цоороод хоёр сар гаруй боллоо. Сэтгэл санааны гүн хямралтай байна. Хэзээ хүүхдийнхээ орон гэрт орох вэ, айлын гэрт янз бүшийн болчих вий гэж байнга ярьдаг. Хүүхэд маань сургуульдаа очихоор яг цонхоор нь шатсан байр нь харагддаг. Өдөр болгон тийм байдалтайгаар гэр орноо харсаар бүр нүдний зовхи нь хөхөрчихсөн. Хичээл сурлагын хувьд ч өөрчлөгддөг юм байна” гэлээ.

Б.ЭНХЗАЯА