УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн өөрчлөлтөд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид цол олгодог болох асуудлыг тусгажээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Сарангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар санаачилсан байна.

 УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт соёл, урлаг, биет бус өв бөгөөд эх оронч үзэл санааг дэлгэрэн хөгжихөд өндөр ач холбогдолтой юм.  1996 оноос эхлэн жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр жороо морины уралдааныг зохион байгуулж ирсэн бөгөөд уяачдад цол чимэг олгох зохицуулалт тодорхойгүй байсан юм.  Тиймээс хууль санаачлагчид энэхүү хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Үндэсний баяр наадмын гурав дахь өдөр эрлийз морины уралдаан болдог. Тэгвэл эрлийз морь уяж уралдуулсан уяачдад цол, чимэг олгодог болно гэдэг асуудал бас орж ирэх үү. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-2013 оноос эхлэн зургаан насны монгол мориноос гадна дээд, дунд, бага насны эрлийз морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын уяачдад цол чимэг олгодог болсон. Хуульд зөвхөн жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан морины уяачдад цол олгодог болох асуудлыг тусгасан. Ер нь бол 2013 оноос хойш эрлийз морь гэдэг ойлголтыг монгол төрийн баяр наадамд хэсэг хүмүүсийн санаачилгаар оруулж ирсэн гэлээ.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)