Монгол Улсын Зөвлөх инженер, геологич Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Геологийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хангалттай байна уу?

-Сүүлийн жилүүдэд геологийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хумигдсан. Геологич хүний хувьд энэ тал дээр харамсаж явдаг. Манай орны хууль эрх зүйн орчин тодорхой бус байна. Мөн манай геологи хайгуулын салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт багассан гэж хэлж болно. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч тус салбарт зарцуулах хөрөнгө оруулалт өсөх ёстой байтал харамсалтай нь тэгэхгүй байна. Экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлж байхад салбарын гол хэсэг болох геологийн салбарт хөрөнгө зарахгүй байгаа нь таатай үр дүнд хүргэхгүй юм. Гэхдээ өнөөдөр гомдох, гонгинох биш тэмүүлэлтэй ажиллаж, амьдрах хэрэгтэй. Бид угаасаа л ядуу оронд амьдарч байна. Тиймээс бүгдээрээ тэмүүлэлтэй, зүрх сэтгэлээсээ хийж буй ажилдаа хандах хэрэгтэй байна.

-Ашигт малтмалын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудаас гадны хөрөнгө оруулалт шалтгаалдаг нь ажиглагддаг. Энэ тухай таны бодол ямар байдаг вэ?

-Аливаа том уур уурхай төслийн үр өгөөж урт хугацааны дараа ашгаа өгч эхэлдэг. Талх шиг өнөө шөнө хийгээд маргааш зарчихгүй. Геологийн салбарт хийгдэж байгаа ажлууд ямар зорилготой хийгдэж байна вэ гэдэг бол чухал асуулт. Аливаа геологийн ажил ямар зорилгод хүрэх нь тодорхой байх хэрэгтэй. Яахав, шинээр орд нээж, түүнийг шууд ашиглаж байгаа нь ховор. Гэхдээ шинэ орд нээх, шинэ бүтээн байгуулалтын ажил хийгдэх тал дээр хойрго, учир дутагдалтай байгаа. Нэг үгээр Монгол Улсад геологийн салбарт хөрөнгө оруулах нь боогдмол байдалд хүрсэн. Эдийн засгийн бодлого, гадны хөрөнгө оруулалтын асуудал нь тодорхойгүй байгаа нь геологийн салбар хөгжих боломжийг хумигдуулаж байна.

-Геологийн хайгуулын ажлууд хоцрогдолтой байна уу?

-Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн түлхүүр нь геологийн салбарын хөгжил. Геологийн салбарын судалгааны ажилд маш өндөр зардал шаарддаг. Өнөөгийн байдлаар геологи хайгуулын ажлууд 5-10 жилийн хоцрогдолтой байна. Судалгааны ажлууд таван жилээр хоцорч байна. Эдийн засагчид уул уурхайн салбар Монголын эдийн засгийн амин судас гэдэг. Харин уул уурхайг геологийн салбаргүйгээр төсөөлөшгүй. Ерээд оноос өмнөх геологи, хайгуулын салбарын хөгжлийг эргэн харахад улсын төсвөөс багагүй хөрөнгө мөнгө гаргаж бодит ажлууд хийдэг байжээ. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөс геологийн анхан шатны судалгааны ажлыг явуулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг гаргаж байгаа хэдий ч энэ хөрөнгө оруулалт нь үнэхээр хангалтгүй, мөн нарийвчилсан эрэл, хайгуулын ажилд зарцуулах эдийн засгийн боломжийг хааж байна.

-Цахилгаан автомашины эрэлт тасралтгүй нэмэгдэж байна. Цахилгаан автомашины батерейг бүтээхэд лити нэн шаардлагатай байдаг. Литийн ордыг илрүүлэх, судлах ажил хийгдэж байна уу?

-Лити нь критикал минерал юм. Орчин үеийн цахилгаан машин, механизмыг бүтээх гол түүхий эд. Монгол Улс литийн нөөцөөрөө боломжийг бий болгох боломжтой. Литийн орд байлаа ч түүнийг ашиглах боломжтой эсэх, олборлох технологи ямар байх зэрэг нь маш нарийн төвөгтэй. Тиймээс литийн баяжмалтай газар байлаа гээд шууд олборлолт хийчихгүй. Технологийн өртөг, үнэ, хэмжээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. Энэ чиглэлийн судалгааны ажил их хийгдэж байна. Үүнийг хийхийн тулд цаг хугацаа, боловсон хүчин, хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монгол Улс батерей үйлдвэрлэлийн салбарт хүч сорих боломж бий гэж хардаг.

-Хүмүүс газрын гадарга дээрээс чулуу түүж авах сонирхолтой байгаа нь ажиглагддаг. Бид тэдгээр чулууг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юу?

-Чи их эмзэг асуудал хөндөж байна. Манай орны хувьд гоёл чимэглэлийн чулууг ашиглах, түүний үнэ цэнийг бий болгох тал дээр боломж нь хомс. Жишээлбэл, мөнгөн эдлэлийг бид түгээмэл хэрэглэдэг болохоор мөнгөн эдлэлийн үнэ цэнэ гадны орнуудтай харьцуулахад харьцангуй бага. Алтны тухай ярьж байгаа бол өөр асуудал. Монголчууд олон жилийн түүх, аливаа чулууг ашигладаг арга барил их өөр юм. Геологийн түүхэн процессын үед үнэт чулууг шууд ашиглаж байгаа бодит жишээ бага. Хүмүүс хэрэглэхгүй. Харин болор гэх мэт чулууг барилгын гоёл чигмэглэлийн зорилготой ашиглаж байна. Хүмүүс ийм үнэт чулууг ашиглаж байна, энэ бол үнэт чулуу гэж хэлэх миний хувьд учир дутагдалтай. Манай иргэд хаш хөөрөг гэх мэт хагас үнэт чулуулаг их хэрэглэдэг. Хятадаас гаралтай үнэт чулууг их хэрэглэж байна. Монголоос олборлосон үнэт чулууг хэрэглэж байгаа нь бага. Учир нь тэдгээрийг боловсруулах үйлдвэр манайд байдаггүй