Өнөөдөр Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр” тохиож байна.

Энэ өдрийг одоогоос 70 гаруй жилийн өмнө Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн түүхтэй.

Үндэсний төв архивд хадгалагдаж буй баримтыг судлахад Монгол Улсад 1950-1951 онуудад тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн талаар мэдээлэл хомс байна. Тухайн үеийн төрийн төв хэвлэл “Үнэн” сонины эхний нүүрэнд тэргүүн өгүүлэл, 2-3 дугаар нүүрт манай орны болон ЗХУ-ын хүүхдүүдийн аж амьдрал, сургууль боловсролын талаар өгүүлэл нийтлэгдсэн талаар Архивын ерөнхий газраас мэдээлэв.

 

Харин 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж ирсэн байна.

 

1959 онд 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан бөгөөд уг тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасан байна.

Уг заалтыг НҮБ анхааралдаа авч Хүүхдийн эрхийн тухай конвенцыг 1989 оны 11 дүээр сарын 20-нд Ерөнхий ассамблейн чуулганаар баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна.

Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол Улсын их хурлаас 1996 оны 5 дугаар сарын 8-нд батлан гаргажээ.

Манай оронд 1952 оноос түүхтэй 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баярыг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон бөгөөд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн байна.

Харин 6 дугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр болгосон тухайд: 1990 оны ардчилсан хувьсгалын дараа 1991 онын 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан “Хөдөлмөрийн хууль”-ийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчлан тогтоосон байна. Үүнээс өмнө улс орон даяар 6 дугаар сарын 1-нд амардаггүй, ажил, сургууль, цэцэрлэг бүгд ажилладаг байв.

Энэ тухай зохиолч Н.Надмидын “6 дугаар сарын нэгний өглөө” шүлгээс хэсэгчлэн сийрүүлбэл:

Халуун зуны сайхан өдөр боллоо

Харин би ажиллаж гарна даа.

Нар сайхан мандаад

Найман цаг болж байна.

Ээж нь ажилдаа явъя

Энхрий хүү минь сэр сэр!...

Өнгө өнгийн зүс арьстай

Үндэстэн бүрийн хүүхдүүд

Эв найрамдал, эрх жаргал

Энх тайвны төлөө

Өөрийн тэмцлийн өдрийг

Өргөн дэлгэрээр ёсолж байна. ...

 

Чөлөөт Монгол орны

Цовоо сэргэлэн хүүхдүүд

Хөгжил давшлынхаа энэ өдөр

Хөөрхөн дуугаа дуулж байна.

Малчин, ажилчны хүүхэд бүхэн

Маргаашийг зөгнөн наадаж байна.

Цаг боллоо, хүү минь

Цэцэрлэгт нь хүргэж өгье. /“Үнэн” сонин.-1950.08.01, №127 (4507)/

Архивын ерөнхий газрын хэмжээнд архивд хадгалагдаж буй данс материалд  үзэхэд 1967 оноос “Хүүхдийн баяр”-ыг захиргааны санаачилгаар анх тэмдэглэж байсан бололтой.

 

 

Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос монгол хүүхдийн талаарх зарим тоон мэдээллийг танилцууллаа. 

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Хүүхдүүдийн

  • 51.4 хувь нь эрэгтэй
  • 48.6 хувь нь эмэгтэй 

Улсын хэмжээнд нийт 21,277 ихэр хүүхэд байгаагаас

  • хоёр ихэр 20,852
  • гурван ихэр 402
  • дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байна.

зураг

 

 

зураг