Хуульч Н.Баттогтох: Хавдартай иргэдийн жагсаалтад орсон өвчтөний тоо нь гүйцчихээр эмч эмчлэх боломжгүй гэдэг
2024/06/04
Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар "Наран ижий заяа" төрийн бус байгууллагаас өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д сэтгүүлчдэд хандлаа.
Энэ талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Ариунаа "Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 28,855 хүн хорт хавдрын даван туулагчаар бүртгэгдсэн. Үүнээс 2013 онд 7,244 хүн нэмэгдсэн бол 4,556 нь тэнгэрт дэвшжээ.
Удаан хугацаанд эмчилгээ хийлгэж буй хавдрын даван туулагч нарт шинээр хэрэгжиж эхэлсэн тогтоол, шийдвэр хүндрэл учруулж байна. Төрийн сангаас санхүүжих гэдэг заалтын 2.6.4 дээр эмчийг авлига руу турхиран оруулж буй өгүүлбэр бий.
Тодруулбал орлогын түвшин бага, тухайн өдрийн эмчилгээнд орох ёстой хүнээс сонголт хийнэ гэсэн заалт байгаа. Энэ бол Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг зөрчиж байна. Мөн ялгаварлан гадуурхахгүй, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авна гэдэг боломжгүй боллоо.
Хавдрын эмнэлгийн ачаалал их байгаа тул өдрийн эмчилгээний багцын үнэлгээ гаргаад иргэдийг хувийн эмнэлэг рүү явуулж буй. Энэ эмчилгээний багцад нь хоёр жил гаруй хөөцөлдөж байж оруулсан дааврыг дарангуйлах, өртөг өндөртэй эм хасагдчихлаа. Багцаас хасагдсан учраас ашиггүй гээд хувийн эмнэлгүүд нь хийхээ больсон.
Хавдрын эмчилгээ зогсоход ямар аюул тулгардгийг хүн болгон мэддэггүй. Хавдар задарна, үсэрхийлнэ. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр хаалттай явж иржээ. Бид нар эм тариагаа аваад эдгэрнэ гэсэн бодолтой эмчилгээндээ явдаг байсан бол одоо квот тоо заачихлаа. Хариуцаж буй хүмүүс нь тийм юм байхгүй, яг гүйцэтгэлээрээ санхүүжүүлж байгаа гэж тайлбарлаад байгаа боловч бодит амьдрал дээр зөрж байна.
Нас бага, хавдрын дарангуйлалд орсон иргэд айдастай, хамаагүй юм ярьчихвал эмч маань эмчлэхгүй гэх болов уу. Өрхийн орлогыг тооцож хүн эмчилнэ гэдэг шууд ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр юм" гэж ярилаа.
Түүний дараа даван туулагч "Би хавдраар өвчлөөд таван жил болж байна. Овоо гайгүй болоод ирэх үед уудаг эм маань тасарчихсан. Өмнө нь хавдрын эмийг даатгалаар авдаг байсан ч гурван сарын өмнөөс уг эмийг үнэгүй өгөхөө больсон.
Хавдрын эмийг Моност 96,000, Ази Фармд 105,000-гаар зарж байна. Дээрээс бичиг ирж байж даатгалаар өгнө гээд байдаг, тэгсэн мөртлөө өөрсдөө үнэтэй зардаг" гэсэн юм.
"Үндсэн хуулиас давсан журам хэрэгжиж байгаа учраас иргэдийн эрх зөрчигдөж байна"
Хурлын төгсгөлд хуульч Н.Баттогтох хавдартай иргэдийн хууль эрхзүйн орчны талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Эрүүл Мэндийн Даатгалын тухай хуулийн 9.1.10-т хавдартай иргэдийн химийн болон туяа эмчилгээний төлбөрийг төр 100% хариуцна гэж заасан.
Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д сүрье, хорт хавдар, сэтгэцийн зарим өвчний эмчилгээний төлбөрийг мөн 100% төр хариуцна гэж тусгасан байдаг.
Эндээс үзэхэд хорт хавдартай иргэдийн эмчилгээг төрөөс бүрэн санхүүжүүлэх ёстойг хэнд ч ойлгомжтой байна. Гэтэл бодит амьдрал дээр жишээ авбал иргэн А өнөөдөр хорт хавдраар оношлогдоод харьяа эмнэлгийн байгууллагад очно. Тэгэхээр эмч өөдөөс нь юу хэлдэг вэ гэхээр жагсаалтад орсон өвчтөний тоо нь гүйцсэн байна. Тиймээс эмчлэх боломжгүй гэдэг.
Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн тогтоолоор батлагдсан 2.6.4 дэх заалт. Төлбөрийг төр хариуцах системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшнийг харгалзан үзэж орлого багатай иргэдээс нь сонгож эмчилгээгээ эхэлнэ гээд заачихсан байгаа.
Энэ юуг харуулж байна вэ гэвэл хуулиас давсан журмаар эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаа хийж байна. Хуульдаа эмчилгээ нь үнэгүй гэж байгаа боловч журамдаа хүний тоо заачихсан. Үүнээс болоод эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ хүн бүрд хүрэхгүй байна.
Орлого багатай иргэн гэдгийг хэн тодорхойлох вэ гэхээр нөгөө эмч л шийднэ. Өвчтөнүүдтэй ярилцлага хийж байгаад таныг орлого багатай гэж үзэхгүй юм байна гээд эмчилгээ хийхээс татгалзах эрхтэй. Эндээс эхлээд тус байгууллагын авлигын систем үүсэж буй юм.
Даван туулагч иргэн цаашид амьдрахын тулд эмчдээ авлига өгч байж, орлого багатай мэтээр харагдаад эмчилгээ хийлгэх нөхцөл, боломж нь бүрдэж эхэллээ. Ийм завхрал яагаад үүсэж байна вэ гэвэл уг хуульдаа журам гаргах эрхийг нь олгодог. Тухайлбал эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.2-т зааснаар тоо хэмжээ, шалгуур үзүүлэлт, төлбөр мөнгөтэй холбоотой асуудал тулгарвал салбарын сайд нь журмаар зохицуулахаар зааж өгсөн.
Хуульд нь энэ заалтаа шууд оруулчихвал хүний эрх зөрчсөн гээд Үндсэн Хуулийн Цэц дээр унах эрсдэлтэй. Тийм учраас хуулийн хулгайн арга хэрэглэж сайд нь зарим зүйлийг журмаар зохицуулаарай гээд оруулчихсан. Үндсэн хуулиас давсан журам хэрэгжиж байгаа учраас иргэдийн эрх зөрчигдөж байна" гэж тодотгосон юм.
Зочин · 2024/06/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh