Яамдууд ард түмнийхээ ашиг, сонирхолд л үйлчлэх үүрэгтэй
2024/06/05
Монгол улсын үндсэн хуулийн I бүлгийн V зүйлийн 4-д “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалт байгаа.
Хүн амын нийгмийн хөгжлийн нэгэн амин чухал нөхцөл, хүчин зүйл бол тохилог орон сууц юм. Гэтэл Монголд тохилог орон сууцны нэг метр квадратын үнэ өөрийн өртөгнөөсөө 3-5 дахин их байна. Энэ бол зэрлэг өндөр үнэ, мөлжлөг, зөвхөн эдийн засгийн алуурчдын хийж чадах хүний мөсгүй үйлдэл, монополын дээд монопол үнэ, ашиг мөн. Яармагт баригдаж байгаа нэгэн сууцны метр квадратын үнэ барилгын материал ховордсон гээд нэг сая төгрөг, Хотын захиргаа яармагруу нүүж ирнэ гээд нэг сая төгрөг, хожуухан нь баячуудын хорооллын жишигт нийцүүлж байгаа гээд мөн нэг сая төгрөгөөр нэмэгджээ.
Барилга, хот байгуулалтын яам ажлаа мэддэг, үндсэн хуулийн заалтын дагуу “зохицуулалт хийдэг” бол ядаж л орон сууцны нэг метр квадратын өөрийн өртгийг дундачлан бодож тогтоогоод, дээр нь барилгын үйлдвэрлэлийн ашгийг нэмээд, байж болох үнийг нь нийтэд мэдээлж байх учиртай билээ.
“Чөлөөт зах зээлийн нөхцөлд гээд, эрэлт ба нийлүүлэлтийн онцлог гээд, худалдан авах чадвартай эрэлтийн хэмжээ гээд” хэтэрсэн, даварсан мөлжлөгийг зоргоор нь орхиж болохгүй шүү дээ. Энэ монопол үнэ дээр банкны зээлийн өндөр хүү нэмэгдэхлээр Монголд залуу гэр бүл хоёр өрөө байрны үнэ төлсөөр л хөгшрөх нөхцөл бүрдээд байна. Энэ бол хүн амын нийгмийн хөгжилд учраад байгаа том бэрхшээл, олон талын хорлол авч ирэх мөлжлөг, хүн амын 60-70 хувийг ядууруулах араатанлаг шунахайрал, ховор бүхнийг ашиглан хийж буй дээрэм, эдийн засгийн гэмт хэрэг юм. Өнөөдрийн Монголд том дарга нар, том баячууд бараг толгой дараалан мөлжигчид болчихлоо. Улаанбаатарт гэхэд л өндөр үнээр дамлаж болдог зүйл бол байрлал сайтай газар, орон сууц. Энэ хоёр хоёулаа л баячууд, дарга нарын гарт байдаг. Өөрийн өртгийг нь 3-6 нугалж (метр квадратын үнэ) зардаг. Хурдан борлуулахын тулд банкуудтай эвсэж 8 хувийн хүүтэй зээл олгож иргэдийг давхар хохироодог. Ингэснээр орон сууцны метр квадратын үнэ өөрийн өртөгнөөсөө 4-6 нугарч зарагдаж байна. Баячууд монопол өндөр ашиг олж, ард иргэд өндөр хүүтэй зээл төлсөөр л өтөлж, өвгөрч байна. Дэлхийн дундаж үнээс олон дахин их үнээр борлогдож байгаа эм, тариа, анагаах чадваргүй хулхи эм, тариа бол манай эрүүлийг хамгаалах яам бас л ажлаа хийхгүй, мэдэхгүй байгаагийн илрэл, гэмт хэргийг өөгшүүлж авлига – мафийн сүлжээнд автагдсаны үр дагавар болно.
Хүн амынхаа амин чухал хэрэгцээтэй холбоотой (байр сууц, эм тариа, хүнсний болон өргөн хэрэглээний бараа) үйлдвэр, үйлчилгээний үнэ, тарифыг байж болох, тэвчиж болох хэмжээ, түвшинд нь төрөөс зохицуулахыг үндсэн хуулиндаа тусгаж, баталсан улс гэдгээ холбогдох яамны сайд нар мэддэг, сахидаг байх үүрэгтэй.
Энэ үүргээ мэддэг, сахидаг мэргэжилтнүүд, түшмэдүүд яамдуудад ажиллаж байх ёстой. Төрийн албаны шалгалтанд энэ талын асуултууд ч тусгагдсан байх учиртай. Мэдлэг ч үгүй, сэтгэл ч үгүй, хариуцлага ч үгүй элдэв зүсмийн шахааны хүмүүсээр яамдууд дүүрчих аваас Монгол улс бүхлээрээ, бүтнээрээ дэлхийн хэмжээнд жинхнээрээ “улны улс” болж хувирах болно. “Там гэдэг чинь тэнгэрт, тэртээд, хол байдаг эрүү шүүлт, халуун тогоо биш, Тамтаггүй явах аваас тав алхаад унадаг хар нүх юм шүү” гэдэг үг байдаг даа! Барилга, сууц барих газар, элдэв зөвшөөрөл, ашиглалтанд хүлээн авах комисс мэттэй холбоотой төрийн албан хаагчдын зарим нь олон сууц, олон грааштай болчихсон, тэднийгээ түрээслээд л сууцгааж байх болжээ.
Үндэслэлгүй баяжсан нь ч цөөн биш…Мөнгөөр, орон сууцаар, граашаар авлига аваад л 30 гаруй жил болжээ. Энэ байдлыг заснаа, залруулнаа, буруутныг цээрлүүлнээ гэж ярьсаар, амласаар бас л 20 гаруй жил болчихлоо. Сөрөг, муу юманд ч гэсэн нас, хэмжээ гэж баймаар даа…
Хулгайлж хумсалж болох, үнийг нь олон дахин өсгөн зарж болох бүтээгдэхүүн, ажил бол Монголд автозам, сууц хоёр юм. Хатуу хучилттай автозамын өргөнөөс нь ч идэж болдог, бас зузаанаас нь ч идэж болдог, чанаргүй материал ашиглаад ч идэж болдог, ажилчдын цалингаас ч идэж болдог ажээ. Иймээс л “зам дагаж хөгжил ирдэг” хэмээн хөөрөгдөж, доргиож байгаад хэдхэн сарын дараа л энхэл донхол болчихдог зам тавиад л монопол өндөр ашиг олж байна. Гэр орон, идэх хоол, уух эм, өмсөх хувцасгүй шахам байдлыг нь ашиглаад хүн ардаа мөлждөг хөрөнгөлөг давхраа Монголд буй болчихжээ. Төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээ бараг л 100 хувь авилгажиж, мөлжлөгийн нэр төрөл боллоо. “Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, дарга нар өөрсдөө баяжих аргыг бол гаргууд сайн мэддэг, харин ард иргэдээ элбэг хангалуун болгох аргыг бол огт мэддэггүй. Энэ бол орчин үеийн Монголын нийгмийн өвөрмөц онцлог юм” гэж ойлгосон гадаадын иргэд надтай тааралдсан юм шүү.
30 гаруй жилийн туршид яг л ийм байсан болохоор гадаадын судлаачид ингэж ойлгох, дүгнэх нь ч аргагүй билээ. Манай намууд, тэдгээрийн лидерүүдийн нэр төр бүр ийм хэмжээнд хүртлээ унажээ.
Улсын төсвөөс хөрөнгө гаргаж худалдан авах том, томоохон гэрээ, хэлэлцээр бүхэн л хулгай, луйврыг дагуулжээ. Улсын нууцад оруулсан гэрээ, хэлэлцээр, өршөөлийн хууль бүхэн мөн л олон олон шударга бусыг, луйвар, хулгайг нууж байжээ. Ингээд бодохлоор Монголд маань ардын төр байгаа юм уу? Төр, нам хоёр нь хоёулаа мөлжлөг, авлига, хулгай, луйврын нууц, далд эзэд болчихсон юм биш үү? Хатуу хучилттай зам тавихад зориулж гаргасан мөнгөний 30 орчим хувь нь элдэв аргаар хулгайлагдаж, төрийн өмчид суурилсан үйлдвэр, аж ахуйн газруудын ашиг, орлогын мөн л 30 орчим хувь нь элдэв шахаа, чавчаагаар хулгайлагджээ. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгад зориулж гаргасан хөрөнгийн мөн л 30 орчим хувь нь хүйтэн гараар оржээ. Хот өргөжих, барилгажих нь батлагдсан зураг, төслийн дагуу хийгддэг, хатуу хяналт, шалгалтын доор оршдог үйл ажиллагаа билээ. Гэтэл нийслэл хот маань “бетонин ширэнгэн ой, түгжрэл, бухимдлын, мөн угаарын хий, хортой тоосонцрын аюултай орчин” болж хувирлаа. Богд уулын маань ам бүхэн боловсрол болон ёс суртахууны доройтолд орчихсон, бүдүүлэгдүүхэн жижиг хөрөнгөтнүүдийн хотхонууд болчихлоо. Дархан цаазтай гэгдэх энэ уулын эко систем доройтсоор л байна. Удахгүй цөлжиж, нүцгэрсэн хад асга, хогонд дарагдсан гуу жалга болж л хувирах байх даа.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Зочин · 2024/06/06
SHAAX XALYYXN80955877ERD
Зочин · 2024/06/06
SEXSDN80955877TSAGN DYRAAR
Зочин · 2024/06/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh