Цаг уурын мэдээний сүржигнэл арай хэтэрхий юм
2024/06/10
Орчин үед цаг уурын мэдээллийг хүмүүс их сонсдог болжээ. Ерөөсөө сонсохгүй, анхаарахгүй байхын аргагүйгээр цаг агаарын мэдээллээр бөмбөгддөг болчихлоо. Цаг агаарын мэдээ гол хөтөлбөрийнх нь нэг болтол “хөгжсөн” байгаа телевиз ч байна.
Телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлчид үзэгчийн анхаарлыг татаж хувцаслах хориотой байдаг. Тэгвэл цаг агаарын мэдээллийн хөтлөгчид үүний эсрэг болсон. Үзэгчдийг дэлгэцийн өмнө уяхын тулд гоё, гоё охид бүсгүйчүүд, залуус мэргэжил харгалзахгүй бас дээр нь бараг шалдан ажиллуулах нь ч бий.
Радио фм, сонин, сайтуудад ч цаг агаарын мэдээ гол байр суурь эзэлж байна. Дээр нь иргэдийн гар утсан дээр мэдээлэл нь ирдэг. Тэр мэдээллүүд нь маш нарийвчлалтай. Тэр тэр газраар тийм хүчтэй салхилж, шороон шуурга шуурна гэх мэт хэтэрхий детальчилж зарладаг болж байгаа. Ингээд харвал бид хэтэрхий сүржигнэдэг болжээ. Цаг агаарын мэдээг хүний үзэх, харах, унших бүх мэдрэхүйд өдөр бүр давтамжтай мэдээлдэг, тэр нь бүгд сөрөг буюу салхи шуурга шуурна, цас бороо орно, тэнгэр муухайрна гэсэн муу мэдээ байхаар хүнд нэг төрлийн айдас бий болгодог юм байна. Улаанбаатарчууд одоо хөдөө явж чадахаа больж байна. Цаг агаар харахад л долоо хоногт таатай өдөр гэж бараг үгүй. Өглөө нар гарах ч өдөр тийш салхи шуургатай, эсвэл бороо цастай гэх агуулга заавал байж таардаг.
Хөдөөнийхөн ч ялгаагүй. Хэд хоног үзэгдээгүй адуундаа мордохын тулд заавал цаг агаарт уягддаг. Тэдэн метр секундын хүчтэй салхитай, түүний дараа аадар бороотой гэж ирээд л зуны турш мэдээлнэ. Борооны түрүүнд шороо гэдэг.
Бороо орохын өмнөх тэнгэр муухайрч шуурдаг эрт үеэс л байж ирсэн шүү дээ. Байгаль ийм л байж ирсэн. Өнөөдөр ийм л байна. Гэтэл одоо бол мэдээ хараад л ухаан алдах нь холгүй байна. Ингэтэл нь хүмүүсийг цаг агаарын мэдээтэй хамаатай болгочихжээ. Нэг талдаа энэ бол бидний мэдээлэлтэй харьцаж сураагүйн илрэл. Бүх сувгаар мэдээллээр бөмбөгдүүлдэг. Тэр мэдээндээ живчихсэн, харсан уншсан болгондоо итгэж, үнэмшдэг. Сүжирдэг, сүржигнэдэг байдал монголчуудын дунд бий. Үүнийг мэдээллийн боловсролгүй иргэд гэдэг. Үүний нэг илрэл нь энэ цаг агаарын мэдээлэлд хэт автдаг явдал. Бүр тодорхой хэлбэл, цаг агаарын синдром ч гэж нэрлэж болохоор хэмжээнд бид нийтээрээ оччихоод байх шиг байна.
Жилийн жилд хавар гол мөрөн гэснэ, намар усных нь түвшин нэмэгдэнэ, үер ус болно. Дэлхий үүсээд дөрвөн тэрбум жил өнгөрсөн нь хол юм гэхэд наанадаж сүүлийн 200, 300 сая жилийн хугацаанд байгаль цаг уур ийм л байсан. Цас бороо ордог, үер буудаг, тэнгэр муухайрдаг, салхи шуурга тавьдаг. Энэ хугацаанд байгалийн энэ үзэгдлүүдэд юу ч нэмэгдээгүй, юу ч хасагдаагүй. Эль-нино гэх Номхон далайн гадаргууны усны температур ялимгүй халах үзэгдлээс улбаалж энэ бөмбөрцгийн цаг агаарт нөлөөлдөг. Энэ жил бүр болдог үзэгдэл. Түүнээс биш дэлхий сөнөх гээд байгаа явдал биш юм. Гэтэл манайхны ярьж хэлж байгааг сонсоод зүрх алдам, энэ жилийн эцсийн жил, үүнээс цааш эль нино нь байхгүй болж эль няна нь эхлэх гэж байна гэж ирээд сүржигнэх. Ямар нэгэн галавь юүлэх ч юм шиг.
Хоёр хоногийн өмнө гэхэд Улаанбаатарт бараг аюулын дохио зарлах нь холгүй боллоо. Үер бууж, энд тэндгүй аюул учрах эрсдэлтэй гэж урьд өдөржин анхаарууллаа. Үүнээс айсан иргэд ажил амьдралаа зохицуулах гэж багагүй будилжээ. Зарим айлууд хүүхдээ сургуульд нь явуулаагүй талаар сошиал сүлжээнд хуваалцсан байв. Гэтэл товлосон өдөр нь юмнаас гэмгүй, бороо багахан орж, салхилаад л өнгөрчихлөө. Өдөржин аадар бууж үер болох вий гэсэн айдаснаас болж хүмүүс эдийн засаг, цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр хохирчихож байгаа юм. Мэдээж аливаа эрсдэлийг сэрэмжлүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ аливаа зүйл хэмжээ хязгаартай, цаг нартай байхгүй бол саяны борооны үлгэр шиг л болсоор байна.
Өвлийн улирал бол өөр л дөө. Цас,жавар, цасан шуурганд сүржигнэхээс аргагүй. Харин дулааны улиралд бид арай л ажил хэрэгч баймаар байна. Монголд ажил явуулах гуравхан сар байдаг нь зуны улирал. Өдөр бүрийн цаг агаарын мэдээллээс эмээж зуслангийн байшин барихаа эхлүүлж чадахгүй намар болгох нь байна.
Ядаж зуны улирлын цаг агаарын мэдээллийг багасгах хэрэгтэй. Мэдээллээ гэхэд нарлаг дулаан өдөр болох тухай түлхүү мэдээлдэг болъё. Өнөөдрийг хүртэл гэгээлэг цаг уурын мэдээ маш ховор. Өдрийн аль нэг хэсэгт заавал тэнгэр муухайрч, салхи шуурга, бороо цастай гэж мэдээлэх юм. Цаг уур өнөөдөр нарлаг дулаахан өдөр болох нь ээ гэж хэлж байгааг би лав дуулаагүй өдий хүрлээ. Тэнгэр хангайн үзэгдэл ямар ч үед байсаар ирсэн. Хөдөөний хөгшчүүд “Байгаль цаг уур өөрчлөгдөөгүй ээ. Хэвээрээ байна аа” гэлцдэг. Тиймээс цаг агаарын синдромоосоо салж, зуны дэлгэр цагт тайван амгалан ажиллаж амьдрахаа бодъё.
Б.ЭНХЗАЯА
Зочин · 2024/06/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/10
TSAGN80955877UILCHLGE
Зочин · 2024/06/10
DYYDLGN80955877
Зочин · 2024/06/10
ANUSDI80955877