Хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 5.7 хувиар өсжээ
2024/06/12
Үндэсний статистикийн хорооноос хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээний бүлгийн үнийн талаар шинэ тайлан гаргажээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.
Харин инфляцийн түвшний хувьд өнгөрөн сард өмнөх оны 11.3 хувиас 5.6 хувь буурсан буюу тавдугаар сарын байдлаар 5.7 хувьтай гарчээ.
Мөн улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ хоёр нэгж хувь(35.2 хувь)-аар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувь(55.1 хувь)-аар нөлөөлсөн үзүүлэлттэй гарсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.5 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2. 2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.