Сонгуулийн сурталчилгаа эхэлж улс төрчдийн халуухан үзэлцээн ид өрнөж буй эдгээр өдрүүдэд олон л юм үзэх бололтой. Тухайлбал, сошиалд нэр дэвшигч П.Мөнхтулга цагдаагаас сонгууль хууль зөрчсөн гэж намайг шалгалаа хэмээсэн.

Тэгвэл үүний хариуд Б.Энхбаяр түүнийг хууль сахиулах байгууллагыг оролцуулж худал мэдээлэл тараалаа гэж мэдэгдэв. Ингээд талуудын байр суурийг хүргэж байна.

 

Б.Энхбаяр: Сонгуулийн улс төржилтөндөө хууль сахиулах байгууллагыг оролцуулан худал мэдээлэл тарааж, акц хийхгүй байх, ийм худал мэдээлэлд автахгүй байхыг иргэд, сонгогчиддоо анхааруулья

Тэрбээр "УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшигч “М” нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол, мэдээллийг Архангай аймгийн Цагдаагийн байгууллагад ирүүлсэн байх ба өөрийг нь дуудаагүй байхад, сайн дураараа цагдаагийн байгууллагад ирж, улмаар өөрийг нь баривчиллаа гэх илт худал мэдээлэл түгээсэн. Сонгуулийн улс төржилтөндөө хууль сахиулах байгууллагыг оролцуулан худал мэдээлэл тарааж, акц хийхгүй байх, ийм худал мэдээлэлд автахгүй байхыг иргэд, сонгогчиддоо анхааруулья" гэлээ.

П.МӨНХТУЛГА: Сонгуулийн сурталчилгааны нээлтээ Архангайд хийх үеэр цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авлаа

УИХ-ын сонгуулийн I тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч П.Мөнхтулгыг Архангай аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж байхад нь Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар цагдаагийн хамгаалалтад авч явсан байна.

Түүнийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр ийн байцаалт авахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, түүнийг багийн дарга нарт компьютер авч өгсөн нь хууль зөрчиж байна гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авчээ.

Энэ талаараа нэр дэвшигч П.Мөнхтулга "Сонгуулийн сурталчилгааны нээлтээ Архангайд хийх үеэр цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авлаа. Намайг Сонгуулийн хууль зөрчсөн учраас нэр дэвшилтээс татах үндэслэл бий болсон гэж байна. Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Би Сонгуулийн хууль зөрчөөгүй . Төрийн албанд ажиллаж байгаагүй.

Сонгуулийн жил эхэлснээс хойш нэг ч хүнд мөнгө тараагаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Харин багийн дарга нарт би зуднаар мал тооллогын мэдээгээ дамжуулах интернэт сем уншдаг нөүтбүүк өгсөн. 2023 оны арванхоёрдугаар сарын 27, 28-нд өгсөн учраас сонгуулийн хууль зөрчихгүй" гэлээ.