Үндэсний баяр наадам болж буй энэ үед Узбекистан улсын иргэн, дугуйгаар аялагч Хурсанд Шеров нийслэлийн төв талбайд хүрэлцэн иржээ.

Тэрбээр “Торгоны зам” дагуу Ташкент-Шымкент-Тараз-Алма-Ата-Алтайн хязгаар-Улаанбаатар гэсэн чиглэлээр 7000 км замыг туулснаар дугуйн аяллаа амжилттай дуусгалаа. Монголын үндэсний баяр болох Наадмын өдрүүдэд Улаанбаатарт ирнэ гэсэн зорилгодоо тэрбээр хүрч чаджээ.

 

Сүхбаатарын талбайд ирсэн даруйдаа Хурсанд дуу дуулахад цугласан олон түүний гайхалтай цээл хоолойг бахархан сонсож байлаа. Хурсанд бол мэргэжлийн дуурийн дуучин хүн бөгөөд аялалд гарахын өмнө болон барианд орсныхоо дараа заавал дуу дуулдаг ажээ. 

 

Ингэснээр тэрбээр хүмүүст баяр баясгаланг бэлэглэдэг бөгөөд дуу бол эв найрамдлын бэлгэ тэмдэг билээ. Тэгээд ч Хурсанд гэдэг нэрийг узбек хэлнээс буулгавал “Баяр баясгалан” гэсэн утгатай бөгөөд энэ нь санамсаргүй хэрэг биш бөлгөө. Бидний ярилцлага Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНУзбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн урилгаар Узбекстанд хийсэн төрийн айлчлалын тухай сэдвээр эхэллээ.

 

-Таны аялал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Узбекистан улсад хийсэн айлчлалтай холбоотой юу?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал спорт, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор би Монгол руу дугуй аялал хийхээр шийдсэн юм. Аяллаа Ташкентаас эхлэх тэр үед миний дамжин өнгөрөх улс орнуудын элчин сайд нар намайг үдэн гаргаж өгсөн.

 

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? Та хэрхэн дуурийн дуучин болсон бэ?

 

Би Узбекистаны Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучны мэргэжлээр төгссөнийхөө дараа театр болон эстрад-симфони найрал хөгжмийн гоцлол дуучнаар ажиллаж байсан. 

 

-Чухам юуны учир дуурийн дуучин хүн спортоор хичээллэж, дугуйгаар аялахаар шийдсэн бэ? 

 

– Үүний шалтгаан нь миний эрүүл мэндийн байдалтай холбоотой. 2000 онд би Узбекистаны Радио, телевизийн дэргэдэх Батыр Закировын нэрэмжит эстрад-симфони найрал хөгжмийн гоцлол дуучнаар ажиллаж байхдаа Төрийн шагнал олгохын өмнөх тайлан концертод оролцож байсан юм. Концертын үеэр миний бие гэнэт муудсан боловч би концертыг дуустал нь тэслээ. Шинжилгээ хийлгэхэд зүрхний ишеми өвчний шинж тэмдэг илэрсэн тул би маш их цочирдсон. Залуудаа би тамхи татдаггүй, архи амсдаггүй байсан юм. Олон эмч намайг үзсэн, харин тавдахь эмч болох Зөвлөлтийн алдартай эмч Евгений Чазовын шавь асан Равшанбек Курбанов гэдэг профессор “энэ бол мэдрэлийн гаралтай зүрхний өвчин” гэж оношлоод, спортоор хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг зөвлөсөн юм. Мөн эмч нар хүзүү нурууны шохойжилт гэдэг онош тавьсан. Хүүхэд байхдаа би зам тээврийн осолд орж, 4 жил 45 хоног хэвтэрт байсан нь ийм өвчний шалтгаан болсон байна. Харин одоо би амьд, эрүүл саруул байна. Эртний Грекийн суут гүн ухаантан Аристотель хэлэхдээ “Хөдөлгөөн бол амьдрал, амьдрал бол хөдөлгөөн” гэсэн байдаг. Би чухамдаа энэ уриан дор амьдарч байгаа хүн.

 

Би олон ном уншсан, тэдгээрийн дотор Америкийн нэрт эрдэмтэн Пол Брэггийн “Өлсөхүйн гайхамшиг” гэдэг номыг уншаад өөр дээрээ туршиж үзсэн удаатай. Ингээд би спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 5 сарын дараа миний зүрх өвдөхөө больсон. Нэг үгээр хэлбэл, спортоор хичээллэсэн нь намайг дугуйн аялалд хөтөлсөн юм. Би бол Узбекистаны анхны дугуйгаар аялагч хүн. 

 

Хурсанд Шеровын ярьснаар, Монголын хилээр нэвтэрч, өргөн уудам тэгш тал нутгийг хараад түүний сэтгэл ихэд хөдөлжээ. Мэдээж хэрэг, бороо орох, хүйтрэх, дугуй эвдрэх, шөнө дунд майхных нь дэргэд чоно улих гэх мэт олон саад бэрхшээлтэй тулгарч байв. Тэрбээр “VOX” дугуйныхаа дөрөөг жийхийн сацуу 54 кг хүнд ачааг тээж явжээ. Энэ бол түүний хувцас, хоол хүнс, бусад зүйл юм. Хүчтэй шуурч байх үед ийм хүнд ачаатайгаар өндөр уулсын оргил өөд гарна гэдэг бол амар зүйл биш ээ. Гэхдээ энэ бүхэн бол, түүний хувьд түр зуурын бэрхшээл төдий ажээ.  Хамгийн гол нь, дугуйтай аялал бол спорт, урлаг, эв найрамдал гэсэн гурван чухал зүйлийг өөртөө агуулдагт оршино. Спортод хил хязгаар гэж үгүй бөгөөд очсон улс орон болгонд түүнийг халуун дотноор, баяртайгаар угтан авдаг.

 

Х.Шеровын шүтээн бол Зөвлөлтийн нэрт дуучин Мусим Магомаев бөгөөд Хурсанд бүх аяллаа түүнд зориулдаг. Нэгэн удаагийн аяллаар М.Магомаевын төрсөн өдрөөр Москвад ирэх үед Хурсандыг алдарт дуучны гэргий, нэрт дуучин Тамара Синявская угтан авчээ. 

 

Х.Шеров 2013 оноос дугуйгаар аялж эхэлсэн бөгөөд жил бүр 10-20 мянган км-ийн зайд ганцаарчилсан аялал хийдэг. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Орос, Казахстан, Киргиз, Хятад зэрэг улс орнуудаар аялжээ. Ярилцлагын төгсгөлд ойрын жилүүдэд хаашаа аялах гэж байгаа талаар нь сонирхсон боловч Хурсанд энэ талаар ярьсангүй, учир нь, цагаан хэл ам хүрэхээс болгоомжилж байгаа ажээ. 

 

Б.Адъяахүү

montsame.mn