УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн үйл явдлаас ярилцлагаа эхэлье. 21 настай залуу цагдан хоригдож байх явцдаа харамсалтайгаар амиа алдлаа. Ардчилсан хүчнийхэн хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тууштай дуугарсаар, тэмцсээр ирсэн намын хувьд уг асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Юуны өмнө амь насаа алдсан хүүгийн эцэг эх, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хэргийг хүний эрх талаасаа маш сайн анзаарч харах ёстой. Цагдан хоригдож байх явцад эрүү шүүлт тулгасан уу, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байсан уу гэдгийг эхлээд шалгаж, тогтоох ёстой.

Наанадаж уг харамсалтай явдлын талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхдөө тухайн хүний эмзэг хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх нь хэр зохистой вэ. Ямар, ямар хэрэгт сэжигтнээр татагдаж байсан зэрэг бүх мэдээллийг нь ил гаргасан. Хүний хувийн нэр төрд халдсан. Хэдийгээр тухайн иргэн сэжиглэгдэж байсан ч тэр хүний эрх хангагдах ёстой. Хүний хувийн мэдээлэл нууц байх ёстой.

Ер нь төрийн байгууллага, шүүх, хүчний байгууллагууд үүнийг хамгийн түрүүнд анхаарч ажилламаар байна. Манайд яагаад ийм асуудлууд гараад байна. Шүүхийн байгууллага, мөрдөн байцаах байгууллагууд алдаа дутагдал гаргаж байна уу, хүний эрхийг хангаж чадаж байна уу гэдгээ анхаарч ажиллах ёстой.

Хоёрдугаарт, ямарваа иргэн сэжигтнээр татагдаж хорих байгууллагын хаалгаар эрүүл орсон бол тэр газраас эрүүл л гарч ирэх ёстой. Эрүүл мэндийн байдал нь дордох ёсгүй. Гэтэл сүүлийн үед эрүүл ороод эрүүл мэндээрээ хохирох ч юм уу, амь насаа алдах зэрэг харамсалтай кейсүүд нэг биш удаа гарсан байна.

Би үүгээр цагдаагийн байгууллага ч юмуу, шүүх, эрүүл мэнд, хүчний байгууллагыг буруутгах гээгүй. Тогтолцооны гажуудлаа бодитоор харж өөрчлөлт хийж засах ёстой. Тиймээс асуудлыг нээлттэй хэлэлцэх сонсгол хийж тал талын мэдээллийг авч, хаана хүний эрх зөрчигдөж байна гэдгийг гаргаж ирж шийдэх ёстой гэж харж байгаа.

Хамгийн чухал нь шийдэл. Олон жил бие биеэ үгүйсгэж, буруутгаж ирлээ. Одоо бүх асуудлаа ил тод ярилцаж тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Дахиад олон хүний эрх, амь нас битгий хохироосой гэж хүсч байна. Саяны кейс бол маш харамсалтай байлаа. 21-хэн настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа сайхан залуу амь насаа алдах ямар харуусмаар вэ.

Дөрөвдүгээрт, хорих ангиуд, СЭМҮТ, асрамжийн газрууд ч гэдэг юмуу хаалттай хаалга бүрийн цаана хүнийг яаж сэтгэл зүйн дарамтад оруулж, хүчирхийлж байгааг нийтээрээ олон жил ярилаа. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдээ уриалж газар дээр нь очиж танилцаад өөрчлөх арга шийдлээ гаргаад ирье. Эрх зүйн өөрчлөлт оруулахаар байвал зохих хуульд нь өөрчлөлт оруулъя гэж бодож байгаа. Энэ саналаа ч цааш нь уламжилж, бодит болгоно.

-Тогтолцооны өөрчлөлт гэдгийг тодорхой ярихгүй юу?

-Манай улс хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна хэмээн тунхагласан. Үүнийгээ хангаж чадаж байна уу гэдгээ бид эргээд харах цаг нь болжээ.

Цагдаа хүчнийхэн мэдээж хууль сахиулах үүрэгтэй. Нөгөө талаас хэдийгээр тухайн иргэний эрх хязгаарлагдсан ч хүмүүнлэг үйлчилгээг авах эрхтэй. Тиймээс ч хорих байгууллагуудад нийгмийн ажилтан гэж байдаг байх. Мөн эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг байгууллагууд ч бий. Тэдгээр ажилтнууд хоорондоо хэр уялдаатай ажилладаг вэ гэдгийг мэдмээр байна.

Мөн цагдааг илүү иргэншүүлэх ёстой. Иргэнд, нийгэмд хүрч үйлчилдэг байх ёстой шүү дээ. Тиймээс аливаа асуудалд хандахдаа хүний эрхийг нэн тэргүүнд хангаж, эрхэмлэх ёстой. Тухайн хүний эрх нь тодорхой хүрээнд хязгаарлагдсан ч бусдын адил эрүүл мэнд болоод бусад үйлчилгээ, эрхээ хангуулах ёстой шүү дээ.

-Та бол хэвлэлийн салбараас УИХ-ын гишүүн болсон хүн. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө хэр хангагдаж байна, хэвлэлийн салбарын өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ?

-Анх 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалттай. Тухайн үед гадаадын байгууллага, олон улсын экспертүүд, хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэлээд олон судалгаанд үндэслэж уг хуулийг баталж байсан.

Хэвлэлийн эрх чөлөө нь өөрөө маш эмзэг. Миний санаж байгаагаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд 1998 оноос хойш 12 удаа өөрчлөлт хийхээр оролдож байсан ч УИХ-ын босгыг даваагүй. Тиймээс энэхүү хуульд амархан гар хүрээд, өөрчлөөд байдаггүй эмзэг хууль л даа.

Биднийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход манай салбарынхан ч тэр, олон нийт ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө хангагдахгүй байна. Хангаж өгөөч гэсэн. Бид үүнд ажлын хэсэг байгуулсан. Ямартаа ч эхлээд хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа, ТББ-тай томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулъя гэж бодож байгаа.

Есдүгээр сарын эхээр хэвлэл мэдээллийн төлөөллийн байгууллагууд, олон нийт, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулаад ямар асуудал хаана байгаа талаар асуудлаа ярилцаж, хэлэлцүүлэг хийнэ.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 21 байр ухарсан. Ардчиллын индексээр ч ялгаагүй ухарсан. Ер нь хэвлэлийн эрх чөлөө ардчилалд ямар нөлөөтэй болох талаар ярихгүй юу?

-Хэвлэлийн эрх чөлөө хангагдаж байж мэдээлэл нь үнэн бодитой шуурхай байдаг. Уг мэдээлэлд үндэслэж олон нийт төрийн эрхийг барихад оролцдог гэхчлэнгээр суурь эрхүүд хэвлэлийн эрх чөлөөтэй холбогддог.

Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд дээр хэлсэнчлэн тийм амар гар дүрдэггүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн бус байгууллагууд дэргэддээ хэвлэлийн байгууллага байгуулахыг хориглосон заалт байдаг. Гэтэл өнөөдөр бүх төрийн байгууллага дэргэдээ хэвлэлийн албатай байна. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн байгууллага байна гэсэн үг. Түүгээрээ хүссэн мэдээллээ өөрсдөө бэлтгээд цац гээд өгчихөж байна. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлаад бүгдийг гаргаж ирэх хэвлэл мэдээллийн хийх ажлыг төрийн байгууллагууд хийгээд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээлтийн ажлууд хийгээд байна шүү дээ. Энэ зөрчигдөж байгаа нэг заалт мөн үү гэвэл мөн.

Хоёрдугаарт, Төрийн болон албаны нууцын тухай хуулиар олон мэдээллийг нууцын зэрэглэлд оруулчихсан. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагууд төрд байгаа мэдээллийг ямар нэг байдлаар олж аваад эх сурвалжаа нуугаад гаргачихдаг. Тэр нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл болж таараад хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүс буруутгагдаад байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулиар өнөөдөр төрийн 565 мэдээлэл нууцлалд байна. Зөвхөн 67 мэдээлэл нээлттэй ч гэдэг юмуу хязгаарлаад өгчихсөн. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллага руу ороод мэдээлэл авч болохгүй, хаалттай болгочихоод байгаа юм. Тиймээс тодорхой хүрээнд зохих мэдээллийг нээлттэй болгомоор байна. Нууцын зэрэглэл дор олон мэдээллийг нуун дарагдуулчихаад хэн нэгэн улстөрчийн дохиогоор гаргая гэсэн үед нь мэдээллийг гаргаж болохгүй. Гэх зэргээр ямар ямар асуудал байна вэ гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагынхантайгаа уулзаж ярилцах хэрэгтэй байгаа юм.

-Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх товтой байгаа вэ?

-УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бидэнд наймдугаар сарын 10-наас хойш ээлжит бус чуулган хуралдуулах товтой байна гэсэн мэдээллийг өгсөн. Үүгээр төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Учир нь Засгийн газрын шинэ бүтэц байгуулагдсан. Уг бүтцээр зарим яамд тамгын газар өөрчлөгдсөн. Тиймээс төсвийн тодотгол орох юм байна гэж ойлгосон. Бидэнд өөр тодорхой мэдээлэл өгөөгүй.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор олон нийт АН-ыг Засгийн газарт орох нь буруу, хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой байсан гэхчлэнгээр шүүмжилсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 2024 оны сонгуулиар Ардчилсан нам 500 гаруй мянган иргэний саналаар 42 суудалтай болсон.

Хоёрдугаарт, АН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ихээхэн анхаарсан. Бүтэн жил судалгаа хийсэн. Мэргэжлийн байгууллагуудыг урьж саналыг нь авсан. Тэрхүү санал дээр дахин ажилласан. Гадаадын бусад туршлагыг ч судалсан. Ингэж чамбай мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Бид энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй дахин дөрвөн жил алдахыг хүсэхгүй байна.

АН-ын ҮБХ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж улс орныхоо хөгжлийн төлөө хамтарч томоохон төслүүдийг явуулахын тулд хамтарсан Засгийн газарт орох нь зөв гэж шийдвэрлэсэн. Тиймээс олонхоороо гаргасан шийдвэрийг бид дэмжихээс өөр аргагүй.

Нөгөөтэйгүүр өнгөрсөн найман жилд улс орны хувь заяатай холбоотой томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжсэнгүй. Өнгөрсөн хугацаанд нийтээрээ л шүүмжиллээ. Ажил огт явсангүй. Үүнд хэн хохирч байна гэхээр ард түмэн. Тиймээс манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ажил хийх хэрэгтэй байгаа юм. Мөн ард түмний өгсөн 500 мянган саналыг гээхгүй байх ёстой. Иргэдийн саналыг гээхгүй байхын тулд л өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиас эхлээд олон хуульд өөрчлөлт орууллаа шүү дээ. Иргэдийн саналыг бодит болгож байж ардчилал бэхэждэг.