527-1404188417batt

УИХ-ын чуулган завсарлаж, улсын баяр наадам дөхсөн үед улстөр ерөнхийдөө унтчихлаа.

Харин Х.Баттулга гэгч нөхөр нэлээд нөлөөлөлтэй бололтой, юутай ч АН-ынханг амар тайван баярлуулахгүй бололтой. Ийм нэгэн мэдээлэл цахим ертөнцөд байна.
Сийрүүлбэл, “Шонхор” фракцын тэргүүн З.Энхболд  Ерөнхийлөгчид Х.Баттулгыг  “замаас түлхэх” ажилд нь туслахаар болсон бололтой. Учир нь тэрээр  өчигдөр  “Шонхор”, МоАХ фракцын лидерүүдийг  Их тэнгэрт оройн зоогт урисан байна. Мэдээж намын нууц яриа хийх болохоор энэ газарт хуран цугладгийг хэн бүхэн мэднхэ.  Энэ нууц уулзалтад “Шонхор”-оос УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, Ж.Батзандан, Лу.Болд, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ, МоАХ-оос Р.Бурмаа, Д.Ганбат, Б.Наранхүү, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг нарыг,  “Нэг ардчилал”-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг урьсан  байна.  Х.Тэмүүжинг ганцааранг нь урьсан нь учиртай. Суудал нь дэнжигнэж байгаа өнөө цагт Ерөнхийлөгч “Би Тэмүүжинг хамгаална” гэж хэлсэн. Тиймээс түүнийг ганцааранг нь тусгайлан залсан нь тодорхой.
Х.Баттулга “100-н чухал сэдэв” нэвтрүүлгээрээ  нарийн цариг нь үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх тухай болон төрийн дээр сандайлж суусан эрлийзүүдийн талаар ухуулсан гэж хэлж болохоор байгаа. Үүнийхээ дараа өөрийг нь өрөөндөө дуудаж уулзсан Ерөнхийлөгчийг  “Ц.Элбэгдорж маш буруу мэдээлэлтэй байна лээ. Ер нь энэ хүн аж ахуйн ажил хийж үзээгүй. Дандаа дарга хийж явсан. Тэр хүн одоо буруу шийдвэр гаргаж байна.  Миний хувьд, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж улстөрчидтэй улайстлаа үзэлцэнэ” гэж хэлсэн.

Гэхдээ үүнээс илүү сонирхолтой асуулт бол тэд чухам юуны талаар зөвлөлдсөн бэ, шийдвэрт хүрсэн үү гэдэг.  З.Энхболд Ерөнхийлөгчийн  хэлсэнээр “Женко” Х.Баттулгыг ганцаардуулах тоглолт хийж магадгүй л юм. Аль эсвэл “Алтангадас”-ын эсрэг “дайн”-аа дахин эхлүүлэх ч магадлалтай.  Өөрөөр хэлбэл “Алтангадас”-ын эсрэг бусад фракцынхан нэгдэж байж ч болох талтай.  Тэгэхээр энэ хоёр сонголтын аль ч бай тэд тулаандаа бэлдээд эхэлсэн бөгөөд, хэргийг нэг тийш шийдэж санал нэгдэж байгаа бололтой.  Гэхдээ энэ бүхний ард Ерөнхийлөгч байгааг мартаж болохгүй. Тэгэхээр шатрын хүүгээр хэрхэн нүүхийг тун удахгүй харах бололтой” гэжээ.
Би энэ мэдээллийг ямар нэг хачиргүйгээр сийрүүлж байна. Үнэн хэрэгтээ АН-ынхан нууцаар уулзаад ч Х.Баттулгыг дийлэх үү. Нийгэмд хүчээ авчихсан, ажил хийж үзсэн, хөрөнгөтэй, ард олны дунд эерэг дүр болсон энэ нөхөрт олон давуу тал бий. Яагаад ч барамгүй санагдана. Мэдээлэлд сануулахдаа “энэ бүгдийн ар талд Ерөнхийлөгч байгааг мартаж болохгүй” хэмээн сүрдүүлж байгаа юм шиг мэдээлэл цацжээ. Үнэн хэрэгтээ Х.Баттулга Ц.Элбэгдоржоос өчүүхэн ч айхгүй. Тэр ямар Н.Алтанхуяг биш, бусад нөхөд шиг биш. Идсэн уусан зүйл алга, авлига авах шаардлага алга. Төсвөөс мөнгө авах тухай ойлголт бол бүр алга. Тэгэхээр Элбэгээс юунаас нь ч айх билээ дээ.

А.Гал