Г.Ууганбаатар: Хүүхдийг сургуульд бүртгэхдээ байрны өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээ шаардаж байгаа нь зөрчил
2024/08/29
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон дотуур байрны талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг танилцуулав.
Тэрбээр "Манайд ирж буй гомдол, мэдээллийн нэг орчим хувь нь сурч боловсрох эрхтэй холбоотой байна.
Сургууль, дотуур байрны үйл ажиллагаа болон сургуульд элсэн суралцахтай холбоотой гомдол мэдээлэл комисст ирдэг. Холбогдох байгууллагаас авсан мэдээллээр 2024-2025 оны хичээлийн жилд
- Баянгол дүүргийн гурван сургуулийн 88 бүлгийн 3,080 сурагч
- Баянзүрх дүүрэгт 10 сургуулийн 163 бүлгийн 5,885 сурагч
- Сонгинохайрхан дүүрэгт гурван сургуулийн 38 бүлгийн 1,470 сурагч
- Хан-Уул дүүрэгт таван сургуулийн 77 бүлгийн 2,920 сурагч
- Чингэлтэй дүүрэгт нэг сургуулийн 11 бүлгийн 140 сурагч
- Сүхбаатар дүүрэгт нэг сургуулийн найман бүлгийн 280 сурагч
- Нийт 23 сургуулийн 13,775 сурагч хэтэрсэн даац буюу гурван ээлжээр хичээллэх тооцоо судалгаа байна.
Анги дүүргэлт нь даац хэтэрсэн, олон ээлжээр хичээллэх нь сурагчдын сурч боловсрох эрхийг хөндөх, сурч хөгжих эрхийг хязгаарлаж байгаа үндэслэл болно. Хэдийгээр Засгийн газар, салбар яамдын зүгээс сургуулийн барилгыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг хийж байгаа боловч хангалтгүй.
Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 28 цэцэрлэг, 17 сургууль ашиглалтад орсон байна.
- 2024 онд 25 цэцэрлэг, 11 сургуулийг ашиглалтад оруулна гэж төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар таван цэцэрлэг, есөн сургууль ашиглалтад орсон байгаа.
- 2025 онд улсын хэмжээнд нийт 49 сургууль, 50 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж байна. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүй бол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн чанар хүртээмжийн асуудал үүснэ.
Комисст ирсэн гомдлын мөрөөр тодорхой ажлуудыг хийж байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, барилгыг шинээр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа ч гүйцэтгэгч байгууллагын нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын ажил удааширсан.
Жишээлбэл нийслэлийн Ерөнхий Боловсролын тавдугаар сургуулийн өргөтгөлийн барилга олон жил царцсантай холбоотойгоор тус сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх хөндөгдөж буй. Энэ асуудлаар өмнөх Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны сайдад ХЭҮК-ын гишүүд шаардлага хүргүүлсэн.
Сургуулийг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлсэн.
Дээрх шаардлагын мөрөөр Боловсролын яам, гүйцэтгэгч байгууллага харилцан зөвшилцөлд хүрээд 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр гэхэд сургуулийн өргөтгөлийн барилгыг бүрэн гүйцэд ашиглалтад оруулах талаар харилцан тохиролцоод үйл ажиллагаа үргэлжилж байна.
2024 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн Тавдугаар сургуулийн өргөтгөлийн шинэ байранд бага ангийн сурагчид хичээллэх нөхцөл боломжоор хангагдана гэсэн урьдчилсан мэдээллийг манайд ирүүлсэн" хэмээв.
Мөн "Улсын хэмжээд 500 гаруй сургуулийн дотуур байр байгаа. 2022 оноос эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий Боловсролын Сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэлсэн.
Нийт 120 дотуур байранд хяналт шалгалт хийсэн нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дотуур байрны 30 орчим хувьд хүрч ажилласан гэсэн статистик мэдээлэл бий.
Энэ дүнд үндэслээд Хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлдээ Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн дотуур байрны нөхцөл байдлын талаар УИХ-д илтгэл хүргүүлсэн. Илтгэлийн мөрөөр УИХ, Засгийн газраас тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна.
Дотуур байрны үйл ажиллагааг үе шаттай сайжруулах, нэмэгдүүлэх орчин нөхцөлийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан.
УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд
- 2023 онд тав
- 2024 онд гурван дотуур байр ашиглалтад орсон байгаа юм.
Энэ онд багтааж гурван дотуур байрыг шинээр ашиглалтад оруулахаар улсын хэмжээнд барилгын ажил үргэлжилж байгаа.
2025 онд нийт 15 дотуур байр ашиглалтад оруулахаар барилгын ажил мөн үргэлжилж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй дотуур байрны 300 орчим нь 1990 оноос өмнө баригдсан насжилт өндөр барилгууд.
Олон дотуур байр норм, дүрмийн шаардлага хангахгүй байгаа тул үе шаттай сайжруулах арга хэмжээг тасралтгүй шуурхай авах, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор байна.
Хүйтний улирал болох гэж байгаатай холбогдуулан дотуур байранд амьдрах бага насны хүүхдүүдэд наад захын ариун цэврийн байгууламжийг хүүхдэд ээлтэй тохижуулах ажил нэн тэргүүний асуудал" гэв.
Үргэлжлүүлэн "Хичээлийн шинэ жил болохтой холбогдуулан хэд хэдэн зөрчлийн мэдээлэл ХЭҮК-д ирсэн.
Юун түрүүнд түр оршин суугаа хаягийн бүртгэлтэй иргэдийн хүүхдүүдийг сургуульд бүртгэхгүй байна гэх мэдээлэл ирсэн. Хүүхдийг сургуульд бүртгэхтэй холбоотойгоор байрны өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээ буюу хувийн эмзэг мэдээлэл шаардаж байгаа зөрчил байна.
Хүүхдийг эдийн засгийн байдал, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах нөхцөл байдал байж болохгүй. Тиймээс хаягийн бүртгэлд бүртгэгдсэн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах ёстой.
Хаягийн зөрчлөөс шалтгаалаад хүүхэд сургууль завсардах нөхцөлийг боловсролын байгууллага бүх шатандаа анхаарах ёстой. Нэг ч хүүхэд дээрх шалтгааны улмаас сургууль завсардах нөхцөл байдал байж болохгүй.
Мөн хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн сургууль хамрагдалтын асуудал байгаа. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 36,363 хагас өнчин, 2,911 бүтэн өнчин хүүхэд байна.
Өнгөрсөн хичээлийн жилд хагас өнчин 1,234 хүүхэд СӨБ буюу цэцэрлэгт, 24,874 хүүхэд ЕБС-д суралцаж буй мэдээлэл бий.
Мөн 32 бүтэн өнчин хүүхэд цэцэрлэгт, 1,501 бүтэн өнчин хүүхэд ЕБС-д суралцаж байна. Эдгээр тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд тэдний сургууль, цэцэрлэгт хамрагдалт хангалтгүй байна" гэлээ.
Зочин · 2024/08/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono