Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол
2024/09/04
Хичээл сургууль орлоо. Их хотод өнгө нэмэх сурагчийн формтой хүүхдүүдийн шуугиантай намрын налгар өдрүүд эхэллээ. Есдүгээр сарын 1-нийг яаран хүлээсэн сурагчид анги танхимдаа багталцдаггүй хэцүү дүр зураг энэ жил ч бас хэвээрээ.
Сургуулиудын анги дүүргэлтийг харахад үнэхээр нүд халтирмаар байна. Зарим анги дээд тал нь 70 хүүхэдтэй бужигнаж байна гээд бод доо. Алслагдмал аймгийн сумдын сургуулийн нийт сурагчдын тооноос ч илүү хүүхэд нэг ангид хоорондоо зөрөх зайгүй шахам сууж байна. Анги дүүргэлт 30 хүүхдээс хэтрэхгүй байх стандарт хаана байна вэ?
Хүн төрөлхтөн аж төрж байгаа нөхцөлд бүх юм стандарттай байх ёстой. Нэг ёсондоо бидний эрүүл, аюулгүй оршин буйн баталгааг энэ стандарт гээчээр тогтоож байгаа. Хоол хүнс, гэр орон, гудамж талбай, ажил алба, эмнэлэг, сургууль гээд бүх зүйл өөрийн гэсэн норм стандарттай байна. Тэр жишгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын орчин, нөхцөл ямар байх талаар тогтоож өгсөн стандарт гэж бий. Мэдээж хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээж авна. Нэг сургууль 1400-аас илүүгүй сурагчтай байхаар тооцно. Бага ангийн хүүхдүүдийн хичээллэх танхимыг хоёроос доош давхарт байрлуулж, ахлах ангиас тусгаарлана. Сургуулийн дотоод заслын барилгын материалууд нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байна. 1000 хүн ам тутамд 200 хүүхдийн багтаамжтай сургууль байх ёстой. 1400 хүүхэдтэй сургууль 3.5 га эдэлбэр газартай байна. Энэ дотроо биеийн тамир спортын, амралт, аж ахуйн, сургалт туршилтын бүсүүд заавал багтаана гэх зэргээр стандарчилжээ.
Хамгийн чухал нь нэг анги 30-аас илүүгүй сурагчтай байна. Өөрөөр хэлбэл, нэг сурагчид 2.5 ам.метр талбай ногдох ёстой гэсэн Барилга, хот байгуулалтын сайдын баталсан норм, стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэвч амьдрал дээр хэрэгжилт нь нойл. Зөвхөн ерөнхий боловсролын сургууль дээр ч гэлтгүй эмнэлэг, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, байшин барилга, гудамж замууд гээд хаана ч мөрддөг стандарт гэж алга.
Харин Монголд стандартаа хатуу мөрддөг ганц зүйл нь бордюр л бололтой. Нийслэлд энэ зунжин үргэлжилсэн 60 гаруй замын ажлуудаас урьдаад бүх бордюрыг хуу сольсон доо. Энэ ажил маш шуурхай хийгдсэн. Үүнийг хотын дарга тайлбарлахдаа “Бордюр газрын гадаргаас 15 см өндөр байх стандарттай” гэж ярив. Үнэхээр даажинтай сонсогдож байлаа. Замгүй байж бордюраа солиод ч яах юм билээ. Тэгээд ч бордюраас илүү тулгамдсан асуудал Монголын нийгэмд дүүрэн байхад шүү. Ер нь ингэж автозамын бетон хашлагыг солих нь үе, үеийн дарга нарын хоолоо олж иддэг арга байсаар ирсэн. Одоо хэдүүлээ ийм увайгүй сэтгэлгээгээ больё. Амьдралд ойрхон байя. Хөрсөн дээрээ бууж асуудлыг бодитоор харж сурцгаая. Энэ улсууд дарга болоод албан ажил хийхдээ амьдралаас тасраад явчих юм. Сансрын, сансрын юм сэтгэнэ. Тэндээсээ байнга ашиг харна. Тэгээд стандартаар түрий барьж хэрэгжүүлнэ.
Ард түмнээ ингэж доромжилдгоо л больчих хэрэгтэй. Тийм болохоор чинь та нарыг “Амьдрал ахуй ямар байгааг мэддэггүй. Мэдрэмжгүй” гээд иргэд чинь шоолоод байдаг юм шүү дээ. Бодоод байх нь ээ, тэдний энэ хандлага социализмын үеэс эхтэй юм шиг. Тэр үед аливаа хурал хуй дээр дандаа амьдралаас тасарсан шүүмжлэл хөвөрдөг байсан гэж хуучцуул өнгөтөөр ярьдаг сан. Жишээлбэл, хамгийн сайн найзыгаа хурал дээр хамгаалах ёстой байтлаа даргад таалагдахын тулд далд ортол нь шүүмжилдэг байсан гэх юм билээ. Улаан нүүр рүү нь харж зогсож байгаад түмний нүдэн дээр байж суухын аргагүй болгочихоод гарч ирснийхээ дараа “Хурал бол хурал шүү дээ” гэж ёжилдог байсэн гэлцэх. Ийм муухай социализмын үеийн авир ардчилалд шилжсэн 34 жилийн дараа хүртэл арилаагүй л байна. Уг нь амьдрал дээр найз бол найз л байх ёстой биз дээ. Нэг нэгнийгээ нөхөж, түшиж, итгэж нөхөрлөдөг хүмүүсийг найз гэдэг биш бил үү. Яг үүнтэй адилхан амьдралаас тасарсан шийдвэрүүдээ одоо болих хэрэгтэй. Амьдралд ойрхон, ард түмэндээ ээлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргадаг байя. Жинхэнэдээ зам дээр бордюрын ч хэрэггүй. Дэлхийн замуудыг харахад тийм сүрхий бетон хашлаганууд байна уу. Харин ч хаа, хаагуураа чөлөөтэй зорчиж болохоор замтай байдаг. Гэтэл манайх яахаараа гарч болохгүй заавал хаших ёстой юм. Шинэ жолооч нар тэр бордюруудыг чинь мөргөж машин тэргээ эвдэх тохиолдол өчнөөн бий. Явж, явж бордюр бол амьдралд ямар ч хэрэгцээгүй, төрийн хэдэн машинаа хянаж цагдах гэсэн социализмын үеийн хийрхэл биз.
Бордюрын стандартаа барьж, солих ажлыг гялалзуулдаг шигээ ерөнхий боловсролын сургуулиуддаа тогтоосон тэр олон стандартуудаас ядаж ганцыг нь хэрэгжүүлээд өгөөч, төрийн түшээд ээ. Анги дүүргэлт 30 хүүхэдтэй болчихвол хичнээн сайн бэ. Хүүхдүүдийн сурлагын чанар шууд дээшилнэ. Яагаад гэвэл багшид ирэх ачаалал багасчихаар хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой. 70 хүүхэд пиг чихсэн саун шиг нөхцөлд яаж эрдэм ном сурах гээд байгаа юм бол. Ямар адуу мал хашиж байгаа биш дээ. Боловсролын салбараа хойгуур эрэмбэлж гаргуунд нь хаясны хамгийн тод жишээ энэ юм. Монголын ирээдүй болсон толгойг ингэж бэлдэх нь хэнд ашигтай вэ. Магадгүй гадны бодлого нөлөөлж байна уу. Тэгэхэд боловсролоо тэргүүнд залсан улс орнууд яаж хөгжиж, мандан бадарч байгааг дэлхийгээс харж байна. Япон улс гэхэд стандартыг хатуу мөрддөг орон. Манай гуравдагч хөрш болсон тус улсын буцалтгүй тусламжаар Монголд барьж өгсөн хэд, хэдэн жишиг сургууль бий. Анзаарвал сургуулийн давхар бүр хүүхдийн өндөрт тохирсон модон бариултай. Анги танхим нь босгогүй, самбар нь нам дор байрладаг, анги бүр угаалтууртай, толь нь налуу байрлалтай байх жишээтэй.
Шат, налуу зам, заал, ариун цэврийн өрөө, коридорын шалны хулдаас зэрэг нь нян бактер үрждэггүй, хальтрахаас сэргийлсэн технологитой. Дуу хөгжмийн танхим нь тусгай зөөврийн тайзтай. Ханаа дуу чимээ нэвтрүүлдэггүй акустик хавтантай болохоор бүх төрлийн хөгжмийн зэмсэг эгшиглэхэд бусад хичээлд саад болохооргүй. Дээрээс нь гамшгаас сэргийлэх хоргодох байртай. Сургуулийн орчин хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлсэн мөлгөр хийцтэйн юм билээ.
Иргэнээ боддог орон стандартыг ингэж л хэрэгжүүлж байна. Ийм стандартыг манай дарга нар мөрдөнө гэвэл ёстой холын мөрөөдөл байх. Уг нь бордюрын стандартаас илүү боловсролын байгууллагуудынхаа стандартыг анхаардаг болмоор байна.
М.МӨНХЦЭЦЭГ
Dd · 2024/09/04
Sumdiin surguulid neg Angid 6 suragch baigaa ni standartad nitsej baina uu? End 70-uulaa chiheldej suusnaas nutagtaa ochood standartiin angid huuhdee suulgahiig urialaach dee brodurgui zamtai durtai gazraaraa zorchdog yamar Uls Oron baina ve heleed egeech
Зочин · 2024/09/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/04
Бордюр мөнгө саах арга явган зам дээр машинаа тавьбал 50к ахар торгодог болъё 20к багадаад бна
Бат · 2024/09/04
Замын бордиур хэн солиод байнаа хэвлэл мэдээлэлийхэн минь зарлаач ард түмэн мэдмээр байна