Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу есдүгээр сарын 2-6-ны хооронд нийтийн тээврийн автобусны буюу нэгдүгээр эгнээгээр бусад төрлийн автомашин зорчсон зөрчил хамгийн их бүртгэгджээ.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээлснээр хурд хэтрүүлсэн 481, үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй 591, гэрэл дохио зөрчсөн 337, ачилтын торгуулийн 1,862, E-Police аппликэйшнээр ирүүлсэн зөрчил 3,060, автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон 51,309, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2,876 зөрчил бүртгэгдсэн байна. 

Эдгээр зөрчлийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад автобусны эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн тоо нэмэгджээ. 

Улаанбаатарын төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнд нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг билээ. Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд 1,182 автобус иргэдэд үйлчилж байна.