Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан байна, Ц.Баярсайхан сайд аа. Иргэд орон сууц авахаасаа эмээж байна. Утааг бууруулах ганц гарц нь энэ гэж эрх мэдэлтнүүд айлддаг ч орон сууц нэртэй оромжинд зутарч амьдрахыг хүсэхгүй байна.

Хуруу хумсаа хугалан, байдгаа барьцаалан байж авахдаа метр квадратын зөрүүн дээр залилуулдаг энгийн жишээ Монголд олон бий. Цаашлаад хэдхэн сарын дараа цонхоор нь салхи үлээж, дээврээс нь дусал дусна. Хичнээн гомдоллож, хэрэг явдлаа хэлсэн ч хэн ч тоохгүй. Салбарын сайдыг нь иргэд битгий хэл намынхан нь үг хэлүүлэх гэж зүдэрдэг гэх юм билээ. Ийм байхад барилгын салбар өөдлөх үү. Хараа хяналтгүй энэ салбарыг удирдан чиглүүлэгч нь ганц албан бичгээ ширээн дээрээсээ алдаж байхад энэ мэт зөрчил ч яамай биз, хөөрхий. Иймээс хэдэн арваар нь хүний амиар наадаж байдаг салбарыг, салбарын сайдтай нь эрүүдэх эрх зүйн шаардлагыг иргэд үгүйлж байна. Ц.Баярсайхан сайдыг нимгэлэх олон жишээ баримт бий. Үүний нэгийг дор сийрүүлье.  

 

“Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэдэг үнэн аж. Үүнтэй адилтгах үйлдэл “Ромео Жулетта” хотхоны оршин суугчдад тохиожээ. Учир нь “Дехор” компанид захиалагчид нь гомдол гаргаж, хохирлоо барагдуулах хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй жилийн нүүр үзсэн байна. Нэг жил гэдэг богино хугацаа биш. 365 хоногт “Дехор” компанийнхан “Жулетта” барилгыг барихаас гадна Хан-Уул дүүрэгт дахин нэг хотхоныг барьж эхэлсэн байгаа юм. Гэсэн атлаа “Ромео” байрны оршин суугчдын хохирлыг одоо болтол барагдуулаагүй. “Ромео Жулетта” хотхоны анхны оршин суугчдын нэг ярихдаа “Өнгөрсөн жил энэ байранд захиалга өгөхдөө ямар их баяртай байлаа. Боломжийн үнэтэй, дажгүй орчинд чанартай барилга гээд баярласан. Тухайн үед орон сууц шинэ байсан болохоор “но”-той зүйлс нь мэдэгдээгүй. Явцын дунд ашиглалтын талбай дутуу гэдгийг мэдсэнээр хамаг булай үйлдэл нь ил болсон” хэмээн хуучлав. Тэрбээр худал яриагүй аж. Ашиглалтын талбай дутуу, автомашины зогсоол нь стандартынх бус, шугам хоолой муугаас болж дусаал дусдаг, цутгамал ханагүйгээс болж гаднах дуу чимээ ил тод сонсогддог, цахилгаан шат гацдаг гээд иргэдийн тав тухыг хангах орчин эл хотхонд байхгүй.

 

Зэргэлдээ баригдсан хоёр барилгын нэг нь “Ромео”, нөгөөх нь “Жулетта” байр. “Ромео”-д 150 гаруй иргэд амьдарч байгаа бол “Жулетта” удахгүй ашиглалтад орох аж. Одоогоор барилгын ажил явагдаж байгаа ч гаднаас нь харвал хуучны орон сууц шиг гандах хана нь хагарч, өнгөлгөө хөвхийжээ. Зарим газарт өнгөлгөө нь хагарч унасан байхыг ч харж болно. Ашиглалтад ороогүй байхдаа иймэрхүү өнгө төрхтэй байгаа юм чинь иргэд амьдраад эхэлбэл эвдэрхий “балгас” болоход тун ойрхон санагдсаныг нуух юун.

Гоёдсон нэртэй, томдсон барилгын эргэн тойронд хур хог элбэгтэй. Айлууд цонхоо онгойлгохоос жийрхэж, өдөр, шөнөгүй “вакум” орчинд амьдрах болжээ. Арга ч үгүй биз. Хогийн сав дутмагаас иргэд ил задгай хаягдлаа асгах болсон. Ингэснээр орчин тойронд таагүй үнэр гарч, ялаа ихэсчээ. Гэсэн атлаа хогийн мөнгө гэж сард хураадаг. Энэ мөнгө юунд зарцуулагддаг нь тодорхой бус. Энэ ч бага хэрэг. Өнгөрсөн долоо хоногт орсон усархаг борооны үеэр автомашины зогсоол нь усанд автжээ. Өөрөөр хэлбэл, үерт автсан байна. Үүнээс болж барилгын ажилтнууд усыг шавхаж гаргах ажлыг гүйцэтгэсэн ч доторх гарааш учир чийгтэж эхэлсэн байна.

“Ромео Жулетта” хотхонд амьдардаг иргэдэд энэ мэтчилэн зовлон их. Ядаж байхад барилга биш “балгас”-нд амьдардаг. Дээрээс нь СӨХ элдэв төрлийн мөнгө нэхэж дарамтална. Үүнээс илүү зовлон гэж хаана байх билээ. Арга ядсан оршин суугч өнгөрсөн долоо хоногт манай сонинд хандсан. Тэрбээр “”Дехор”-ийнхон үнэхээр даварч байна. Ус, цахилгаан, хогийн мөнгө гэж хураадаг. Гэтэл сарын хэрэгцээнээс давсан их мөнгө нэхэж, оршин суугчдыг дарамталдаг. Шаардлага тавьсан хүнийг хэл амаар доромжилж, хөөж туудаг. Тэр ч байтугай ашиглалтын талбай дутуу айлууд хохирлын мөнгөө авах гэхээр өгөхгүй луу унждаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл найман сая төгрөг авах айлд дөрвөн сая, дөрвөн саяыг авах айлд хоёр сая, хоёр саяыг авах айлд нэг саяыг гэхчлэн талыг нь өгнө гэх юм. Ингэхдээ энэ мөнгийг авбал ав, авахгүй бол боль гэж зандарна. Угтаа бол хохирсон иргэд хохирлоо бүрэн барагдуулах эрхзүйн үндэслэлтэй. Гэтэл биднийг үл тоож, “Дехор”-ийнхон хуулиас дээгүүр алхаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СӨХ-нд хандахаар хурал хийдэггүй” гэж бухимдангуй ярьсан. Түүнчлэн өнгөрсөн өвөл зутарч өвөлжсөн иргэд зуны дэлгэр цагт байрныхаа ханыг давхарлах, эсвэл дулаалах талаар СӨХ-ны даргад хэлэхэд “Италийн талаас мэргэжилтэн ирээд байрыг шалгаж байгаа, эвдэрч, хэмхэрсэн зүйлээ нэг дор засах боломжгүй. Явцын дунд засах байх даа” гэх тохуурхсан хариултыг иргэдэд өгч эхэлжээ. Харин эх сурвалжийн хэлж буйгаар тус байрны СӨХ засвар үйлчилгээний мөнгөө ам.метр талбайн мөнгийг 180 төгрөгөөр бодож авч байгаа гэх. Гэтэл гурван жилийн турш сард засвар үйлчилгээний хуримтлалын мөнгийг авсан ч өнөөдөр засвар хийгээгүй, борооны усанд дарлуулж байна. Ус алдах энгийн үзэгдэл. Үүнээс болж чийгтэж, эвгүй үнэр шингэж мөөгөнцөртөж болзошгүй байна.

Бодит үнэн ердөө л энэ. Барилгын салбарт иймэрхүү шаналал байдаг гэж мэргэжлийн байгууллага өмөөрөх биз. Гэхдээ иргэдийн итгэлээр тоглож, эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогддог залилангийн сэжүүрийг эхлүүлсэн эрх танхи барилгын компаниудад хатуухан сануулга өгөх цаг нь аль хэдийнэ болсон юм биш үү, Ц.Баярсайхан сайд аа. Хэл ам дагуулж, гомдлоор тасардаггүй зөрчил гаргагч барилгын компаниуд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хэний халхавчинд жиргээд байгаа хэрэг вэ. Эхний барилгаа барьж дуусаагүй байж, иргэдийг хуурах төлөвлөгөөнд орсон “Дехор”-ийн дээрэнгүй үйлдлийг салбар хариуцсан яам нь мэдэж байгаа болов уу. Мэдсэн ч мэдэн будлиад явна уу. Ямартай ч барилгын салбарт зөрчил гаргаж, баахан оршин суугчдыг хохироогоод байгаад эл компанийг анхааралдаа авч арга хэмжээ авах нь зүйтэй болов уу. Зүй ёсоор бол Мэргэжлийн хяналтын газарт “Ромео Жулетта” хотхонд дүгнэлт гаргаж, дараагийн шатны байгууллагад мэдэгдэх учиртай. Гэтэл нүд нь сохор, чих нь дүлий мэт аашилж, Улсын комиссод хүлээлгэж өгснийг оршин суугчид ойлгохгүй байна. Ус, цахилгаан, барилгын зураг төсөл, гүйцэтгэл бүхний ард мэргэжлийн байгууллага гарын үсэг зурж байж, сая ашиглалтад ороход асуудал үүсэхгүй. Гэвч бүх зүйл нь орвонгоороо эргэчихсэн Итали стандартыг Монголын хөрсөнд хүчээр булшилсан “Дехор”-ийнхонд хариуцлага тооцох эрх мэдэлтэн алга.

Үргэлжлэл бий...