Нийтийн эзэмшлийн талбай дээр болон орон сууцны хорооллын дунд төмрийн хог, хоёрдогч түүхий эд авах, машины сэлбэг зарах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.

Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхонд орон сууцны хороолол дунд газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулж, машины сэлбэг борлуулж буй иргэнд шаардлага хүргүүлж, зөрчлөө арилгах хугацаа өгсөн.

Гэвч шаардлагыг үл ойшоож, газраа зориулалт бусаар ашигласаар байгаа тухайн газрыг чөлөөлж, ирэх онд нийтийн эзэмшлийн талбай болгож тохижуулна. Сонгинохайрхан дүүрэг ирэх оны хөрөнгө оруулалтаараа тухайн газрыг тохижуулах хэрэгтэй.

Нийтийн орон сууцны хороолол дунд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан энэ мэт зүй бус үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй.

Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүхэн гарцнаас баруун тийш буюу Сонсголонгийн уулзварын хойд эгнээнд сэлбэг зарж буй айлуудад тохижилтын нэгдсэн зураг гаргаж өгөөд тохижуулж чадахгүй бол газраа төр буцааж авна гэдгийг мэдэгдэнэ" гэв.