Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-аас мэдээлэл хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ "Энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 21 аймгаас 14-т нь ялалт байгуулаад байна. Тухайлбал,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт ялалт байгуулж, олонхын суудал аваад байна.

Мөн НИТХ-ын 45 мандатаас 40-ийг нь авлаа. Нийслэлийн есөн дүүргээс наймд нь МАН ялалт байгуулж байна. МАН-д итгэл үзүүлж, саналаа өгсөн эрхэм сонгогчдод МАН-ын нэр өмнөөс талархал илэрхийлж байна" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар тойрогт ялалт байгуулаад буй Х.Нямбаатар "Нийслэлийн МАН-аас энэ удаагийн сонгуульд есөн эмэгтэйг нэр дэвшүүлснээс бүгд ялалт байгуулаад байна. 2024-2028 онд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлуудыг шийдэн их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийх болно.

Бидэнд итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархлаа. Мөн бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотынхоо төлөө санаа зовниж байгаа нийт сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө хичээн зүтгэж ажиллах болно" гэв.