Баянзүрх дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж, албаа нэр төртэй хаагаад халагдсан Зэвсэгт хүчин ба хил, дотоодын цэргийн дайчдыг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа гурван өдрийн турш Офицеруудын ордонд зохион байгуулагдлаа.

Эр цэргийн албаа хааж, эх орны хүүгийн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, эр бие жагссан залуус нэг жилийн хугацаанд бие бялдар, сэтгэл зүй, эрдэм мэдлэгийн хувьд олон ахиц дэвшил, чадвар чадамжийг эзэмшсэн талаар өөрсдөө төдийгүй тэдний ар гэр, аав ээж сэтгэл хангалуун өгүүлж байв. Түүнчлэн цэргийн албаа нэр төртэй хаасан зарим дайчдад ажил олгогч байгууллагууд гарын бэлэг гардуулсан бол Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолтоо толилуулсан юм.

Мөн энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Юнител групп, MCS coca cola групп, Монголын Алт корпорац, Төрийн тусгай хамгаалалтын газар, Ирмүүн төгс ХХК, Mabetex Mongolia ХХК, Central foods ХХК, Cinema next, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, Анунгоо ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, залууст нээлттэй ажлын байр санал болгосон нь халагдсан дайчид алба хаах хугацаандаа эзэмшсэн мэргэжил, ур чадвараа ажил, амьдралдаа хэрэгжүүлэх, ирээдүйгээ төлөвлөх чухал ажил боллоо.