Н.Учрал: Францын талтай хийсэн хэлэлцээрийн үеэр АМНАТ-ийн хувиа өсгөж болохоор тохирсон
3 цагийн өмнө
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ынн гишүүн Ж.Батжаргал Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнхөө хэмжээгээр төрийн үнэ төлбөргүй эзэмших хувиа дүйцүүлэх асуудлыг төсөлд хэрхэн зохицуулсан талаар, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд Монгол Улсад үлдэх бодитой бүтээн байгуулалтын ажлыг нэмж тусгах боломжтой талаар лавлаж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин хуулийн төсөлд давхар татварын асуудлыг хэрхэн тусгасан, тогтворжуулах эсэхийг лавласан бол Ц.Даваасүрэн гишүүн баялгаа хэрхэн үнэлж, зардлаа яаж хянах талаар тодруулж байлаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувиас дээш гаргахгүй гэж заасан. Харин францын талтай хийсэн хэлэлцээрийн үеэр АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-ийн хувиа өсгөж болгохоор тохирсон. Асуудлыг хатуу хуульчлах гэхээсээ уян хатан зохицуулалтыг тусгаж, цаашдаа ийм гэрээ, хэлцэл хийхэд харилцан тохиролцоод хийх боломж, бололцоог бүрдүүлэх нь чухал. Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвөөс нөөцийг нь тодорхойлсон бол 50 хүртэлх хувийг нь үнэ төлбөргүйгээр эзэмших, харин хувийн хэвшил өөрсдөө санхүүжилт гаргаад нөөцийг нь тодорхойлсон бол 34 хүртэлх хувийг нь эзэмших гэсэн ийм хоёр заалттай. Энэ заалт Ашигт малтмалын тухай хуульд төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-өөр эсвэл, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах нь нээлттэй байдаг. Гэтэл Цөмийн энергийн тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах эрх зүйн орчин байхгүй. Иймд Цөмийн энергийн хуулийг л өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуультай адил нийцүүлж байна" гэлээ.
Мөн тэрбээр бид баялгаа үнэлж, тэд хөрөнгө оруулалтаа хийж байж хөрөнгө оруулалтын гэрээ амилна гээд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, цаашлаад энгийн хувьцаагаа давуу эрхийн хувьцаа болгоод санхүүгийн хариуцлагаас холдох нь зөв. Гэхдээ төр ноогдол ашгаа ч, АМНАТ-ийнхөө орлогоо ч авна. Энэ хууль батлагдсанаар гэрээ, хэлэлцээрээ хуульд нийцүүлэн үргэлжлүүлнэ. АМНАТ-ийн хэмжээг хэрхэн, яаж тогтоохыг УИХ шийднэ. Харин зардал хянах асуудал нь хувьцаатай шууд холбоотой хэмээв.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн "Цөмийн энергийн тухай, Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль хооронд зөрүү байдаг. Энэхүү гурван хуулийн нийцлийг хангуулж, жигдрүүлэх шаардлагатай байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын орчинг тогтворжуулна гэж заасан байдаг. Хуулийн 3.1.7-д “татварын орчин гэдэг нь хуульд заасан татварын төрөл тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ногдуулах төлөх эрх зүйн зохицуулалтын бүрдэл" гээд маш өргөн хүрээтэй заасан. Энэ талаар нэлээдгүй судалсан.
Олон улсын туршлагад аль болох тогтворжуулахгүй байх гэдэг зөвлөмж байдаг. Бид зөвхөн санхүүгийн үр ашгийн тооцоонд шууд нөлөөлдөг хувь хэмжээ, алдагдал шилжүүлэх хугацаа, элэгдлийн хугацааг тогтворжилтод ойлгоно гэж үзэж байгаа. Түүнчлэн Франц болон бусад улстай байгуулсан давхар татварын гэрээг тогтворжуулахгүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлж байгаа" гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.