Ч.Лодойсамбуу: Хэзээ гишүүн болох гээд байгаа юм бэ. Би одоо гишүүдээсээ асуумаар байна
3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийв.
Зарчмын хоёр асуудал бий. Төсвийн урсгал зардал нэмэгдэж байгаа. Зарлага нэмэгдсэн. Төсвийн хэт тэлэлт сүүлийн дөрвөн жилд хэт нэмэгдсэн. Сүүлийн таван жил хийсэн нэвтрүүлэг болгон дээрээ би ярьж байсан. Энхтүвшин, Баярмаа гишүүдийн шаардлагыг дэмжиж байгаа. Дэмжихээс нь аргагүй. Бид анхнаасаа санал нэг байсан.
Нэг асуудал байгаа. Би цаасан дээр гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл сонгуулиас хойш таван сар өнгөрлөө. Хэзээ гишүүн болох гээд байгаа юм бэ. Би одоо гишүүдээсээ асуумаар байна.
Яг хэзээ гишүүн болох гээд байна вэ? Гишүүний ажлаа хэзээ хийж эхлэх вэ? Төсвийг ингэж хэлэлцдэг юм уу? Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ямар зарчмын зөрүүтэй санал оруулаагүй, ажлаа хийгээгүй явчхаад яг баталдгийн даваан дээр нь гарч ирчхээд төсвийг буцааж татдаг. Ингэж улс төр хийдэг. Араас нь захиа шиддэг. Парламентын гишүүний ажил чинь үндсэн ажлаа л хийх ёстой шүү дээ.
Төсвийг бүтэн сар, дөрвөн долоо хоног хэлэлцдэг. Дөрвөн долоо хоног хэлэлцэж байхад энэ хүмүүс хаана байсан юм бэ? Одоо миний мэдэж байгаагаар тэр цаасан дээр нэр нь байгаа хүмүүсээс Баярмаа гишүүн байна. Цогтбаатар, Тэмүүлэн зэрэг тоотой хэдэн хүн л хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гаргаж энэ зардлуудаа танья гэдэг санал гаргасан. Байнгын хороон дээр дэмжигдэх нь дэмжигдээд, унах нь унаад явсан. Тэгтэл нөгөө гарын үсэг зурсан хүмүүс дотроос төсвийн зардлыг улам нэмье гэж гүйгээд тэр нь бүтэхгүй болохоор буцаагаад тат гэдэг хүмүүс хүртэл багтчихсан л явж байна шүү дээ. Энэ УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хиймээр байна.
Энэ УИХ төсвийг өргөн барьж байхад анхны байнгын хороо, анхны чуулган дээр би хэлж байсан төсвийн бодлого болохгүй байна. Ингэж төсөв тэлэхгүй ээ. Ингэж болохгүй гэж үнийн өсөлт, мөнгөний зөрүү, валютын хомсдолд орох эрсдэл бизнесүүд дээр очих дарамт, инфляц нэмэгдүүлэх зэргээр олон жил ярьсан. Парламентыг парламентаар нь байлгах хэрэгтэй. Засгийн газрынх нь дор аваачаад, Засгийн газар нь юм хийнгүүт араас нь шаардах бичиг хүргүүлээд тэмцэгчийн ажил хийгээд байгаад нь зарчмын хувьд санал нийлэхгүй байна.