Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас Халзан Бүрэгтэйн ордын талаар тодрууллаа.


-Халзан Бүрэгтэйн орд дээр салбар яамнаас ямар бодлого барьж ажиллах вэ?

-Сүүлийн үед дэлхий тодорхой шилжилтүүдийг хийж байгаа. Үүний нэг нь эрчим хүчний шилжилт, ногоон шилжилтүүд байгаа юм. Тэр ч утгаараа уул уурхайн салбарынхны ярианы 50 хувь нь чухал ашигт малтмал, газрын ховор элемент болчихоод байгаа. Халзан Бүрэгтэйн энэ орд бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгогдсон лицензийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр ард түмнээ буруутгамааргүй байна.

Ямар нэгэн буруу зөрүү тайлбарыг хийгээд ураны агууламж өндөртэй, цацраг идэвхт юм гэсэн ойлголтыг өгснөөр ард түмэн ийм байдалд хүрсэн байж магадгүй. Гэвч бид дэлхийн чиг хандлага, газрын ховор элементээс таван жил алдахад л дэлхийгээс бүрэн хоцроод дахин ярих боломжгүй болно. Тэгэхээр Монгол Улс зөв ойлголтуудаа өгч, иргэдээ мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх ажлаа сайн хийх шаардлагатай байна. Халзан Бүрэгтэй дээр хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй.

-Хариуцлагын асуудал яригдах уу. Засгийн газраас нь бодлого гаргаад явуулах гэхээр нэг аймгийнх нь Засаг дарга жагсаал зохион байгуулаад хаалгачихдаг байдлыг яах юм бэ?

-Бид нэг тийшээ харж хөгжил яриад, нөгөө тийшээ хараад эдийн засгийг нэмэгдүүлэх салбараа муулаад байж болохгүй. Тэгэхээр ийм зөрчилтэй асуудлууд дээрээ ажиллах л хэрэгтэй байна. Салбар яамны зүгээс төслөө хамгаалах ёстой. Тийм ч учраас мэдээллээ өгөөд явж байгаа. Гэвч тухайн аймгийн хил дотор Монгол Улсад мөрдөгдөж байгаа 800 гаруй хуулийн хэрэгжилтийг хангах үүргийг аймгийн Засаг дарга хүлээнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах л ёстой.

-Үүргээ биелүүлээгүй Засаг даргын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танай яамнаас оруулах боломжтой юу?

-Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэвч салбарын сайдын хувьд тухайн Засаг даргатай уулзана л гэж бодож байгаа.

Т.ХӨВСГӨЛ