Өнөөдөр Төрийн далбааны өдөр
2014/07/09
Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг зургаа дахь удаагаа тэмдэглэж байна.
Төрийн далбаа бол Монгол төрийн албан ёсны бэлгэ тэмдэг. Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн, Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заасан байдаг.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Үүнээс өмнөх түүхийг сөхбөл, 1945 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Х.Чойбалсан ЗХУ-д нэлээд богинохон хугацаанд яаралтай айлчлал хийсэн юм. Үүний учир нь Москвад ЗХУ, Хятадын хооронд хэлэлцээ явагдаж, түүний нэгэн чухал асуудал нь БНМАУ-ын тусгаар тогнолын тухай асуудал байсан юм. Энэ айлчлалаас эх орондоо буцаж ирүүт маргааш нь буюу 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд «БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай» асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ.
Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо, «БНМАУ-ын далбаа нь 2x1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуа цэцэггүй соёмбо байна» хэмээн заажээ. Энд улсын нэр бичихээ больсныг анзаарах хэрэгтэй. Энэ нь тугийн дэвсгэр өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Үүнээс өмнөх Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичсэн буй. Харин энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.
Төрийн далбаан дээрх Соёмбо тэмдгийн утгыг Монголын түүх, зан суртахуун, утга зохиол, ёс уламжлалын үүднээс Б.Ринчин дараах байдлаар тайлбарласан байдаг.
Соёмбын хамгийн дээр нь нар, сар, гал 3-ын дүрс тэмдэг буй, түүний наран саран хоёр нь, Монгол улс хэмээсэн утгатай тэмдэг мөн, Дээр үеэс 2000 жилийн өмнө, Монголчууд, Хятад лугаа харилцахуй дор өөрсдийн биеийг нар, сар гаралтай хэмээж байсан учир өөрийн улсыг наран, саранаар дүрслэн тэмдэглэдэг байжээ. Энэхүү Соёмбо дор наран сараны дээр галыг 3 үзүүртэй дөлөөр дүрсэлсэн нь эртний Монголчууд галыг маш эрхэм болгож хүмүүний охин удам залгамжлахын тэмдэг хэмээн гал голомт гэж хэлэлцдэг байсан бөгөөд уул галын дүрс нь 3 үзүүртэй байдаг нь Монгол улсын гал голомтыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй 3 цагт буюу үүрд бадран мандаж байх хэмээсэн утгатай тэмдэг болой.
Соёмбын доторхи гурвалжин дүрс бол Монголын эртний утга зохиол, ёс суртахуун дор үзвээс эрт цагт дайсны өөдөөс хэрэглэх жад сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд дайсныг дарах хэмээсэн утгатай тэмдэг мөн. Үүнд дээр доороо 2 хэсэг байдаг нь Монголын хүмүүн бүхэн их бага, эр эм үгүй цөм нэгэн сэтгэлээр Монголын тусгаар тогтонин мандахын, дайсныг хаанаас ч гарч ирснийг даран сөнөөхийн тэмдэг болгосон нь болой.
Соёмбын доторхи хөндлөн шулуун өнцөгтэй 2 хэсэг дөрвөлжин дүрс бол Монголын хүмүүн ард, их бага, дээр доор үгүй цөм, улсынхаа төлөө шулуун шударгаар хүчээн өгөх хэрэгтэй хэмээсэн тэмдэг болно. Өнцөгтэй болгосон нь бөөрөнхийн эсэргүү болгож хүмүүн бүхэн улсынхаа төлөө эрс шударгаар өнцөгтэй шулуунаар зүтгэх хэмээсэн санаа.
Соёмбын гол дор бие биеэ дагаж наран буруу эргэсэн 2 загасны дүрс буй нь загасыг эртний Монголчууд нүд аньдаг үгүй амьтан хэмээн маш сонор соргогийг дүрслэхүй дор хэрэглэдэг байжээ. Үүнд 2 загасыг зурсан нь арга бэлэг буюу эр, эм хэмээсэн утгатай бөгөөд наран буруу эргэсэн нь улсынхаа төлөө дээр доор эр, эм үгүй цөм нэгэн сэтгэлээр дайсны эсэргүү, нүд цавчилгүй сэрэмжилж бай хэмээсэн санаа.
Соёмбын хоёр хажуу босоо дөрвөлжин нь хэрмийг дүрсэлсэн бөгөөд төрийн төлөө хүмүүн ард дээр доор, эр эм үгүй нэгэн сэтгэлээр эв нэгтэй болбоос Монгол улс, төмөр хүрээ мэт бат болно хэмээсэн санаа.
Соёмбо үсгийн дотор байсан эдгээр тэмдгийн утгыг дүгнэвээс Монгол улсын үүрд эрх чөлөөтэй тусгаар тогтнохын бэлэг тэмдэг даруй мөний тул ийнхүү улсынхаа төлөө тэмцэж байсан Монголын шилдэг сайчуул энэхүү тэмдгийг хэрэглэж явсан нь арга үгүй зөв байжээ.
Энэхүү Соёмбыг лам нар шашины талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь Монголын ард түмний эртнээс нааш эрх чөлөөний төлөө тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чөлөөний тэмдгийг нь Манзуширийн хувилгаан гэж мандуулж байсан Манжийн хаанд харшгүй болгохын санаагаар 5 махбодийн өнгөөр ялган тэмдэглэж өөрийн ашиг тусын үүднээс тайлбарласан нь 5 хошуу тэмдгийг мөн шашины ёсоор эрхэм болгож тайлбарладгийн нэгэн адил бөгөөд Өндөр гэгээн энэхүү Соёмбо үсгийг зохиов гэж хэлэлцдэг домог үгийг тайлбарлаваас Манж нар, Өндөр гэгээний үеэс Монголыг эрхэндээ оруулж улс төрийн аливаа хэрэгт Манж хэл бичгийг албаар хэрэглүүлэх болгосон, үүнд Өндөр гэгээн, битүүгээр эсэргүүцэхдээ эртний үеэс уламжилж ирсэн бираа буюу Монгол улс мандтугай хэмээх ном судрын эхэнд талбидаг байсан тэмдгээс сэдэв авч Соёмбо тэмдгийг мөн бирагаа болгоод түүний байдал дор тохируулан үсэг зохиосоноо Соёмбо үсэг гэж нэрлээд тамга тэмдэг, ерөөлтэй бэлэгтэй ном зохиолыг энэ үсгээр бичүүлж байсан нь битүүгээр Монголын тусгаар тогтнохын үсэг хэмээсэн утга бүхий тул тэр заншил Автономийн үе хүртэл уламжлан ирж Хятадаас салмагц улсын тамга тэмдэг илэрхийлэлийн үсэгт Соёмбо үсгийг хэрэглэсэн нь Монгол улс тусгаар тогтнохын санааг бас илэрхийлж байсан хэрэг болно” хэмээн Б.Ринчин тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг.
Дашрамд дуулагахад олон улсад “Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг. Тодруулбал, Канад хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг байна.
Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг Төрийн далбааны энэ өдөр Төрийн далбааны хуулиар хамгаалагдсан байдлыг хангаж, Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Зочин · 2014/07/10
Хэрэв энэ нь танд маш их баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/10
http://regionalflags.weebly.com/