“Эрдэнэс тавантолгой”-н нүүрс тээвэрлэх тендерийг дахин зарлах ёстой
2013/04/25
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн гэгч өчигдрийн турш Монгол орон даяар “од” болж өнжив. Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай долоон жил хамтран ажиллаж сүүлийн нэг жилд садангийн дүү охинтой нь найзлан эцэст нь Тавантолгойн тендерт хамааралтай болж орхижээ.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлын гогцоо зангилаа болон олны чихэнд хоногшин үлдэх нь тэр. Харин Ерөнхий сайд түүний тухай ярих үед УИХ-ын эрхэм гишүүд ч, чуулганы нэгдсэн хуралдааныг үзэж байсан олон нийт ч “амьсгаа даран” чагнав.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Би олон ах, дүү хамаатан садантай. Гэхдээ заавал намайг харлуулах гэж их зүйл яриад дайраад байх шиг байх юм.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан Г.Дэнзэн гэдэг хүний нэрийг яриад байна. Би Г.Дэнзэнг 2006 онд Оюутолгой, Тавантолгойн ТУЗ-ийн ажлыг хийлгэх гэж авчирсан. Өөрөөр хэлбэл энд долоон жил ажиллаж байна. Яагаад “Н.Алтанхуягийн хүргэн” болчихоод байгаа юм бэ гэвэл нэг жилийн өмнөөс манай хамаатны охинтой үерхэж байгаа юм билээ. Би залуу хүмүүсийн асуудлыг зохицуулж чадахгүй. Долоон жилийн өмнөөс ажилласан, жилийн өмнөөс явж эхэлсэн гэдэг чинь хоёр өөр ойлголт шүү. Би гүтгэлгийг няцаана. Гүтгэлгийг няцаасны төлөө намайг битгий гүтгээрэй” гэлээ. Огцрох асуудал нь хэлэлцэгдэж байгаа тохиолдолд Ерөнхий сайд байтугай нь сандарна, хөөрхий. Тэгэхээр түүний амнаас унасан “явж эхэлсэн” гэдэг үг дээр “тоглолт” хийх нь илүүц биз.
Дашрамд дурьдахад үүний өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мөн энэ асуудлаар Ерөнхий сайдыг “байцаасан” боловч “Насанд хүрсэн хүмүүсийн асуудлыг би мэдэхгүй. Надад битгий наах гээд бай. Өөрсдөө олж мэд” гэж бардамхан хариулж байсан удаатай. Гэхдээ 17 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн ажлыг хэнд өгөв. Энэ нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үү гэвэл өөр асуудал. Харин дээрх асуудлын зэрэгцээ “Яагаад Г.Дэнзэн гэдэг хүн Ерөнхий сайдын хамаатантай “үерхсэн”-ийхээ төлөө тендерийн ажил гүйцэтгэх эрхгүй вэ. Энэ чинь хэлмэгдэл биш гэж үү” хэмээн бухимдах хүн ч мэр сэр таарав.
Үнэн хэрэгтээ Тавантолгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэх ажил бол том бизнес. Тиймээс тендерт нь хяналт тавих нь зүйн хэрэг. Тэр тусмаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд санаа зовинох нь бүр ч “зөв хардлага” билээ. Тиймээс ч хэвлэлийнхэн уг тендерт яагаад заавал Ерөнхий сайдын хамаатан Ч.Уянгын эзэмшлийн “Gobi Power” компани ялав гэдэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Үүнд нь МАН-ынхны Ерөнхий сайдыг огцруулах эрмэлзэл гол үүрэг гүйцэтгэсэн юм. Харин албан ёсоор мэдээлэл өгөх ёстой холбогдох байгууллагы эх сурвалжууд бараг бүгд “нуувч”-нд орж, нэр дурьдахгүй байхыг хүсэж байлаа. Ямартай ч “Чалко”-той хийсэн гэрээний дагуу нүүрс нийлүүлэхэд Монголын талд алдагдалтай байгаа нь үнэн. Тиймээс экспортын зардлыг бууруулахын тулд “Гүний гааль” буюу уурхайн аман дээрээс гаалийн бүрдүүлэлт хийж БНХАУ руу тээвэрлэх гарц олсон нь бас үнэн билээ.
Энэ ажлыг гүйцэтгэх тендерт ялсан Ч.Уянга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ямар нэг сэжмээр ураг төрлийн холбоотой болж таарсан нь товчхондоо “азгүй тохиолдол” болж таарч буй бололтой. Учир нь чухам л дээрх шалтгаанаас болж уг тендерийг ганцхан хоногийн дотор цуцалсан гэж байгаа. Яагаад “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн захирал Я.Батсуурь уг тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу болсон” хэмээн мэдэгдсээр байтал цуцалсан бэ. Үүнд “Улс төрийн шалтгаанаар бизнесийн эрх ашигт нь халдахаас өөр арга байгаагүй” гэхээс өөр тайлбар олдохгүй бололтой. Ямартай ч Ерөнхий сайд суудал дээрээ үлдлээ. Энэ бол улс төрийн шийдэл. Харин “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн нүүрсийг тээвэрлэх ажлыг цаашид хэн гүйцэтгэх вэ. Тендерийг үнэхээр цуцалсан уу. Цуцалсан бол тендерийн зарыг дахин тараах уу гэх зэрэг хууль эрх зүйн хүрээний болон эдийн засагтай холбоотой асуудлууд “зуун задгай” үлдэв.
У.Оргилмаа