Сүүлийн үед хүүхдүүд хэт дэлгэцийн хамааралтай болж, цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж байгаа нь эцэг, эхчүүдийн санааг зовоосон асуудал болов. Ингэж гар утас, компьютер тоглоомонд донтох нь хүүхдийн сэтгэн бодох чадвар цаашлаад тархины хөгжилд асар хортой болохыг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Тэгвэл “Зохион бүтээгч” дугуйланд хамрагдсан хүүхдүүд ухаалаг утаснаас эрс татгалздаг болжээ. Тус дугуйлангийн үйл ажиллагааг энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аараа онцолж байна.

Саппорогийн автобусны буудлын замыг эсрэг талд байрлах уг дугуйлангийн хаалгаар ороход бяцхан инженерүүдийн зохион бүтээсэн онгоц, машин, трактор, усан завь, пуужин, танк, вагоны загвар, барилгын макетууд зэрэг нүдэнд тусав. Тэр дунд ялгарч харагдах хотхоны ногоон байгууламжийг хэн урласныг сонирхтол, нэгэн хүү “Г.Наранхүү зургаан сарын дотор л хийчихсэн” гээд хар цамцтай жаал руу заав.

Энэхүү дугуйланг одоогоос 15 жилийн өмнө электроник, автоматжуулалтын багш М.Батгэрэл хүүхэд насныхаа мөрөөдлийн дагуу ажиллуулж эхэлжээ. Тэрбээр хүүхэд байхдаа “Залуу техникчдийн ордон”-д усан онгоцны загвар зохион бүтээх дугуйланд явдаг байжээ. Тухайн үедээ физикийн хичээлдээ дурлан инженер болох мөрөөдөлтэй болсон гэнэ.

М.Батгэрэл багш бүх л насны хүүхдийн техник сэтгэлгээ, ур чадвар, бүтээлч байдалд анхаарч ажилласны үндсэн дээр хичээлийн хөтөлбөр боловсруулжээ. Ингэхдээ нас, насны ангилалд тохирсон гурван төрлийн сургалт явуулж байгаа аж.

Хамгийн гол нь хүүхэд залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлж ирээдүйн шилдэг инженер, зохион бүтээгч, эрдэмтэн, судлаачдыг төрүүлэх зорилготойгоо дуулгав. Цаашлаад монгол хүүхдүүдийн ур чадварыг дэлхий нийтэд харуулах нь түүний туйлын мөрөөдөл хэмээв.

М.Батгэрэл багш хэлэхдээ “Технологийн эрин үед хүүхдүүд гар у тсанд донтоод PC тоглоомыг өдөр, шөнөгүй нүдэж байна. Тэд виртпуал орчинд ороод, өөрийгөө гол дүр болгож, тоглоод байна гэсэн үг. Нэг хэсэг нь байлдаж байхад нөгөө хэсэг нь байшин барьдаг. Тэгэхээр хүүхдүүдэд энэ чадвараа хөгжүүлэх виртуал биш бодит орчин хэрэгтэй. Мэдээж бэлэн ийм орчин байхгүй учраас гар утсаараа тоглооод байгаа хэрэг. Тэгэхээр манай сургалт хүүхдүүдийн техник сэтгэлгээг маш их хөгжүүлдэг. Сургалтад хамрагдсан олон хүүхэд гар утасны хэт хамаарлаас г арч чаддаг. Яагаад гэвэл гараараа барилгын макет, машин техникийн загвар хийгээд ирэхээрээ виртуал орчинд орох ямар ч сонирхолгүй болчихдог. Нэгдүгээрт, өөрийн төсөөллөө бодит болгож байгаа учраас амтанд нь ордог. Хоёрдугаарт, одоо хийж байгаагаасаа илүү нарийн зүйлс хийх сэдэл нь төрдөг. Манай ням гаригийн сургалтад суудаг зургаан настай хүүхэд гэртээ харихгүй үргэлжлүүлж, бүтээлээ хийнэ гээд ээж аав руугаа уурладаг (инээв). Хүүхдүүдэд энэ сургалт яаж эерэгээр нөлөөлдөг болох нь бодитоор харагдаж байгаа биз дээ. Одоо энд байгаа хүүхдүүд дөрвөн цаг суугаад явахдаа их сэтгэл гонсгор гардаг. Дахиад жаахан суугаад юмаа хиймээр байна гээд л хошуугаа цорвойлгоод гарна. Ковидын үед хэсэг завсарлахад манай шавь нар дугуйлан дээрээ юмаа хийж байна гэж зүүдэлдэг байсан гээд бод доо” гэв.

Энэ дугуйлангийн хүүхдүүд урд хөршөөс орж ирдэг мотоциклыг ядах юмгүй зохион бүтээчихдэг байна. Тэд зөвхөн төлбөрөөрөө амьжиргаагаа залгуулдаг учраас хоёр ширхэг мотоциклыг гагнаад, урлаад загвар болгоод гаргачихъя гэхээр үнэхээр хүч хүрдэггүй гэдгээ ч нуусангүй. Биднийг очиход 7-13 насны хүүхдүүд сонирхож буй загварынхаа макетыг гаргаж байсан юм. Тэд “Дугуйланд явахаасаа өмнө утсаараа их тоглодог байсан. Одоо гар утас гоё санагдахаа больсон. Бидний мөрөөдөл инженер болох. Заавал мөрөөдөлдөө хүрнэ” хэмээцгээж байлаа.

Энэ үеэр дугуйлангийн багш М.Батгэрэлтэй ярилцлаа.


 

-Хүүхэд аль насандаа дугуйлан, сургалтад хамрагдвал авьяас чадвараа илүү нээх боломжтой байдаг вэ?

-Яг өмнө жил нийслэлд олон дугуйлан бий болсон ч аав, ээж нар ерөөсөө тоохгүй юм. Ихэвчлэн хүүхэд 6-13 насандаа өөрийн сонирхдог зүйлээ олж хөгжихийг эрмэлздэг үе. Тиймээс энэ насанд нь анхаарч, ажиглаж байх хэрэгтэй. Би өөрөө сэтгэл зүйч, судлаач хүн биш ч 15 жил багшлахдаа үүнийг олж харсан.

Манай дугуйланд ирж байгаа 14-өөс дээш нас хүүхдүүд голдуу ээж, аавынхаа шахалтаар ирдэг. Гэтэл тэд дүү нараасаа амжилт, үзүүлэлт нь их тааруу байдаг. Яагаад тэгж байна вэ гэхээр нэрэлхүү, бусдаас санаа зовж ичдэг насан дээрээ ирчихсэн байгаа шүү дээ, тэд. Бага насны хүүхдүүд мэдэхгүй чадахгүй зүйлээ шууд асуудаг. Харин 14-өөс дээш насныхан бол дуугүй байдал руугаа шилжээд биеэ бариад чимээгүй сууж байгаад л гараад явах өнгө аястай шүү.

-Та ирээдүйд хийхээр төлөвлөсөн зорилгоосоо сонирхуулахгүй юу?

-Бидэнд маш олон зорилго байгаа. Тухайлбал, бага оврын автомашин зохион бүтээх, бага насны хүүхдийн электроникийн техник хийх зэрэг ажлууд төлөвлөсөн. Гэхдээ надад нэг мөрөөдөл үлдсэн. Оросын бүх мужид инженер зохион бүтээгчдийн ордон гэж байдаг юм. Одоо ч гэсэн байгаа. Муж бүрийн ордонд 600-1000 орчим хүүхдүүд тасралтгүй зохион бүтээж, туршилт хийж, судалгааны ажил явуулдаг. Монголдоо ганц ч болтугай ийм ордон байгуулахыг мөрөөдөж байна.

-Тэгвэл төрөөс энэ тал дээр хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?

-Ер нь дугуйлангийн хувьд байр орон сууц бол хамгийн хүндрэлтэй асуудал болдог. Ковидын үед түрээсээ төлж чадахгүйн улмаас бүхий л хийсэн бүтээл, ширээ, сандлаа орхиод явж байлаа. Хүүхдүүд зохион бүтээгээд хөгжөөд явах тусам загвар нь нарийвчлагддаг. Тиймээс үнэтэй материал хэрэгтэй болдог. Эсвэл үнэтэй багажаар хийхээс өөр сонголтгүй. Иймд санхүүгийн хүндрэл үүсдэг. Манай улс инженерийн хомсдолтой. Үүнд яалт ч үгүй олон нөлөөлөгч хүчин зүйл бий. Тэдний нэг бол яалтгүй хүүхдүүд суурь шинжлэх ухаанд дурлахгүй, сонирхохгүй байгаа. Ийм оюуны үнэ цэнэтэй газар илүү өргөжин тэлэвэл энэ асуудал шийдэгдэх боломжтой. Би электроникийн чиглэлийн олон хөтөлбөр боловсруулаад улс, хувийн хэвшлийн байгууллагуудаар явсан ч тоогоогүй. Сүүлдээ хүн гуйхаас залхаад бор зүрхээрээ өдийг хүртэл явж байна даа.

А.Даваадулам