МИАТ-ын шатахууны тендерийг нууцын зэрэглэлд оруулна гэв үү
2 цагийн өмнө
Нууцын зэрэглэлд оруулж байгаад хулгай хийдэг арга технологи монголд нэгэнтээ бий болсон. Нууцын зэрэглэл нэртэйгээр эхэлсэн нүүрсний хулгай Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр жагсаал цуглаан дэгдээж, хэнийгээ зольж хэн нь амьд үлдэх үү гэдэг сонголтод улс төрчид хүрч байсан нь саяхан. Тодруулбал, есөн оффтейк гэрээг нууц гэж байсан ч долоон гэрээ л ил болсон байдаг. Энэ нь олны дунд өнөөдрийг хүртэл хардлага төрүүлж, нууц хулгай явдаг схемийг ард түмнээрээ тод харсан. Нүүрсний гэх хэрэгт хэдэн байгууллагын удирдлага, хэдэн улс төрчид ял аваад асуудал намжсан. Тухайн үеийн нууцад оруулсан оффтейк гэрээг судлан харахад, нууцын зэрэглэлтэй гэрээнүүдэд компаниудын олонх нь өөрсдөдөө илт давуу байдал бий болгож, Монголын нүүрсийг үнэгүй шахам худалдсан нь нууцын зэрэглэлтэй хулгай байсан юм.
Ард түмэн өнөөдрийг хүртэл улс төрчдөд итгэхгүй, төрөө хүндлэх хүндлэлгүй болсон нь “Нууц” нэртэй хулгайнуудтай холбоотой. Цаашдаа хулгай өрнөвөл ард түмний тэвчээрийн утас хэзээ ч тасарч магадгүй болсон гэхэд хэн ч эргэлзэхгүй.
Учир нь улс төрч л бол хулгайч гэдэг сэтгэхүй нэгэнтээ ард түмний тархинд суучихсан байгааг улс төрд яваа, албан тушаалтай дарга бүхэн мэдэрч байгаа биз. Улсын нууц, хувийн нууц л биш бол “Нууц” гэж нэрлэж хийсэн гэрээ бүхэн маш аюултай. Үүний цаана жинхэнэ шударга бус том хулгай нуугддаг. Иймээс Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, төрийн өмчит компаниудад хийгдэж байгаа ажил, үйлчилгээ, тендерүүд олон нийтэд ил тод, шударга байх ёстой. Гэтэл “МИАТ” хэмээх том айлын түлшний тендер нууц байдлаар явах уу гэсэн бор шувуу төрийн ордонд нисч эхэлжээ. Энэ бол угаасаа байж болохгүй, хүлээн зөвшөөрч болохгүй зүйл.
Хэрвээ “Нууц” нэрээр МИАТ-ын шатахууны тендерийг нууцалбал энэ нь тухайн компанийн нэр хүнд төдийгүй, нэг л өдөр хуулийн байгууллагад дуудагдах “нууц хулгай”-н нэг болж магадгүй юм.
Учир нь ард түмнээр шүүмжлүүлсэн ҮАБЗ-аар Төрийн гурван өндөрлөг санал нэгдэн гаргасан оффтейк гэрээ буюу нүүрсээ урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулсан бөгөөд 2017 онд үүнийг нууцлалын зэрэглэл гэсэн том тамганы ард нууж, асар том эрх ашгийн зөрчил үүсгэсэн байсныг ард түмэн мартаагүй байгаа. Иймдээ нүүрсний хулгайгаар улс төрчид ял авсан. Далд нэрээр нууцалсан нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж байсан Төв талбайн жагсаалыг дарах гэж Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанийн оффтейк гэрээг ил болгож байсныг ч бид мартаагүй.
МИАТ-д агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг нууц байдлаар хийж болохгүй гэх бас нэг үндэслэл бол Монгол орон капитализмд ороод 20-30 жил өнгөрсөн ч нийгмийн өмч хэвээрээ үлдсэн газрын нэг бол МИАТ юм.
Нийгмийн, ард түмний өмч маш эмзэг. Учир нь ашигтай гэхээсээ илүү алдагдалтай ажилласан ч хамаагүй бөгөөд улсын өмчит компаниуд монголд ихэвчлэн алдагдалтай ажилласан түүх л их байдаг. Иймээс ч дүрэмтэй юм шиг хулгай нүүрлэж болох л газар бол төрийн өмчит компаниуд. МИАТ-ын хувьд л гэхэд, 2013 онд МИАТ-ийн хэргийн дуулиан гарч, холбогдсон албан тушаалтнууд нь 10-14 жилийн ял сонсоод одоо ч зарим нь хоригдож байна. “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадаад дахь зохиомол компанийн данс руу МИАТ компаниас их хэмжээний мөнгө шилжүүлж байсан хэргийн холбогдогчид шүүхээс ял сонсож, хэрэгт холбогдогчдын хөрөнгийг улсын орлого болгож байсан. Бүр тодруулбал, Ч.Хоролсүрэн 13 жил нэг сар, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэ 12 жил нэг сар, Ц.Орхон 11 жилийн ял авч байсан билээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн ялласан байдаг.
Төрийн өмчит компаниуд бол монголын татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн компани. Эзэн хяналтгүй өмч л байвал идэж уух явдал нь зэрэгцээ оршиж байдгын жишээ дээрх юм. Иймд МИАТ-ын үйл ажиллагаа болон шатахууны тендер ард түмэнд нээлттэй ил тод байх ёстой. Мэдээж хулгай нүүрлэсэн бол дараагийн эзэн томилогдоход эхний эзний булхиа ил тод гардаг дүрэм гэж бий. Иймээс төрийн өмчит компанид томилогдсон, тохогдон очсон хэн ч гэлээ бүх зүйлийг дүрмээр л явуулахгүй бол хууль дуудахад хэн ч хамгаалдаггүйг санаж явах учиртай. Иймээс ард түмэн бидний өмч болсон МИАТ-ын түлшний асуудал хэрхэн ил тод өрнөхийг анхааралтай харах үлдлээ.
Э.Мөнх
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877XUSSN SEKSYGR