Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байгаа. 2023 онд гэхэд нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үедээ, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогдож байсан бол энэ үзүүлэлт одоо ч буураагүй хэвээр байна.

 

Эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тус хэрэгжилтэд онцгой анхаарах зорилгоор хавдрын тусламж үйлчилгээ, хяналт сэргийлэлтийн төв байгуулагдсан. Энэхүү байгууллага нь 2019 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ.  

 

Үндэсний оношилгоо эмчилгээний төв нь элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс заслыг хийдэг. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээний ачаалал хүлээгдлийг багасгаж, амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулахад ихээхэн хувь нэмрээ оруулжээ. Харин жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдөр тохиодог хавдрын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан олон нийтийн хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилгоор “Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар, зөвлөгөө, оношилгооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байсан ба эмч нарын зөвлөгөө мэдээллээс хүргэе.

 

сонин mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ангиографийн тасгийн эмч Г.Бат-Амгалан: Хүний өөрийн эс эмх замбараагүй өсөж үржсэнээр хавдар болдог

 

Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хавдар үүсгэх эрсдэлтэй хорт зуршлуудаа бид хаях хэрэгтэй. Хэрвээ хавдартай гэж оношлогдсон бол тохиромжтой эмчилгээг хийлгэх нь хамгийн үр дүнтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Жишээлбэл, элэгний эсийн хавдар зовуурьгүй байдаг учраас хүмүүс мэдэхгүй явсаар эмчилгээ хийхэд хүндрэлтэй болсны дараа эмнэлэгт ханддаг. Жил дээ 1-2 удаа эход харуулчихдаг байвал дөнгөж оношлогдож байгаа өвчнөө эмчлэх боломжтой. Манай тасагт судас бөглөх эмчилгээг жилд 400-500 хүн, түлэх эмчилгээг 200 гаруй хүн хийлгэдэг. Давтамжтай орж байгаа хүмүүсийн тоо гэхэд энэ маш өндөр байгаа юм. Элэгний хавдраар 30-40 насныхан нэлээд ирэх болсон энэ нь хавдар залуужиж байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн онд Хавдар судлалын үндэсний төв дээр хийгдсэн төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд манай эмнэлэг төвлөрлийг 47 хувьтай сааруулж чадсан гэх тооцоо судалгаа гарсан байсан.

 

Уян дурангийн эмч М.Ариунзаяа: Ачаалалтай ажиллаж байгаа нь иргэдийн өвчлөл их байгаатай холбоотой

 

Хавдрын эсрэг дэлхийн өдрийн хүрээнд манай эмнэлэг дээр хоол боловсруулах замын хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг тасгууд нээлттэй өдөрлөг хийж байна. Манайх дурангийн төв тасаг бөгөөд улаан хоолой ходоод, бүдүүн шулуун гэдэс, уушгинд дурангийн оношилгоо эмчилгээг хийдэг. Үзлэгийн үед эмгэг оношлогдвол дурангаар авах болон ажилбар хийх боломжтой. Мөн хавдар эрт үедээ оношлогдвол хавдартай хэсгийг авч ч болдог. Цаашлаад хожуу үеийн хавдрын оноштой хүнийг мэс заслаар явуулах уу, хэрвээ мэс засал нь хожимдсон бол хөнгөвчлөх зорилгоор ажилладаг. Харин хавдрын шалтгаантай нарийсал үүссэн бол түүнийг тэлэх эмчилгээнүүдийг дурангийн тасагт хийдэг. Манай эмнэлгийн хувьд өдөр бүр үзлэг оношилгоо, ажилбарууд хийгддэг учраас нэлээд ачаалалтай ажилладаг.

 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын эмч, хөнгөвчлөх хими эмчилгээний эмч н.Хулан: хавдрын байршил дотроо ходоодны хавдар хоёрдугаарт орж байна

 

Хавдрын хими эмчилгээ нь мэс заслын өмнө болон дараа хавдрын эсүүдийг устгах, хавдрыг дахихаас сэргийлэх системийн эмчилгээ юм. Энэхүү хими эмчилгээ нь ходоод, толгой хүзүүний байршлын болон нойр булчирхай, хөхний зэрэг бүхий л хавдруудад хийгддэг. Мөн хавдрын байршил дотроо ходоодны хавдар хоёрдугаарт орж байна. Энэ тоо хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь ходоодны хавдрын хими эмчилгээний тохиолдлыг ч ихэсгэж байгаа. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын кабинатын хэмжээнд өдөрт 20 гаруй хүн амбулатороор үзүүлдэг. Харин өдөрт 10 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Эдгээрээс ихэнх нь ходоодны хавдрын оноштой байдаг. 

 

 

 

С.УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин