Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн дундуур, 2025 оны хоёрдугаар сарын 5-нд ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан хоёрыг шүүх хурал болов. Шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноов. Улс төр, бизнесийнхний тэмцэл тулааны дуулиан дундуур гарсан шүүхийн энэ шийдвэрт хачирхаж гайхсан хүн олон байна. Яагаад гэхээр, Анхан шатны шүүхийн олон нийтэд зориулсан гэх албан ёсны мэдээлэлд “...НПГ-аас шүүгдэгч З.Энхболдыг “...Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн” гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, З.Энхболдыг дан ганц мэдүүлгээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, түүнийг цагаатгав.

 

Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланг “…Улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон” гэж үзээд хоёр жилийн хорих ял, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг оногдууллаа” гэжээ.

 

Харин АТГ-ынхан 2023 оны хавар, тавдугаар сард “…З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг прокурорт хянуулахаар өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний өмгөөлөгч нар нь УЕПГ-ын газарт гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх мэдээлэл бий” гэж мэдээлсэн. Өвөл нь, арваннэгдүгээр сард НПГ-аас уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл энэ хоёр эрхэм хоёулаа “…Бид бие биеэ улстөрчийн тухайд мэднэ. Хувь хүний хувьд танихгүй” л гэцгээсэн. Хамгийн гол нь хууль хяналтынхан тэднийг буруутгахдаа “… УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон. З.Энхболд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан гээд байсан юм. Харин Анхан шатны шүүх “…З.Энхболдыг цагаатгав. Б.Энх-Амгаланг хоёр жил хорино” гээд шийдчихлээ. Үүнийг зүгээр л нэг энгийн логикоор авч үзье. Энд анх хоёр хүний харилцааны асуудал яригдсан байгаа юм.

 

АТГ, прокурорынхон “...Нэг нь авч, нөгөө нь өгсөн байна” гэж үзсэн. Харин шүүх “…Нэг нь авсан байна, гэхдээ нөгөөх нь өгөөгүй байна” гэсэн шийдвэрийг гаргачихав. Ингээд энэ үйл явдлын логик алдагдчихсан. Гэхдээ шал өөр “логик” гарч ирэв.

 

Шүүхээс Б.Энх-Амгаланд ял шийтгэхдээ “…Дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах ял оноолоо” гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүгээр Б.Энх-Амгалан ойрын таван жилдээ улс төрийн өрсөлдөөнөөс хасагдаж байгаа юм. Чухамдаа, энэ нь хардлага дагуулаад эхлэв. Нөгөөтэйгүүр, иргэн Б.Энх-Амгалан ингэж ял аваад шууд хорих анги руу ачигдлаа. Тэрээр хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн байсан. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхээс хорих ял аваад гурван сар болох гэж байна. Бүрэн эрх нь хэвээрээ л яваад байна. Энэ зуурт, УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “…Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэдэг Үндсэн хуулиа хааш нь хийх вэ. Ер нь Үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдаггүй юм даа” гэсэн нь бас толгойд бууж ирэв. Нээрэн, иргэн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар хоёрын Үндсэн хуулийн өмнө зогсох ялгаа нь яг юу юм бол оо?!

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин