Хос бичигтэн хөтөлбөр “хоосон” зарлиг болох вий
3 цагийн өмнө
Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтөлж эхлээд байна. Эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах, монгол хэмээх ондоошлоо авч үлдэхэд төр, албан хаагчдаас гадна иргэн бүрийн үүрэг оролцоо чухал юм.
Монгол Улс хос бичигтэн болохоо нэг л өглөө гэнэт зарлаж, хууль баталсангүй. Энэ бол эртнээс бэлдсэн урт хугацааны бодлого, төсөл хөтөлбөрийн үр дүн юм. 1985 онд монгол бичгийн тухай анхны эрх зүйн баримтыг баталж, 1995 оноос хойш гурван удаагийн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг орон даяар хэрэгжүүлсэн байдаг.
Тодруулбал, 1995 онд "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I "батлагдаж, монгол бичгийг боловсролын салбарт эргэн нэвтрүүлсэн. Харин 2008 онд монгол бичиг зөвхөн хичээл биш, бодит хэрэглээ болох ёстой гэсэн зорилгоор "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II" хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэхдээ төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл хангах, хэвлэл мэдээлэл, ном зохиолын салбарт монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарсан байдаг. Ийнхүү 2015 онд Монгол хэлний тухай хуулийг батлан орон даяар хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа орсон юм.
Монгол хэлний тухай хуулийн 7.2.-т “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан байдаг.
Үүний дараа “Үндэсний бичгийн хөтөлбөр III” 2020 онд батлагдсан юм. Тэгэхээр энэ нь 1995 оноос эхэлсэн, урт хугацааны туршид хэрэгжиж буй хөтөлбөр ажээ. Ийнхүү манай улс төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөөд нэг сар 11 хоногийг үдлээ. Тиймээс 30 жилийн түүхийг өгүүлэх гурван удаагийн хөтөлбөрийг дамнасан уг ажлын үр дүн, хэрэгжилт ямар түвшинд байгааг “Зууны мэдээ” сонины нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээрээ хөндөж байна.
“Хос бичигт шилжсэн ч сургалт үйл ажиллагаа зогсохгүй, цаашид эрчимжүүлнэ”
Монгол хэлний хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл нэгдсэн зохицуулалтаар ханган улсын хэмжээнд монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байна. Тус зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэлээс хуулийн хэрэгжилт, үйл явц үр дүнгээс тодруулсан юм. Тэрээр “Бэлтгэл ажил эрт эхэлсэн тул байгууллагууд талархан дэмжиж хуулийн заалтыг хэрэгжүүлж байна. Хөдөө орон нутагт 2022 оноос албан хэргээ монгол бичгээр туршиж эхэлсэн тул хэрэгжилт бүх аймаг, сумдад жигд хэрэгжиж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нийслэлийн бүх байгууллагуудын албан хэргийг хос бичгээр хөтлөөгүй бол хүлээн авахгүй байх зохицуулалт хийсэн тул мөн сайн хэрэгжиж байна.
Үндэсний бичгийн хөтөлбөр III-ыг 2020 онд баталж, хос бичигтэн болох ажлын бэлтгэлийг хангасан. Стандарт, эрх зүй, технологи, олон улсын юникод, төрийн байгууллагын албан хаагчдын сэтгэл зүй бүрэн хангагдсан. Энэ ажлыг гүйцэлдүүлэх, бүтээхэд Монгол Улсын Засгийн газраас Үндэсний бичгийн хөтөлбөрт зарцуулах ямар нэг төсөв батлаагүй.
Монгол Улсад 6000 гаруй хөтөлбөр хэрэгждэг ба уг хөтөлбөрүүдийн үр дүнг хэмжиж үзээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн он жилүүд байв. Ийм үед бид үндэсний бичгийн батлуулсан хөтөлбөрөө төсөвгүй ч гэсэн авч үлдэж хэрэгжүүлэхийг л зорьсон. Манай зөвлөл 21 аймаг, 330 суманд салбар зөвлөлтэй. Эдгээр салбар зөвлөлийн дарга нь Засаг дарга нар байдаг. Иймд орон нутаг дахь салбар зөвлөлүүд Засаг даргын багцад хэдэн төгрөг суулгуулж, түүгээрээ л болгосон хэрэг. Байгууллагуудын хувьд манай зөвлөлийн ажлын албаар монгол бичгийн мэдлэгийн түвшнээ үнэгүй тогтоолгож, сургалт хийсэн багшаа өөрсдөө цалинжуулах байдлаар ажилласан” гэсэн юм. Манай улсад төрийн 4300 орчим байгууллагын 200 гаруй мянган албан хаагч ажилладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл эдгээрийн 33 хувь буюу 67 мянга нь нэгдүгээр ангиасаа монгол бичгээ үзсэн албан хаагчид байна. Тиймээс уг ажлын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс албан хаагчдын мэдлэгийг бататгах, үлдсэн албан хаагчдаа монгол бичигт сургах ажлыг эрчимжүүлж ажилласан байна. Мөн УИХ-ын даргын санаачилгаар 2021, 2024 оны дөрөвдүгээр сард Үндэсний статистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран төрийн албан хаагчдын мэдлэг тодорхойлох судалгааг хоёр удаа авчээ. Эхний судалгаагаар аймаг нийслэлийн өрсөлдөх чадвараараа Говь-Алтай аймаг тэргүүлж, Баян-Өлгий аймаг удаалсан байна. Харин улсын дундаж 53.6 хувьтай гарчээ. Мөн 50-аас дээш насныхны үндэсний бичгийн мэдлэг бага, түүнээс доош насныхан сайн мэддэг гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Харин хоёр дахь шатны судалгаанаас төрийн албан хаагчид эхийг унших чадвар дээшилж гарчээ.
Энэхүү үр дүнгийн талаар доктор Н.Нарангэрэл “Энэ нь сургалтын үр дүн юм. Тиймээс одоо ч байгууллагууд сургалт авч байна. Хос бичигт шилжсэн гээд сургалт үйл ажиллагаа зогсохгүй, цаашид эрчимжүүлнэ. Засгийн газраас засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга, тамгын газар, агентлагийн дарга нарт зөвлөмж чиглэл өгсөн. Мөн засаг дарга нартай байгуулсан төлөвлөгөөний биелэлтэд монгол бичгээ сургах ажлыг оруулж өгсөн” гэсэн юм.
Тэгвэл хэрэгжилт төрийн байгууллагуудад хэр хэрэгжиж байгаа талаар тодруулсан юм. ГЕГ-ын хувьд гадагшаа чиглэсэн албан бичиг хос бичгээр хөтөлж явуулаагүй байгаа гэсэн юм. Энэ талаар ГЕГ-ын захиргаа удирдлагын газрын ахлах байцаагч М.Жавхлантөгс “Манай байгууллага бичиг хэргийн "eDoc" системийг ашигладаг. Байгууллагын нэгж хоорондын албан бичгээ нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хуулийн хэрэгжилтийн хүрээнд дотооддоо албан бичгээ хосоор явуулж байсан. Харин гадагшаа чиглэсэн албан бичиг хос бичгээр хөтөлж явуулаагүй байгаа. Учир нь бичиг хэргийн "eDoc" систем монгол бичгийн программ байхгүй. Тиймээс тус системийг оруулсан компанид монгол бичгийн фондыг оруулж өгөх албан бичиг хүргүүлсэн. Программ хөгжүүлэлт хийж байгаа. Удахгүй оруулна гэсэн хариу өгсөн” гэлээ. Харин АТГ-ын хувьд эх бэлтгэгчээ сургаж байгаа гэсэн юм. АТГ бол албан тушаалтнуудын ХОМ, ашиг сонирхлын зөрчлийг хянан шалгах үүрэгтэй төрийн тусгай байгууллага. Тиймээс байгууллагын онцлогт тааруулсан программыг судалж, боловсруулж байгаа гэдгийг АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалаг хэллээ.
“Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд ихэнх нь “Кимо”-гоос хөрвүүлэг хийдэг”
Тэгвэл бид төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан бичгээ нэг сарын хугацаанд хэрхэн хосоор хөтөлж, хэрэгжүүлсэн талаар тодруулсан юм. Архангай аймгийн хувьд давхардсан тоогоор 5900 төрийн албан хаагч анхан, дунд, ахисан шатны сургалтад хамрагджээ. 2024 оны Үндэсний статистикийн хорооноос авсан судалгаагаар төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ, шаардлага байгаа эсэх асуултад албан хаагчдын 83.7 хувь нь “тийм” гэсэн бол үлдсэн 16.3 хувь нь сургалтын хэрэгцээ, шаардлага байхгүй гэж үзсэн байна.
Архангай аймгийн хувьд архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд ихэнх нь “Кимо”-гоос хөрвүүлэг хийдэг. Бас “Уран гар” ашигладаг. Мөн цаашид найдвартай хөрвүүлэгч даруй хэрэгтэй байна гэдгийг Архангай аймгийн Боловсролын газрын монгол хэл, бичиг, уран зохиолын сургалт хариуцсан ахлах арга зүйч Н.Энхгэрэл хэллээ.
Тэрээр “Төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор шат дараатай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн аймгийн Засаг даргын 2025 оны А/01 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төрийн болон төрийн өмчит байгууллагуудад монгол бичгийн албан хэвлэмэл хуудасны эх MNS:6395:2022 стандарт шаардлагын дагуу, хянагдаад аймгийн “Буман үсэг” хэвлэлийн газраар хэвлүүлж байгаа. Түүнчлэн дөрвөн зорилтын хүрээнд нийт 69 үйл ажиллагааны 95 хувь нь биелсэн гэж үзэж, төрийн албан хэргийг үндэснийхээ бичгээр хослуулан хөтөлж эхэлсэн. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 165 дугаар тогтоолд тусгасан Төрийн албан хаагчийн жилийн төлөвлөгөөнд монгол бичгийн ур чадварыг дээшлүүлсэн болов, албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах чадварын асуудлыг тусган гүйцэтгэл үр дүнг хагас бүтэн жилээр дүгнэх, ажилтан албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг чадварыг сайжруулах сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тасралтгүй зохион байгуулж, монгол бичгийн багшийн цалин урамшууллыг хариуцан шийдвэрлэнэ” гэсэн заалтууд төдийлөн сайн биелэгдэхгүй байна. Энэ оноос эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.
“Хөрвүүлгийн программаа яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй”
Ховд аймгийн тухайд төрийн болон төрийн өмчит 38 байгууллага албан хэргээ хос бичгээр хөтөлж эхэлжээ. Мөн Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай Аймгийн Засаг даргын 1/144 тоот албан бичгийг бүх сум, байгууллагад хүргэсэн байна. Энэ хүрээнд боловсролын салбарын тоон мэдээллийг нэгтгэж үзэхэд ЕБС, СӨБ, Боловсролын газар нь нэгдүгээр сард тушаал, албан бичиг, тодорхойлолт, хурлын тэмдэглэл гэсэн дөрвөн төрлийн 392 баримт бичгийг хос бичгээр үйлджээ. Ингэхдээ хөрвүүлгийн программ ашиглаж бичиг баримтаа боловсруулсан бөгөөд хянаагүйн улмаас алдаа гарч байгааг цаашид анхаарах хэрэгтэй гэж харсан талаар Ховд аймгийн Боловсролын газрын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан ахлах арга зүйч, Ховд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичиг Д.Олонбаяр хэллээ. Тэрээр “Үндэсний бичгийг цахимаар бичих арга зүй” сургалтыг төрийн байгууллагын бичиг хэргийн ажилтнуудад хоёр удаа зохион байгуулсан бөгөөд цаашид бичиг хэргийн ажилтнуудын монгол бичгийн чадварыг сайжруулах шаардлагатай байна. Цахим харилцаа холбооны яам хөрвүүлгийн программаа яаралтай бэлэн болгон ашиглалтад оруулах нь зүйтэй” гэсэн юм.
“Одоогоор албан бичиг хөтлөгдөөгүй”
Мөн бид зарим сумдын Засаг даргатай холбогдож албан бичиг хөтлөлтийн хэрэгжилтийн талаар тодруулсан юм. Архангай аймгийн Жаргалант сумын хувьд Албан бичиг хөтлөлтийн маягтаа захиалж авчээ. Энэ талаар Засаг дарга С.Адъяасүрэн “Холбогдох газраас хийгдсэн сургалтад хамрагдсан.
Мөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд нэгдсэн журмаар мэргэжлийн багшаас энэ сарын 20-ны дотор сургалт авахаар төлөвлөсөн. Хөрвүүлгийн ажилтан одоогоор аваагүй байна.
Одоогоор албан бичиг хөтлөгдөөгүй. Энэ сарын 13,14-нд аймгийн архив бичиг хэргийн тасгаас нэгдсэн сургалтад суухаар болсон” гэсэн юм. Харин Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга Д.Эрдэнээ “Манай суманд хос бичигтэн хөтөлбөрийн хэрэгжилт муу байна. Хөрвүүлгийн программ ашиглаагүй. Одоогоор нэг ч албан бичиг хосоор хөтлөөгүй байна. Хос бичигтэн хөтөлбөртэй холбоотой хүндрэл их байна. Ихэнх албан хаагчид монгол бичгээ сайн сураагүй. Юун албан хэргээ монгол бичгээр хөтлөх, алдаг оног муу унших төдий л байна” гэлээ.
Дундговь аймгийн Хулд сумын төрийн байгууллагуудаас хоёр байгууллага албан хэргээ бүрэн хөтөлж байгаа гэдгийг Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ. Тэрээр “Манай сумын бусад төрийн байгууллагууд “Кимо” хөрвүүлэгч суулган эхлүүлж байгаа.
Мөн энэ сараас хэлний бодлогын зөвлөлтэй хамтран хуваарь гарган сургалт зохион байгуулж байна. Албан бичгийн 50 хувь нь монгол бичгээр хөтлөгдсөн. Ямар байгууллагад илгээж байгаагаас хамаараад фонт, хэмжээ өөрчлөгдөх нь бий. Хүндрэл бэрхшээл нэлээдгүй тулгарч байна. Алдаагаа 100 хувь зөв засаж, залруулж чадахгүй байгаа. Мөн монгол бичгийн багш нарын зав чөлөөг харж, зөвлөгөө зөвлөмж аваад явж байна. Иймээс цаг хугацаа их шаарддаг” гэлээ. Үүнээс харахад аливаа нэг ажил зохион байгуулахад төрийн байгууллагуудын залгамж халаа мөн нөлөөлж байгаа нь харагдаж байгаа юм. Нэг сонгуулиар л албан байгууллагуудын удирдлага солигдож түүнээс үүдэж олон жилийн хугацаанд хэрэгжүүлж зарим төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд ч мөн нөлөөлж буй.
Төрийн албан хаагчид хөрвүүлгийн программаар л гол ажлаа нугалж байна
Энэ бүхнээс үзэхэд төрийн албан хаагчид хөрвүүлгийн программаар л гол ажлаа нугалж байна. Монгол хэлний тухай хуулиа 2015 онд баталж, хос бичигтэн болохоо зарласан тэр цаг мөчөөс хойш хэрэгжүүлсэн 10 жилийн бэлтгэл ажил хэр үр дүнтэй байв. Хэрэв бид албан бичгээ архив болгон хадгалахын тулд программ ашиглан хосоор хөтөлж байгаа бол урт энэ ажлын ач холбогдол, үр өгөөж нь хаана орших вэ. Бүх шатны төрийн албан хаагчид үндэсний бичгээ кириллтэйгээ адил хэрэглээнд оруулж, асуудалгүй уншиж, бичиж, цахимд шивдэг болсон цагт бүрэн хэрэгжиж байна хэмээн үзэх нь зүйтэй болов уу.
Хос бичигтэн болсонтой холбоотой цахим технологи, программ хөгжих нь зүйн хэрэг. Гэхдээ тунгийн тааруулахгүй аваас Монгол Улсын төрийн баримт бичгүүд дотоодын төдийгүй гадаадын серверт сан болон хадгалагдаж байгааг санах хэрэгтэй. Энэ нь хэрээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалтай холбогдох чухал асуудал юм.
Төрийн албаны дунд ид хүчээ авч буй хөрвүүлгийн программын тухай “Эрдмийн гүүр эхлэл” монгол хэл, бичгийн сургалтын төвийг үүсгэн байгуулагч, нийслэлийн ЕБС-ийн багш Б.Болорсайхан “Хөрвүүлэх программ ашиглах нь анхлан сурч байгаа хүмүүст хялбараас гадна цаг хэмнэдэг давуу талтай ч сул тал нь бага зэргийн алдаа гардаг. Ер нь хүн өөрөө сурах л чухал. Бид google translate ашиглаад өөр орны хэл рүү хөрвүүлэхэд алдаа гардаг. Үүнийгээ засаж чадахгүй бол хэцүү. Үүнтэй л ижил юм. Монгол бичгийн юникодын фонт байгаа учраас цахимаар бичихэд ямар асуудалгүй болчихсон. Аливаа юмыг эхлэхэд бэрхшээл гардаг. Гэхдээ бид жаахан хичээхэд л монгол бичгийг нийтээрээ сайн сурч чадна гэж бодож байна” гэв. Харин энэ асуудал дээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл “Цахим орчинд монгол бичгийг нэвтрүүлэх, хөгжүүлэх ажил 1990 оноос хойш хийгдсээр 2000 онд Монгол бичиг нь Юникодод албан ёсоор багтаж, үүний үндсэн дээр ISO буюу олон улсын стандартын байгууллага баталгаажуулсан байдаг. 1988 онд Doc-ын орчинд монгол бичгээр шивдэг программыг монгол инженер бүтээж байсан гэхээр цахим хөгжлийн асуудал бол нэлээдгүй эрт эхэлсэн байна.
Өвөрмонголчуудын хувьд монгол бичгийн хэрэглээ өндөр, хэрэглэгч олонтой тул монгол бичгийн юникодод суурилсан 1000 гаруй фонт, олон төрлийн хөрвүүлэгчийг бүтээсэн байдаг. Монголтоль.мн зэрэг толь бичигт бүх үгийн монгол бичгийн хувилбар байна.
Өгүүлбэр, текст хөрвүүлэгчийг одоогоор гурван компани хөгжүүлсэн байна. Иргэн, компаниуд өөрсдийн хэрэгцээндээ аль ч хөрвүүлэгчийг ашиглаад явж болох бол төрийн байгууллагын хувьд төрийн болон албаны нууцыг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой шаардлага, стандартыг хангасан, үндэсний компанийн хөрвүүлэгчийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Монгол хэлний тухай хуулийн 15.1.3 дахь заалтын зорилго нь төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахад дэмжлэг болох, их текстийг хөрвүүлэгч ашиглан цаг хэмнэх зорилготой болохоос аль нэг бизнест боломж олгосон, давуу байдал бий болгох зорилготой заалт огтоос биш юм. Стандарт, шаардлагыг хангасан хөрвүүлэгчийг нэвтрүүлэх боломж нээлттэй байгаа. Эцсийн хэрэглэгч буюу төрийн байгууллага нь батлагдсан хөрвүүлэгчээс сонголтоо хийх юм” гэлээ.
Мөн 2025 он гарсанаас хойш монгол бичгийн сургалтад хамрагдах байгууллага, хувь хүн эрс нэмэгдсэн. Иймээс манай байгууллага ч багшийнхаа тоог нэмж сургалтаа явуулж байгаа гэдгийг сургалт явуулж байгаа гэдгийг “Эрдмийн гүүр эхлэл” монгол хэл, бичгийн сургалтын төвийг үүсгэн байгуулагч Б.Болорсайхан хэлсэн юм.
Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг. Монголчууд 35 жилийн өмнөөс монгол бичгийг цахимд хөгжүүлэх ажилд ханцуй шамлан оржээ. Гэтэл энэ тал дээр бид Өвөрмонгол ахан дүүсээсээ мэдэгдэхүйц хойно алхаж явна. Монгол бичиг нь юникодод багтаж, олон улсын стандартаар баталгаажсан ч Монгол Улс өөрсдийн зохиосон юникод фонтыг албан ёсоор бүртгүүлээгүй байна. Иймээс төрийн албан бичиг хөтлөх фонтын асуудал гарсаар байгаа юм. Албан бичгийн үсгийн хэм хэмжээ тодорхой ч фонтыг нь нарийн заагаагүй байна. Хэрэв бид ийнхүү хөрвүүлгийн программд найдаж, ажил хэргээ хэрэгжүүлсээр байвал анх энэ хөтөлбөрийг эхлүүлсэн утга санаа, зорилгоо үгүйсгэсэн хэрэг болно. Бид үндэсний бичгээ хэлбэр төдий ашиглах бус агуулга талаас нь хэрэглээнд оруулах нь чухал юм. 30 жилийн өмнө анхны үндэсний хөтөлбөрөө боловсруулж, 10 жилийн өмнө хуульдаа тусгаад, албан ёсоор хэрэгжүүлж нэг сар гаруйн хугацаа хэрэгжилт ийм л байдалтай байна.
Мөн 2018 оны тавдугаар сарын 3-нд “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Ерөнхийлөгчий зарлиг гарч байсан. Үнэхээр бид албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөхөд бэлэн үү. Хос бичигтэн хөтөлбөр “хоосон” зарлиг болох вий.
П.Амгаланбаяр, П.Лхагважаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 1 цагийн өмнө
SEKSDN MASSAJLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
тунгийн тааруулахгүй гэж юу гэсэн үг вэ