Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд нөгөө нь Улсын Их Хурлын дарга явсан хоёр эрхэм Энержи ресурс компанийн мэдэлд буй Ухаа худаг ордын талаар олон нийтийн сүлжээнд цэц булаалдав. 

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болж шүүхээс түүнд холбогдох хэргийг цагаатгах шийдвэр гаргасан. Тэрбээр "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой...

...Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.." хэмээн бичиж. 

Харин Ерөнхий сайд асан С.Баяр түүний бичвэрт хариу болгон дараах зүйлийг бичсэн байна.

Тэрбээр "1.Сонирхолтой эл сэдвээр УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан ЗЭ анх жиргэсэн юм байна. Танд тухайн болон холбогдох бусад хуулийг сануулъя. Дашрамд, таны "нүүрсний хулгайн хэргийн" талаар би мэдэхгүй.

2."Ашигт малтмалын тухай" хуулийн 5.4. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж.

3. Тавантолгойн орд газрын тусгай зөвшөөрлийг "Энэржи ресурс" ХХК-аас төр хэлэлцээрийн үр дүнд буцаан авсан. Буцаан авах тэр гэрээнд гарын үсэг зурах эрхийг Үйлдвэр, худалдааны сайдад ЗГ-аас олгосон. ЗГ-ын хуралдааны шийдвэр нь ЗГ-ын тогтоол, ЗГ-ын хуралдааны тэмдэглэл хэлбэрээр гардаг. Бүх гэрээ, шийдвэр гарснаасаа одоо хүртэл ил байв.

4. Гэхдээ л манай ЗГ алдаа гаргасан. Нэг бол төрийн оролцооны хэмжээг ТТ дээр шууд л 100 хувь хүргэх ёстой байж, тиймээ, ЗЭ дарга аа?? Тэгээд Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай, Өмч хувьчлах тухай гэх мэт хувийн өмчийн тухай ойлголт бүхий бүх хуулийг хүчингүй болгох саналаа УИХ-д оруулах ёстой байж. Үгүй бол энэ ТТ орд газрыг хувийн хэвшилд нь бүхэлд нь үлдээдэг байж, яршиг цаашаа..." хэмээсэн байна. 

1.Сонирхолтой эл сэдвээр УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан ЗЭ анх жиргэсэн юм байна. Танд тухайн болон холбогдох бусад хуулийг сануулъя. Дашрамд, таны "нүүрсний хулгайн хэргийн" талаар би мэдэхгүй.
2."Ашигт малтмалын тухай" хуулийн 5.4. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж… https://t.co/mKsciI0hOZ

— S.Bayar (@SBayar12) February 11, 2025

Эл асуудалд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хошуу нэмэрлэжээ. Гэхдээ тэр асуудлаа ойлгоогүй эсвэл санаатайгаар өөр тийш эргүүлэх санаа цухалзуулав.

Тэрбээр "Хамгийн том стратегийн ордынхоо өрмийг нь зүгээр л Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр таслаад өгчихсөн гэсэн үг үү. УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр Тавантолгойн ордоос хэсэгчлэн салгаж, "Энержи Ресурс" ХХК-д гэрээгээр олгохыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр даалгаж болох уу. Энэ хууль эрх зүйн хувьд хүчинтэй юу. Оюутолгойн алдарт Дубайн гэрээ ч бас УИХ-ыг бүү хэл, Засгийн газрын хуралдаанаар ч оруулалгүйгээр шийдэж, үзэглэсэн. Энэ үйл явдал Дубайн гэрээний түүхтэй ижил уншигдаж байна. Энэ асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байна" гэж жиргэсэн байв. 

Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр "Сонин юм. Боловсрол мэдлэгтэй нь гэж бодож явсан залуус гэнэт сонин сонин болоод байхчив ээ. Хөсөг хөдөлгөөд эхэлсэн ЗГ-аа нэг нь огцруулна гэх. Нөгөө нь ЗГ-аа огцруулахгүй гэсэндээ огт хөндлөн, дээрмийн юм ярьж байх юм. Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа юм болов уу. Сонсгол нэмэр багатай шиг. Тиймээс 2008 онд ЕС байсан намайг АТГ, цагдаа, шүүхэд өгсөн нь дээр. Улсаа яг ямар философи дээр үндэслэж хөгжүүлэх гээд байна даа, залуус аа?" гэж асуужээ. 

Сонин юм. Боловсрол мэдлэгтэй нь гэж бодож явсан залуус гэнэт сонин сонин болооод байхчив ээ. Хөсөг хөдөлгөөд эхэлсэн ЗГ-аа нэг нь огцруулна гэх. Нөгөө нь ЗГ-аа огцруулахгүй гэсэндээ огт хөндлөн, дээрмийн юм ярьж байх юм. Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа… https://t.co/XzVh7zWGiY

— S.Bayar (@SBayar12) February 11, 2025