Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, өөрт нь хилийн хориг тавьсан, хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байна гэх зэрэг асуудлаар тайлбар хийв. 

Иргэн Б.Ариунзаяа "Би нэг хүнийг орон байрны хулгайч гэж зарлачхаж гэнэ. Түүнийг гүтгэлэг гэж байгаа юм байна. Л өөрийн мэдүүлэгтээ "Ариунзаяагийн ээжийнх нь утас алга болсон. Намайг хардчихвийдээ гээд олоод өгсөн" гэдэг. Хулгай мөн үү, биш үү гэдгийг мөрдөн байцаалтын процессоор шалгах ёстой.

Гэтэл надад өмгөөлөгч авах эрхээр хангахгүйгээр шууд яллагдагчаар татах тогтоолыг цагдаагийн газарт хүргүүлсэн. Цагдаагийн газар үүн дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүйгээр хаах саналаа прокурорт хүргүүлсэн байгаа юм. Прокурор нь Баянжаргал гэж хүн. Манай аавын хэргийг авсан. Гэтэл тэр хүн Б.Ариунзаяаг заавал яллана гэж байгаа юм. Л хүртэл энэ гомдлоо хаагаад өгөөч гээд байгаа. Би түүнээс нотлох баримтдаа юу өгснийг нь асуухад Инстаграм чатаар нэг хуурамч хаягаар чиний хийсэн сторинуудыг бичээд явуулсан гэсэн. Хариуд нь би "Зураг, бичсэн текст байлаа гээд би болно гэсэн үг биш шүү дээ" гэж хэлсэн. Учир нь тэнд миний хийгээгүй олон хэргийг бичсэн байсан.

Өмнө нь кофены асуудал дээр хүний хийсэн сторид үндэслэж хоёр жил хилийн хориг тавьсан. Өдийд магистраа хийгээд дууссан байх ёстой байтал сурч боловсрох эрх ч олгохгүй байгаа. Одоо дахиад хилийн хориг тавиад байна. Би сая нэг жилийн хугацаанд гадаадад байхдаа олон улсын хөрөнгө оруулалтын компанид ажилд орж, олон улсын тэмцээнд уригдаад бүртгүүлчхээд ирсэн. Төлбөр тооцоог нь хийсэн байгаа. Ажил хийж, хөдөлмөрлөх эрхийг хааж боогдуулж байна.

Би хувьдаа цагдаа, прокурорын үйл ажиллагааг мафижсан гэж хардаг. Хөнгөн зөрчлийн хэргүүдийг хүндрүүлэх гээд л үзээд байна. Би хэнд ч итгэх аргагүй.

Улсын Их Хурал(УИХ)-ын дэргэдэх Хүний эрхийн дэд хорооноос Эрүүдэн шүүлтийн тухай хэлэлцүүлэг хийж байгаа. Үүнд аавынхаа болон өөрийнхөө талаар ярьж оролцмоор байна. Мөн Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаад танд хуулийн зөвлөгөө өгдөг байсан хүний ганц охины хувиар прокурорын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгаж, төрийн оролцоотойгоор өөрийнхөө болон аавын хэргийг шийдүүлэхийг хүсэж байна. Би арай л шударга бус юм руу ороод байна. Намайг чирч оролцуулаад байна" гэв.