2024 онд амьгүй донор хүлээж байсан 167 бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Өнөөдрийн байдлаар амьгүй донороос бөөр хүлээсэн 696 хүн хоног хугацаатай уралдан амьдарч байна.

Тархины үхэлтэй донороос эд эрхтэн авахдаа нэрлэсэн эрхтнийг системээр нь авах шаардлагатай. Тодруулбал бөөрийг давсаг руу орсон сувагтай нь, элгийг судастай нь, шөрмөсийг чөмөгтэй нь авдаг учиртай. Энэ бол олон улсад хийгдэж байгаа эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний арга технологи.

Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай Г. Төмөр долоон жилийн турш диализийн аппаратад орж байна. Тавхан настай хүүтэйгээ урт удаан жил хамт байх хүсэлтэй ч тархины үхэлтэй донор олдохгүйн улмаас хэзээ аюул нүүрлэхийг тааварлахгүй суугаагаа нүдэндээ нулимстай ярьж сууна. Хамт эмчилгээ хийлгэж байсан хүмүүс нь нэг л өдөр эмчилгээний тооноос хасагдаж, хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг сонсдог түүний хувьд амь гуйсан өдөр хоногуудыг өнгөрүүлж байна.

 Тэрбээр "Өчигдөр нь цугтаа бөөрний аппаратад ороод маргааш уулзья гээд салсан нэг маань маргааш нь нас барчихсан байх тохиолдлууд таардаг. Тийм зүйлийг харчихаар МАРГААШ ӨГЛӨӨ БИ АМЬД БОСОХ БОЛОВ УУ гэх бодол төрж, таван настай охиноо хараад сэтгэл санаа үймэрч хэцүү санагддаг" гэв.