О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай
4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулт тавьсан. Засгийн газраас асуултын хариуг 14 хоногийн хугацаанд багтааж өгөх ёстой. Оюу толгойн гэрээ, хэлэлцээр, асуултын эргэн тойронд түүнтэй ярилцлаа.
-Оюу толгойн асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд байна. Та Засгийн газарт 10 асуулт тавьсан. Асуулт тавих шалтгаан юу байв?
-2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд буюу одоогоос дөрвөн сарын өмнө “Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүх дээр “Онтре” ХХК нь Рио Тинто компанитай шүүхдээд ялсан” гэсэн мэдээллийг сайт дээрээ гаргасан байна. Олон улсын арбитрын шүүхээс “Онтре” ХХК-ийн хоёр лиценз дээр 2004 онд байгуулсан “Ашиг хуваах гэрээ”-г эцэслэх хүрээнд “Хамтран ажиллах гэрээ”-г баталгаажуулах, “Онтре” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг “Оюу толгой” компанид үүрэгжүүлж, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгон шийдвэрлэсэн. Оюу толгойн нийт орд таван лицензтэй, үүний хоёрыг нь буюу нөөцийн бараг 30 орчим хувийг “Онтре” ХХК 2004 оноос хойш эзэмшиж ирсэн. Жишээ нь, Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтре”-н тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг гэсэн үг.
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн шиг хэмжээтэй гэгддэг Оюу Толгойн ордын хамгийн том хүдрийн үргэлжлэл “Онтре” ХХК-ийн энэхүү хоёр лицензэд орсон байдаг. Тиймээс Рио Тинтотой хамтын ажиллагааны ашиг хуваах гэрээтэй юм. Энэ гэрээгээ албажуулахгүй 20 жил явж ирсэн гэсэн үг.
Тэгээд гэрээ нь албажихгүй болохоор энэ компани Рио Тинтотой 2022 онд Арбитрын маргаан үүсгэж, Арбитраас гэрээгээ албажуул гэсэн шийдвэр гарч 2025 оны хоёрдугаар сард албажуулсан байна. Энэ 76 хуудас гэрээ нь “Онтре” ХХК-ийн вэбсайт дээр нээлттэй тавигдсан байгаа. Энэ мэдээг гарсан даруйд би Эдийн засгийн байнгын хороон дээр “Онтре” ХХК арбитрын шүүх дээр ялсан гэдгийг мэдэж байна уу, энэ нь манай улсын хувьд ямар нөлөөтэй байх талаар асууж байсан боловч хариулт авч чадаагүй.
“Онтре” ХХК-тай тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндэслэлтэй
-Гэрээ нь ямар утга агуулгатай юм бол. Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа юу?
-Монгол Улсын эрх ашгийн хувьд Үндсэн хуулийнхаа зарчим, Ашигт малтмалын тухай хуулиараа Оюу толгойн ордын 34 хувийг бид эзэмшдэг. Гэтэл энэ хоёр лиценз дээр Монголын эрх ашиг байхгүй байсаар байна. Рио Тинто, “Онтре” хоёр эдийн засгийн үр ашгаа хуваахаар гэрээгээ баталгаажуулахад Монголын эрх ашиг гадна нь үлдчихэж байгаа юм. Энэ асуудлыг Монголын тал яаралтай ойлгомжтой болгох ёстой. Тэгж байж бид Оюу толгойн бүлэг ордын 30 хувийн нөөцөөс ямар ашиг орлого авах нь ойлгомжтой болно. Тийм учраас Засгийн газар энэ дээр яаралтай шийдлээ гаргаж, гэрээ хэлцийн саналаа Улсын их хуралд оруулж ирэх хэрэгтэй.
-2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтре” ХХК хамаарах уу?
-Тэр хөрөнгө оруулалтын гэрээг үзэхэд “Онтре” ХХК-ийн лицензийг хальт дурдсан ганц заалт л бий. Тухайн үед А лиценз ч байгаагүй, Х лиценз байх үеийн дугаар ганц удаа дурдагдсан байгаа юм. Тэгэхээр 2009 оны хөрөнгө оруулалтуудын гэрээнд хамаарна гэх нөхцөл, заалт байхгүй. 2009 оны хөрөнгө оруулалтуудын гэрээний үйлчлэх хүрээ 6708А, 6709А, 6710А гэсэн бусад гурван тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг. Тиймээс “Онтре” ХХК-тай тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндэслэлтэй гэж би дүгнээд байгаа юм.
-“Онтре” ХХК-ийн тухайд мэдээлэл өгөөч. Их эртнээс хувь эзэмшигчээр орж ирсэн юм байна?
-2003 онд “Онтре” ХХК энэ хоёр лицензийг эзэмшсэн байдаг. Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, өнөөдрийн зах зээлийн мэдээгээр 300 орчим ам.долларын зах зээлийн үнэлэмжтэй компани бий. Одоо Оюутолгойн далд уурхайн олборлолт эхэлсэн. “Онтре” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд хамаарах хүдэр олборлолтоос орж ирэх мөнгөн урсгал 2029 оноос эхэлнэ.Тэгэхээр ердөө таван жилийн дараагаас “Онтре” ХХК ашгаа хүртээд эхлэх нь. Монгол Улс эндээс хувь эзэмших юм уу, АМНАТ эзэмших юм уу гэдгээ тодорхой болгох ёстой. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар Рио Тинто болон “Онтре” ХХК-тай хэлцэлд орох ёстой юм.
-“Онтре” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Энэ компани өөрөө олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулдаггүй. Оюу толгой гол менежер нь байж, бүх олборлолтоо хийж, бүх зардлаа гаргаад явна. Энэ компаниас гарах ёстой хувийг зээл болгож Оюу толгойгоос аваад буцаад зээлээ төлөөд, дараа нь эдийн засгийн үр өгөөжийн 20:80 харьцаагаар хуваах гэрээтэй. Эдийн засгийн үр өгөөжийн 20-30 хувийг “Онтре” ХХК, 70-80 хувийг Оюу толгой авна. Гэхдээ 560 метрээс дээш олдсон хүдрийг олборлоод гарсан эдийн засгийн үр өгөөжийн 30 хувийг, 560 метрээс дооших олборлолтын эдийн засгийн үр өгөөжийн 20 хувийг авна гэж хувьчилж гэрээндээ оруулсан байдаг. Энэ гэрээ бол Рио Тинто орж ирэхээс өмнө Айванхоу Майнстай байгуулагдсан байсан гэрээ юм.
Бид давхар татварын гэрээтэй орнууд болон татвараас зайлсхийх эрсдэлүүдээс өөрсдийгөө хамгаалах ёстой
-Оюу толгойтой холбоотой хэд хэдэн асуудал яригддаг. Тухайлбал, татварын асуудал байна?
-Оюу толгойн татварын асуудал 2013 оноос яригдаж эхэлсэн. 2013-2015 оны хооронд 377.1 тэрбум, 2016-2018 онд 649 тэрбум, 2019-2020 онд 279 тэрбум төгрөгийн татвар, нөхөн татвар, торгууль, алдангийг Монголын татварын албанаас Оюу толгойд ноогдуулсан байдаг. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги гэсэн үг л дээ. Гэтэл 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Австралийн нэр хүнд бүхий “Financial Review” сонинд Рио Тинтогоос Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны асуудлыг 295.0 сая ам.доллар буюу 814.0 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэхээр санал болгосон гэж нийтлэгдсэн байна лээ. Тэгэхээр нэг талаас Монгол Улсын Засгийн газрын татвар авах тооцоолол 1.3 их наяд төгрөг бол Рио Тинто 814 тэрбум төгрөг гэсэн санал өгсөн байна. Энэ хоёр дүнгийн зөрүүнд Засгийн газар ямар нэгэн шийдвэр гаргасан уу гэдэг асуулт байгаа юм.
-Оюу толгойтой татвартай холбоотой асуудал яагаад үүссэн хэрэг вэ?
-Оюу толгойн толгой компани болох “Оюу толгой Нидерланд” нь Монгол Улстай давхар татварын гэрээтэй, оффшор бүс Нидерланд улсад байсан. 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын их хурал Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээгээ хүчингүй болгосон. Учир нь үндэстэн дамнасан томоохон компаниуд олон улсын үнэ шилжилтийн механизмаар давхар татварын гэрээтэй орнуудаар дамжуулаад татвараас зайлсхийх арга хэрэглэдэг.
Энэ нь дэлхийн хөгжиж буй орнуудын үндэстэн дамнасан корпорацуудын томоохон төслүүд дээр явдаг жишиг юм. Тэгэхээр давхар татварын гэрээ цуцалснаар бид татварын алданги нөхөн торгууль тавих эрх зүйн орчин нээгдэж байсан гэсэн үг.
Ийнхүү 2020 он хүртэл татварын маргаантай явж ирсэн. Гэтэл 2023 оны арванхоёрдугаар сард “Оюу толгой Нидерланд” толгой компанийнхаа тайлан бүртгэл тэнцэл бүх зүйлээ Сингапурын бүртгэлтэй компани руугаа шилжүүлсэн. Гэтэл манайх Сингапуртай давхар татварын гэрээтэй улс. Тэгэхээр дахиад татвараас зайлсхийх асуудал гарах вий, ийм эрсдэл үүсэж байгааг харж байна уу. Ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулж өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт асуулт тавьсан. Бид энэ мэт өнгөрсөн алдаанаасаа суралцаж давхар татварын гэрээтэй орнууд болон татвараас зайлсхийх эрсдэлүүдээс өөрсдийгөө хамгаалж явах ёстой.
Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөнтэй холбоотойгоор асуудал хөндөгдсөнийг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхээр энэ асуудалд хөндлөнгийн аудит оруулая гэж 2021 онд УИХ-ын 103 дугаар тогтоолоор чиглэл өгч байсан.
Хөндлөнгийн аудит хийгдэж байж далд уурхайн бүтээн байгуулалт дээр ямар нэг асуудал байсан уу гэдгийг мэргэжлийн байгууллагаар хянуулах боломж нөхцөл нь бүрдэх юм. Тиймээс энэ үйл ажиллагаа заавал хийгдэх ёстой. Миний хувьд Давхар татварын гэрээ болон 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний асуудлууд хөндөгдөж байгаа энэ үед Оюу толгойн багц асуудлуудад анхаарал хандуулж байна. Нэгэнт “Онтре” ХХК-ийн асуудал хөндөгдөж байгаагийн хүрээнд Засгийн газар Оюу толгойн асуудлуудыг нэгтгээд цогцоор нь шийдэе, УИХ дээр оруулж хэлэлцээд шийдье гэж байгаа юм.
Оюу Толгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон
-Таны бас нэг асуулт Оюу толгойн хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалж нээлттэй компани болгох байсан. Нээлттэй компани болсноор ямар давуу талтай вэ?
-Оюу толгой компанийн дээр Туркойс Хилл Ресурсес гэж компани байсан. Туркойс Хилл Ресурсес бол Канад болон Америкийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани байсан.
Рио Тинто компани нь олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжаалагддаг Туркойз Хилл Ресурсес компанийн гаргасан хувьцааны 49 хувийг 2022 онд худалдан авч, хаалттай компани болгосны улмаас өмнө нь олон нийтэд нээлттэй байсан Оюу Толгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, хөрөнгө оруулагчид гээд бүх талд мэдээллийн тэнцвэргүй байдал улам л асуудал болно. Тэгэхээр миний тавиад байгаа шаардлага бол Оюу толгойг, эсвэл Монголын Засгийн газрын эзэмшиж байгаа 34 хувиас тодорхой хэсгийг нь Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгож гаргаач гэж байгаа юм.
Одоо бол Оюу толгойн бүх мэдээллийг зөвхөн төрийн хэдхэн албан хаагч мэдэж, анализ хийж, Засгийн газартаа мэдээлэл өгөөд явж байна.
Энэ дунд маш их мэдээлэл төөрөгдөж, хаягдаж, үл ойлголцол үүсгэж байгаа юм. Тиймээс бүгдийг нь нээлттэй компани болгоод хөндлөнгийн санхүүгийн шинжээчид өөрсдөө энэ бүх мэдээллийг үзээд дүгнэлтээ гаргах боломжийг олгооч. Энэ нь мэдээллийн тэнцвэргүй байдлын эсрэг маш том хөшүүрэг болно. Монголын ард түмэн өөрсдөө ороод судалдаг болно, хөндлөнгийн шинжээчид мэдээллээ өөрсдөө судлаад дүгнэлтээ гаргадаг болно. Канад, Америкийн хөрөнгийн бирж дээр гаднын хөрөнгө оруулагчид хувьцааны ашгийг нь хүртэж байгаа бол Монголын Хөрөнгийн биржид гарснаар монголчуудад энэ боломж олдоно. Оюу толгойн бүтээн байгуулалт дуусаж, далд уурхайн олборлолт эхэллээ, одоо нэмэлт хөрөнгө оруулалт өмнөх шиг их шаардахгүй. Тэгэхээр одоо Монголын Хөрөнгийн бирж дээр гарах цаг нь болсон гэж үзэж байна.
Оюу толгойн хувьд 2025 он түүхэн жил юм
-Бүтээн байгуулалт энэ жил дуусна гэж байна. Тэгэхээр энд ажиллаж байсан олон мянган ажилчдын асуудал хөндөгдөнө. Энэ тал дээр ямар гарц гаргалгаа байна вэ?
-“Оюу толгой” ХК бол уул уурхайн компани гэхээсээ илүү маш том мега бүтээн байгуулалтын төсөл байдлаар явж ирлээ. Одоо 18-20 тэрбум орчим төгрөгийн өртэй. Энэ мөнгөөр том бүтээн байгуулалт хийсэн гэсэн үг. Газрын гүнд 1000 метрийн доор бүхэл бүтэн хот шиг юм байгуулчихсан байна шүү дээ. Энэ бүтээн байгуулалт өөрөө маш их мөнгө шаардсан. Гэтэл энэ бүтээн байгуулалт энэ жилийн эцэс гэхэд дуусна.
Нэг ёсондоо Оюу толгой бүтээн байгуулалтын төслөөсөө тогтвортой уурхайн олборлогч компани болж шилжилт хийж байна гэсэн үг. Энэ бол 16 жилийн дараа Оюу толгой одоо л далд бүтээн байгуулалтаа дуусгаж зөвхөн олборлогч уул уурхайн компани болно гэсэн үг.
Энэ том бүтээн байгуулалтад үндсэн ажилтнаар 5000 орчим хүн, туслан гүйцэтгэгчээр 20 мянга гаруй хүн ажиллаж байсан. Тэгэхээр бүтээн байгуулалт дуусахаар үндсэн ажилтнууд үлдлээ гэхэд 16 жилийн турш ажилласан 20 мянган залуучууд яах билээ. Урт хугацаанд үүссэн ур чадвартай ажилчид ажилгүй болох эрсдэл үүснэ. Монголд дараагийн бүтээн байгуулалт гарч ирэхгүй бол энэ 20 мянган хүн тогтмол орлогогүй болж, мэргэжлийн ур чадвар сарниад дуусна. Тэгэхээр Засгийн газар хүний нөөцийн шилжилтийн стратеги заавал гаргах ёстой юм. Эдгээр ажилчдыг дараагийн том бүтээн байгуулалт руу хуваарилах, хүний нөөцийн том стратеги байх ёстой.
Монголд сүүлийн 30 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-80 хувийг Оюу толгой дангаараа явж ирсэн. Анх удаагаа том бүтээн байгуулалт дуусаад тогтвортой олборлогч руу орж байгааг харж байна. Тиймээс эндээс гарах эрсдэлийг урьдчилж хараад стратеги боловсруулах нь Засгийн газрын үүрэг юм.
Ийм чухал асуудлуудыг шийдэх зайлшгүй шаардлага 2025 онд ирж байна. Оюу толгойн хувьд 2025 он түүхэн жил гэж хэлж болно. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар энэ асуудлуудаа бүгдийг нь багцлаад УИХ-аар нэг мөсөн шийдэх ёстой. Тэгж байж аль аль талдаа ойлгомжтой, Монгол Улсын хувьд ч үр өгөөжийг нь тодорхой болгох хэрэгтэй. Маш их маргаантай явж ирсэн энэ асуудлуудыг цогцоор нь шийдээд явахгүй бол цаг хугацаа алдаж байна.
-Монгол Улсын хувьд Оюу толгойн төсөл туршлага боллоо. Цаашид гаднын хөрөнгө оруулагчдыг татах, ард иргэддээ байгалийн баялгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бид эндээс суралцлаа гэж харж болох уу?
-Би энэ асуудлыг Уул уурхайн дэд сайд байхаасаа л судалж ирлээ. 2025 онд бидний идэвхтэй хөдлөх, шийдэх цаг мөн. Хамгийн гол нь баримтлах зарчим бол дахиад л үндсэн хуулийн зарчим шүү дээ. Тэгэхээр Оюу толгой гэлтгүй бид нар стратегийн орд гэсэн зарчмаа баримталж, энэ ордыг ашиглахдаа нийт өгөөжийн дийлэнх нь ард түмний талд байна, газрын баялаг, байгалийн баялаг бол төрийн өмч буюу ард түмний өмч юм гээд Үндсэн хуулиараа тунхагласан. Тиймээс бид байгалийн баялгийг ашиглахдаа Үндсэн хуулиа л хэрэгжүүлэх ёстой юм.
Ард нийтэд өгөөж нь очиж байх тэр зарчмаар л бид ажиллах ёстой. Үндсэн хуульдаа бид Үндэсний баялгийн сангаар дамжуулж хуваарилна гэж заасан учраас Үндэсний баялгийн сан ч амилах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Бид алдаанаасаа суралцаж хөгжиж байна. Дараагийн томоохон хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд бид улам чадвартай болж байна. Гэрээ хэлцлийн гол зарчим бол хоёр талдаа харилцан ашигтай байх. Харилцан ашигтай байдал л алдагдах юм бол урт хугацааны хэлцлүүд дээр асуудал тулгарч хэрүүлтэй явдаг. Оюу толгойн орд газрыг ашиглах, гэрээг тойрсон маргаан, үйл явц энэ бүхэн Монгол Улсын хувьд том туршлага юм.
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 цагийн өмнө
DYYDLGR80955877
Зочин · 4 цагийн өмнө
зөв шүү ямар ч өгөөжгүй хүний хамаг эрдэнэсийг авчихаад нууж гадагш гаргаад ил тод л байх ёстой биз дээ Бороо гоулд шиг бас л хулгайч нар биз дээ Элбэгдорж Су батболд хоёр 7 үерэ идэх хөрөнгөтэй болж бид гуйлгачид болоод төрөөс хэдэн төгрөгийг харж хөөрхийлэлтэй монголын ард түмэн шүү
Зочин · 4 цагийн өмнө
BOOWN XUSNEER XXOOD SERELN VANAGLMAAR80955877