Угаасаа л, дэлхийд байхгүй төрийн тогтолцоотой Монгол Улс өөрийн загварыг тодорхойлсон онолтой болох цаг нэгэнт иржээ. Монголын төрийн бүтэц, харилцааг олон улсад түгээмэл онолоор тогтоох боломжгүй учраас улбаалан гарч буй үйл хөдлөл, үр дүнгүүдэд тодорхойлолт алга.

 Байнга “...Зовлон үзсэн чавганц”-ын онолоор өөрсдийн туршлагад, зөн билэгт найдаж улс, төрөө явуулсаар, мухардалд орж болзошгүй болоод эхэллээ. Төрийн тогтолцооноос эхлээд улс төрийн намууд нь ч ойлгомжгүй, онолын бус ажилладаг. 

 

Тухайлбал, МАН зүүний, АН барууны үзэл баримтлалтай гэх авч, явуулж буй үйл ажилллагаа, гишүүдийнх нь байр сууриас харахад аль нь ч тогтоогдохоо больсон. Шулуухан хэлэхэд, улс төрийн намуудын гишүүд нь өөрсдийн үзэл баримтлалыг мэдэхээ больчихсон.

 

Бараг л, “...Тэдэнд үзэл баримтлал байхгүй” гэчихэд гүтгэсэн гэхээргүй болоод байна. Гол нь, энэ бүхний лай ланчиг нийтийн эрх ашгийн төлөөх төрийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа юм. Хамгийн том жишээ нь, одоо энэ Баялгийн сангийн асуудал юм. Баялгийн сан, стратегийн ордуудтай холбоотой аливаа нэг асуудал хөндөгдөхөд Монголын улс төр маш ойлгомжгүй бужигнадаг болов. Хэдийгээр төрийн тогтолцоо, улс төрийн намуудын үзэл баримтлал зэрэг суурь нь тодорхойгүй ч, тэдгээрийг бужигнуулдаг “тогтолцоо” нь Монголд сонгодог утгаараа ажиллаж байна. Ер нь бол, дэлхийн улс орнуудын төрийн үйл ажиллагааны “шүдний өвчин” болсон тодорхой “урсгал”-ууд бий. Эхнийх нь популизм байна. Английн судлаач Д.Макрэ “…Популист үзэл санааны төвд эдийн засаг, улс төр, түүнчлэн нийгмийн асуудлын аль аль нь ч байдаггүй, түүний цөм нь бие хүн, юуны өмнө бие хүний ёс суртахууны төлөв байдал” гэж тодорхойлсон. Популизм нь хүнд нөхцөлөөс гарах арга замыг хайхдаа үймээн самууныг ашиглаж, өөрт таагүй, дургүй хүргэсэн бүхнийг хүчээр дарж устгахыг урьтал болгодог. Яахав, манайх шиг нийтийн сонгууль, тэгш эрх гэх мэт ардчиллын “шинж” бүхий улс орнуудад популизм оршдог. Гэхдээ улс төр, эрх зүйн соёл доогуур, нийтийн засаглал нь “хөлд орж” дээрээ амжаагүй улсад популизм өргөн хүрээтэй хөгждөг. Үүнийг хэрэглэдэг улстөрчид олон нийтэд таалагдах, түр зуурын сэтгэл ханамжийн амлалт өгдөг. Өөрөөр хэлбэл, популизм нь “...Эрх баригчид муу, ард түмэн сайн” гэсэн үндсэн философи дээр суурилдаг.

 

Популизмын нөлөө манайх шиг улсыг улам унагаж, сүйрлийн зам руу нь хөтөлдөг. Хамгийн эвгүй нь, “…Популистуудыг нухчин дарах хэцүү, шүүмжлэх тусам хүчирхэгждэг” гэж хал үзсэн улс орнуудын судлаачид хэлж байна. 

 

Нөгөөх нь, клиентелизм юм. Энэ нь хоёр болон олон хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садны онцгой харилцаа, холбоонд тулгуурладаг. Товчхондоо, ивээн тэгтгэгч, үйлчлүүлэгч хоёрын харилцаа юм. Голдуу тодорхой зорилгод чиглэсэн байдаг. Нийгэм, эдийн засгийн, улс төрийн хувьд нөлөө бүхий этгээд нь өөр бусдад өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж, нөгөөх үйлчлүүлэгч нь ивээн тэтгэгчдээ хариу үйлчилдэг үзэгдэл юм. Клиентелизм нь клиент буюу үйлчлүүлэгч гэдэг үгнээс үүсэлтэй. Бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч, түүнийхээ дараа эрх мэдлээ ашиглаж үйлчлүүлэгчиддээ ашигтай боломж олгохыг хэлдэг. Аюултай нь, клиентелизм олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж, нийгмийн солилцооны авилгыг бий болгодог байна. Өөрөөр хэлбэл, клиентелизм ба авлигын үзэгдэл хоорондоо мэдэгдэхүйц хамааралтай. Хувийн эрх ашгийн төлөө төр, нийтийн хөрөнгө нөөцийг улс төрийн аргаар завшихад чиглэдэг. За, ингээд харахаар энэхүү популизм, клиентелизм хоёрын “эрлийз” хувилбар Монголын өнөөдрийн улс төрд бий болоод байгаа нь анзаарагдана. Хамгийн сүүлд, УИХ-ын гишүүний асуултад Ерөнхий сайдын хариулсан үгээр нөгөөх гишүүн, цаашлаад АН-ын бүлэг популизм хийв. Тэд “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Э.Баярмааг “…Баярцогт дарга” гэж хэлсэн атлаа уучлал гуйсангүй” гээд УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага аваад байгаа юм. Гэвч, энэ нь хуулиас гадуурх үйлдэл болчихсон. Хуульд, зөвхөн УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлаас л намын бүлгүүд завсарлага авч болох тухай заасан. Гэтэл, АН-ын бүлэг ингэснээр ид яригдаж байсан Баялгийн сангийн асуудлыг дараад авлаа.

 

Тодруулбал, Ухаахудагийг Баялгийн санд, Төгрөг нуурын орд зэргийг стратегийн ордод тооцох эсэхийг УИХ хэлэлцэх болоод байгаа юм. Тэр утгаараа, АН-ын бүлэг өөрсдөө УИХ-ын үйл ажиллагаанаас бус Ухаахудагийг УИХ-аар хэлэлцүүлэхийг “завсарлуулж” чадав. Үүний тулд л популизм хийсэн мэт харагдаад, тайлагдаад эхэллээ.

 

Дашрамд, Баабар 2017 онд “... Үнэн хэрэгтээ хувааж идэх, хулгайлах, өөрсдөдөө ашиг гаргахаар нэгдсэн улс төрийн намуудтай улс орныг л мөхөл хүлээнэ” гэж бичсэн байдаг. Ер нь бол энэ бүхэн 2024 оны арваннэгдүгээр сарын эхээр, 2025 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлэхээс эхэлсэн л дээ. Гэнэт л нэр бүхий жагсаалтын гишүүд гарч ирээд төсөв эсэргүүцээд “жагссан” юм даг. Дүнд нь УИХ урьд өмнө хийж үзээгүй, цаашдаа ч хийж болохгүй үйлдэл хийж Төсвийн хуулийн ард гарсан. Балрангаа алдсан. Ерөөсөө, энэ нь популизмтай клиентелизм найрсан сүлбэлдсэн хэрэг юм. Товчхондоо, Монгол Улсын стратегийн ордуудын дийлэнх нь хувь хүмүүс, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдэлд орчихсон. Мэдээлэлд ойр, эрх мэдэлд хүрсэн байдлаа далимдуулан олон жилийн өмнөөс стратегийн ордуудад эзэн суучихсан байдаг.

 

Өнөөдөр стратегийн орд эзэмшигчид тодорхой хувийг нь Баялгийн санд хамгаалан авч үлдэх “стратеги” хэрэгжүүлж байна. Тэд Баялгийн санг мартуулах, саатуулахын тулд улс төрийн “үйлчлүүлэгчид”-ээ удирдан хөдөлгөж байна. Энд клиентелизм үйлчилж байгаа юм. Ер нь бол Баялгийн сан дээр клиен­телизм хүчтэй үйлчилж, попу­лизм арга хэрэгсэл нь болов. Энэ хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна. Харамсалтай нь, УИХ-д жагсаалтаар сонгогдсон голдуу гишүүд эдгээр үйлчилгээнд гүйж, дуу хоолой нь болдог болов. Учир нь, одоогийн УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн дийлэнх нь УИХ-ынхаа “шүдний өвчин” болж хувирлаа.

 

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ 2024 оны зургадугаар сарын эхээр хэвлэлд “…Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. …МАН-ын жагсаалтад бичигдсэн хүмүүс нийгмийн анги, бүлгийн төлөөлөл огт биш.

 

Төлөөлөл гэж сонгогдсон, итгэмжлэгдсэн хүмүүсийг хэлэх учиртай. Гэтэл тэднийг хэн ч сонгоогүй. Тэд бол МАН-ын эздийн тавиул. Хэрвээ тэд өөрсдийгөө төлөөлөл гэж нэрлэвэл бусдын нэрийг ашигласан луйварчид гэсэн үг” гэж бичиж байв. Үүгээр л болж байна. Бүхий л намын жагсаалтынхан иймэрхүү байна. Тиймээс, улс төрийн намууд дараа дараагийн УИХ-ын сонгуульд оролцохдоо жагсаалтын нэр дэвшигчдийнхээ шалгуурыг арай “эх оронч” байдлаар тавьж хангуулах шаардлагатай нь харагдаж байна. Ер нь, аятайхнаар хэлэхэд нутаг усны, аягүйхэн хэлэхэд жалга довны хамаарал ихтэй монголчуудад УИХ тэр чигтээ тойргоос сонгогддог гишүүнтэй буюу сонгуулийн мажоритар тогтолцоотой байх нь зохимжтой ч байж мэднэ. 

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин