Г.Уянга: Номтойбаяр бараг ингэх л гэж УИХ-д орсон биз
2014/07/16
УИХ-ын гишүүн Г.УЯНГАТАЙ ярилцлаа.
-Энэ зун ямар төлөвлөгөөтэй ажиллах гэж байна вэ?
-Миний ажилласан жил цөөн болохоор амралтын хугацаа бага. Миний амралт яг хэдийд эхэлж, дуусч байгааг ч сайн мэдээгүй явна. Ер нь наадмын хэдэн өдөр амарчихаад, бусад үед нь ердийнхөөсөө цагийн хуваарь арай багатай ажиллана гэж төлөвлөж байгаа. Хаврын чуулганы төгсгөлөөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Гэхдээ энэ хуульд баялгаа үнэлдэг үнэлгээний схем ороогүй. Үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд оруулж намрын чуулганд батлуулах нэлээд том улс төрийн хэлцэл хийсэн. Олон жил алтан дээр суусан гуйлгачин гэж дуудуулаад, хамаг баялгаа ухуулчихаад, өөрсдөө өрөнд ороод баларч байгаа энэ алдааг засах суурь өөрчлөлтийг л Ашигт малтмалын тухай хуульд хийх ёстой байгаа юм.
Сая Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөд энэ өөрчлөлтийг оруулъя гэж санал гаргасан боловч бүтэлтэй болоогүй. Гэхдээ амжилттай зүйл нь юу вэ гэхээр энэ хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барихад эрх баригч, хамтрагчид маань дэмжихээ илэрхийлж бүлгийн дарга нар албан ёсны протокол үйлдсэн.
Үүн дээр ажиллах нь хамгийн том зорилт. Мөн миний санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Түүнийг хэлэлцүүлэх бодолтой байна. Бас Барьцаалан зээлдүүлэх тухай хууль буюу ломбардын тухай хуулийг боловсруулж, Засгийн газраас санал авсан байгаа.
Үүнийгээ өргөн барьж хэлэлцүүлэх бодолтой байна. Түрээсийн тухай хуулийн төслийн судалгаа ирэх сард дуусна. Энэ хуулийн төслөө бичнэ гээд ажил их байгаа учраас амрах завгүй ажиллах нь шиг байна.
-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт олон аж ахуйн нэгжийг хүлээлтийн байдалд оруулсан. Сая баталсан хувилбар тэднийг хөдөлгөөнд оруулах боломжтой болгосон биз дээ. Таны өргөн барих өөрчлөлт бас ямар нэг байдлаар хүлээлт үүсгэх үү?
-Хаврын чуулганаар энэ хуулийг баталснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хориглосон хориг цуцлагдаж байгаа. Ингэснээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ажиллагаанд орно гэсэн үг. Тэгэхээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ажиллаж эхэлнэ. Минийх бол үүнтэй шууд хамааралгүй.
Монгол Улс газар доорхи баялгаа үнэлдэг, баялгаа ашиглахаар монголчууд өрөнд ордог биш ашиг олдог схемтэй болохгүй бол Оюутолгой шиг байдалд орох болоод байна гэсэн. Сая Цагаансуваргын орд дээр ч бас ялгаагүй. Баялгын үнэлгээний системээ тодорхой болгосны дараа Цагаансуваргын орд дээр сайн гэрээ "хийх ёстой гэсэн бодолтой байсан.
Энэ талаар орд эзэмшигч эзэдтэй хүртэл хууль батлагдахын өмнө уулзсан. Ер нь төр бол ард түмний баялгийг өөрсдийнх нь өмнөөс зарцуулах ёстой, алдах эрхгүй субьект л дээ. Харамсалтай нь төр юм болгонд оролцох ёсгүй, төр муу менежер гэж хэлсээр байгаад бүх зүйлийг хувийнханд шилжүүлж байгааг би хувьдаа зөв гэж боддоггүй.
Хувийн компани бол хувийн л компани. Ямар ч хувийн хэвшил ашиг олохын л төлөө ажилладаг. Ашгийн төлөө ажилладаг газарт Монголын ард түмний баялгийг даатгаж орхидог байж болохгүй шүү дээ. Энэ бол хэтэрхий бодлогогүй үйлдэл гэж үздэг. Ер нь хувийн хэвшилд өгсөн нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа, алсыг хараагүй зүйл болоод байгаа юм.
Нэг бол зардаг, нөгөө бол өрийн барьцаанд тавиад боонд болгодог ийм л байдалтай байна шүү дээ. Шавхагдаж дуусдаг баялгийг үнэлээд ирсэн, түүнийгээ баялаг болгож чаддаг жишээ маш олон байна. Үүнийг бид хэрэгжүүлж чадахгүй байна. Үүний суурийг нь намрын чуулганаар хэлэлцэх өөрчлөлтөөр тавих ёстой гэж бодож байгаа.
Хуулийн төсөл бол бичигдсэн гэж болно. Учир нь энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх үед "Шударга ёс" эвслээс ажлын хэсэг гаргаж, би ахалж, салбарын эрдэмтдийг оролцуулж, том төсөл боловсруулсан байгаа.
-Баялгаа үнэлэх системтэй болсноороо манайд шинэ зүйл бий болж байна гэсэн үг үү. Өмнөх туршлага хэр байдаг юм бэ?
-Ер нь шинэ зүйл гэж хэлж болно. Бид өнгөрсөн 20 жил их том туршлага суулаа л даа. Ялангуяа Оюутолгойн гэрээн дээр. Яагаад бид баялгаа алдав, бидний
алдаа юу байв, дараагийн удаа юун дээр алдахгүй байх ёстой вэ гэдэг маш том сургамж өгсөн. Энэ сургамжаа хууль болгож, батлах ёстой. Дараа дараагийн ордуудаа алдахгүй байх ёстой.
Оюутолгой Монголын цорын ганц баялаг гэж бодохгүй байна. Олон Оюутолгой нээгдэнэ гэдэгт би эргэлздэггүй. Тэр баялгаа бусдын өмч болгохгүйн тулд, буруу сэтгэлтэй улстөрчдийн гарын салаагаар урсгахгүйн тулд бид зөв схемээ хуулиндаа оруулж өгөх ёстой. Бид хэд хэдэн хувилбар санал болгож байгаа.
Тухайлбал, улс тодорхой хувийг үнэгүй авч болно. Эрдэнэтийг алдаатай гэрээ болсон гэж олон жил ярьсан боловч Оюутолгойтой харьцуулахад үнэндээ сайны жишээ болгож ярихаар байгаа. Эрдэнэт дээр монголчууд яасан бэ гэхээр энэ уурхайг ашиглахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан.
Ашгаа тэнцүү хуваахын тулд хөрөнгө оруулалтаа хувааж гаргах болсон. Манайд бэлэн мөнгө байгаагүй учраас Монголын тал уурхайн эдэлбэр газраа, хөрс ургамлаа, усаа, тэндэхийн ан амьтнаа бүгдийг нь үнэлсэн. Үнэлж болох бүх зүйлээ үнэлсэн. Тэгж хувиа эзэмшиж байсан. Ийм сайн туршлага байсаар байхад Оюутолгой дээр хэрэглээгүйг би үнэхээр гайхдаг.
Үүнийг хэрэглээгүй, ийм сэтгэл байгаагүйн төлөө Оюутолгойн гэрээ хийсэн улстөрчидтэй бид хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь маань хэвээрээ байгаа. Тэгэхээр ийм сайн жишээ зөвхөн гадаадаас гэлтгүй өөрсдөд маань байна. Эсвэл роялти буюу эзний татварын хэлбэр байна. Байгалийн баялгаа эзэмшүүлсний төлөө авдаг татвараа нэмэгдүүлж болно. Энэ мэт хувилбар байгаа.
-Баялгаа үнэлдэг боллоо гэхэд түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэр цаг хугацаа шаардах вэ?
-Хуулийн хэрэгжих хугацаа ердийн журмаар батлагдсан даруйдаа хэрэгжихээр байна. Дараагийн ордууд энэ хуулийн дагуу явах болохоор бид их том хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Тухайлбал, энэ өөрчлөлтийг хийснээрээ миний бие УИХ-д орж ирсний том зорилт биелэгдэх юм. Миний ч гэлтгүй энэ УИХ-ын том гавьяа байх болно гэж бодож байгаа.
-Цагаансуваргын ордын хувьд наадмын дүйвээнээр, шөнө оройн цагаар баталчихлаа гэж байгаа. Та үүнд эсрэг саналтай байсан гишүүдийн нэгийн хувьд ямар бодолтой байна вэ?
-Дэндүү харамсалтай байна. Үүнд Монголын төр хэрхэн олигархижсаны том илрэл гэж үзэж байгаа. Мөнгөтэй хүн бол төрийг яаж ч хөдөлгөж болдог, төрийг зүгээр халааслаад явж болдгийг л бид харлаа шүү дээ. Бараг Н.Номтойбаяр гэж хүн ингэх гэж л УИХ-д орж ирсэн биз. Иймэрхүү юм л хийх гэж мөнгөтэй хүмүүс төрд орж ирдэг юм шиг байна.
Би бол харамссан. Цагаансуваргын орд бол стратегийн орд. Стратегийн ордын 34 хүртэл хувийг төр эзэмших ёстой гэж хуулинд байсаар байтал ийм шийдвэр гаргасан. Цагаансуваргын орд дээр бүр 50 хүртэлх хувийг төр эзэмших ёстой байсан. Учир нь, 70-80-аад хувийн судалгааг нь социализмын үед төсвөөс хөрөнгө гаргаад хийсэн орд.
Одоогийн хуулиар бол эзэмшлийнхээ хэмжээгээр хөрөнгө оруулалтыг төр гаргана гэж байгаа. Ийм байлгахгүйн тулд Ашигт малтмалын тухай шинэ хууль батлагдтал Цагаансуваргын тухай тогтоолыг батлахгүй түр түтгэлзүүдэх ёстой гэсэн байр суурь дэмжигдсэнгүй. Хувийнхан аваад яваг гэсэн итгэл үнэмшилтэй гишүүн олонхи байсан нь харамсмаар л юм.
Энэ хүмүүс төрийг үнэлэхгүй байгаа нь ямар нэг байдлаар ашиг олох гэж орж ирсний илрэл юм. Өнөөдрийн улстөрчдийн байдал бүхэлдээ ийм байгаа нөхцөлд үүнийг өөрчлөхийн тулд хувьсгал хийх ёстой гэсэн итгэл үнэмшил улам батжиж байна. Монголын төрд маш том өөрчлөлт гарч байж энэ байдал өөрчлөгдөнө.
-Төр муу менежер гэдэг ойлголт төрөхөөс аргагүй болсон жишээ цөөнгүй. Тиймдээ ч одоо төрийн өмчийг бөөнөөр нь хувьчлах тухай яригдаад эхэлсэн. Ер нь төр юунд оролцож, юунд оролцохгүй байх хэрэгтэй юм бэ?
-Төр муу менежер байх эрхгүй байхгүй юу. Хүмүүс төрд найдахгүй юм бол өөр хэнд найдах юм бэ. Төр яагаад муу менежер байх эрхгүй вэ. Уул уурхайн баялаг дээр яръя л даа. Энэ бол Монголын ард түмний өмч. Та бид бүгдээрээ хүртэх ёстой. Үүнд зөв менежмент хийж, зөв хуваарилж, хөгжил болгох үүрэг цор ганц төрд л байгаа.
Түүнээс биш "МАК" компанид, "MSC''-д байхгүй. Тэд тийм үүрэггүй. Тэгэхээр төр муу менежер гэдэг үг байх ёсгүй. Энэ бол Монголын баялгийг наймаалцаж байгаа хэн нэгэн далд санаатны л үг. Миний хувьд төр муу менежер гэдэг үгэнд хамгийн их зэвүүцдэг.
Д.Пүрэвсүрэн
"Үндэсний шуудан" сонин