Монголд Bank of China-ийн салбаруудыг нээнэ гэсэн яасан бэ. Ерөнхий сайд “зайгаа авсан”, “Засгийн газрын түвшинд ийм яриа болоогүй” гэснээс болоод больчихлоо гэж үү.

Арай үгүй байлгүй дээ. Цаана чинь Хятадын “том дарга” ирж манай “том дарга” нарын авсан амлалтын гүйцэтгэлийг “шалгах” гээд байна шүү дээ. Ерөнхий сайд болиулчихсан гэсэн тайлбар өгөхгүй нь лавтай.

Хятадын төрийн өмчит энэ банкны 67.72 хувь буюу хяналтын багцыг Засгийн газар нь эзэмшдэг. Томоохон хөрөнгө оруулагчдад нь манай эчнээ танил “Чалко”, “Шинхуа” зэрэг “мангас”-уудаас гадна Bank of Tokyo Mitsubishi, Азийн хөгжлийн банк тэргүүтэн  багтдаг. Тиймээс хяналтын багцийг эзэмшигчийн ашиг сонирхлыг бүрэн гүйцэлдүүлэх үндсэн үүрэг нь олох ашгаас нь давдаг. Учир нь тэд ашгийн хувьд хэзээ ч санаа зовохгүй. Хонконгийн хөрөнгийн бирж өмнөөс нь ажлыг нь хийгээд өгчихнө.

Bank of China-ийнхан Ерөнхийлөгчөөсөө эхлээд томоохон албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогдож байсан боловч ял шийтгэл хүлээж байсан удаагүй нь анхаарал татдаг. Мөн их хэмжээний өр хуримтлуулж, төрийн өмчөө  үрэгдүүлснээс 2006-2007 оны үед дампуурахдаа тулсан гэлцдэг нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Гэсэн ч Хятадын төр нь банкууддаа тусалдаггүй тул зөвхөн IPO хийх замаар эрсдэлийнхээ тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдад үүрүүлэхийг зорьдог өвөрмөц тактиктай.  “Bank of China” өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт 45.4 тэрбум юань буюу 7.3 тэрбум ам.доллартай дүйцэх цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Хятадын бусад томоохон банкийн нэгэн адил тус банк ийн гадаад зээл олгосныхоо хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлж чаджээ.

Хамгийн гол  нь дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн болохоор Хятадын банкууд гадаадад салбараа улам олноор  байгуулж байна” хэмээн Guotai Junan Securities компанийн шинжээч энэ амжилтыг тайлбарласан байна. Яг ийм урхи занганд нь манай улс хүртэл өртөж мэдэхээр байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраа албан ёсоор байгуулсан тус банк манай  “Туушин” группт 25.4 сая ам.долларын зээл олгох гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяолунг болон дотоодын арилжааны банк, томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын хамт оролцсоныг санаж байна уу.

 

Дэлхийд нэр хүндтэй зочид буудал болох “Бест Вестерн”-тэй хамтран “Бест Вестерн Премьер Туушин” зочид буудлыг байгуулсан “Туушин” групп 2011 онд Худалдаа хөгжлийн банкнаас таван жилийн хугацаатай, 25.4 сая ам.долларын зээл авсан аж. Эл зээлээ Хятадын төрийн  банкинд шилжүүлэх хүсэлтийг “Туушин” групп 2012 онд гаргасан байна. Хятадын банкны төв салбар судалсны үндсэн дээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийж, Токио дахь салбараар дамжуулан зээлийг дахин санхүүжүүлэхээр болсон гэж тэр үед хоёр тал тайлбарлаж байсан. Тэр тусмаа Монголд салбар банк нээх талаар нарийн судалгаа хийж байгаа гэх Bank of China-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн дэд төлөөлөгч Дай Шингжүн “Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт саарсан тул сайтар судалгаа хийсний эцэст шийдвэрлэнэ” хэмээсэн нь зөвхөн жүжиглэлт байсан нь одоо бүр ч тод харагдах болов.

 

Хятадын эрх баригчид хэт их зээл олгон эдийн засаг халж, зарим салбарт нь үйлдвэрлэлийн хүчин чадал хэт илүүдсэнийг хазаарлах бодлого явуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд гадаад зах зээлд зээл эрчимтэй олгож эхэлсэн. Тиймээс “Bank of China”-ийг Ерөнхийлөгч Чен Сикин өнгөрсөн сарын ашиг орлогын өсөлт, нэн ялангуяа гадаад зээлийн өсөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Яг энэ аргаа эдүгээ Монголын талд зааж өгөх биз ээ. Хязгааргүй зээл олгох Хятадын банкны энэ арга О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеийн тактиктай яв цав нийлдэг.

Ер нь тус банкны талаарх статистик мэдээлэл жижүүрийн байдлаар байнга нээлттэй байдаг ч олон улсын шинжээчид төдийлөн итгэхгүй байна гэдгээ шулуухан илэрхийлдэг нь сонирхолтой. Ямартай ч өнгөрсөн оны байдлаар хувьцааны үнийн дүн нь 131.68 тэрбум ам.доллар, бэлэн мөнгөний хэмжээ 443.43 тэрбум ам.доллар, өр нь 359.82 тэрбум ам.доллар, орлого 98.12 тэрбум ам.доллар, нийт актив нь хоёр их наяд ам.доллар гэсэн тоон үзүүлэлийг forbes.com-д нийтэлж байв. Тухайн үед 302 мянган ажилтантай байсан тус банкны цэвэр ашиг нь 22.1 тэрбум ам.долларт хүрч байсан аж.

Мөн Форбесийн шинжээчийн нийтлэлд өгүүлснээр “Хятадын банкуудтай холбоотой зарим дуулиан Хятадын барилгын COVEC хэмээх төрийн өмчийн корпораци Польшийн нийслэл Варшав хотыг Германы хилтэй холбох үүрэгтэй А2 хэмээх хурдны зам барих ажил авч чадаагүйгээс компани болон “Bank of China” тус улсын төрийн агентлагт баталгааны мөнгөө төлж чадаагүй” аж. Шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн мөнгийг “Bank of China” болон Хятадын экспорт импортын банк (Exim Bank of China) хоёр энэ нөхөн төлбөрийг барагдуулахаас татгалзсан бол Deutsche Bank тодорхой хувийг нь шилжүүлсэн байна. АНУ-ын иргэн Дэниэл Вульц хэмээх хүү 2006 онд Израильд халдлагад өртсөн. Түүний эцэг эх 2008 онд Вашингтон хотноо шүүхэд зарга мэдүүлж, ХАМАС бүлэглэлд санхүүгийн үйлчилгээ үзүүлж, мөнгө шилжүүлж өгсөн “Bank of China”-г уг хэрэгт буруутгасан юм. Уг хэргийн хүрээнд Израилийн эрх баригчид гэрчийн мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэвч Израилийн эрх баригчид гол холбоотон нь болох АНУ-ын нөмөр нөөлгөөс илүүтэйгээр хүч, нөлөө нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй Хятадын банк, Хятадын эрх баригчидтай муудалцахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Дээрхтэй төстэй заргыг 2008 онд Израилийн Иерусалим хотноо амь насаа алдсан найман хүний гэр бүлийнхэн гаргасан. Тэр үед “Bank of China”-ийн удирдлага алан хядагчдад тусалж, мөнгөн шилжүүлэг хийдгээ үгүйсгэсэн аж. Банкны удирдлагууд “Bank of China” нь НҮБ-аас баталсан мөнгө угаах, алан хядлагыг санхүүжүүлэхгүй зэрэг бүхий журмыг ёсчлон биелүүлдэг тухайгаа мэдэгдэж байв. “Bank of China” нь 2013 оны тавдугаар сард Умард Солонгостой тогтоосон харилцаагаа тасалснаа мэдэгдсэн билээ. Учир нь АНУ-ын тал өмнө нь тус банкийг “Умардын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд оролцдог” хэмээн буруутгасан юм.

Харин одоо Хойд Солонгостой харилцаагаа тасалсан энэ цаг үед Bank of China-ийн “эзэд” Монголд ирж, үндсэрхэг үзэлт Х.Баттулга Хойд Солонгос руу явчих нь тэр. Энэ бүхэн сонин биш гэж үү…!!!

С.Чулуун