"Бахрейн-2025" Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцсон байна. Харамсалтай нь, эх орноо төлөөлж оролцож буй өсвөрийн тамирчдад тэмцээний зардал санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир тамирчид зочид буудлын үүдний хэсэгт хонож байгаа аж. Энэ талаар багийн дасгалжуулагч МУГТ Г.Отгонцэцэг өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.

Тэрбээр, "Тэмцээнд явах зардлаа арай ядан олсон хүүхдүүд маань бас л буудлын мөнгөө хэмнэн ингэж зүдэрч яваа өдрүүд олон. Бид хувцас хунар, буудлын мөнгө, онгоцны билет гээд наад захын хэрэглээгээ олж чадахгүй гуйж гувшаад явж байхад бусад улс орон ямар түвшинд хүрсэн явааг салбараа хариуцан ажиллаж байгаа хүмүүс мэддэг болов уу. Энэ удаагийн Азийн залуучуудын наадамд Монгол улс оролцсон бүх спортын төрөлдөө алтан медальгүй өндөрлүүлж байгаа нь манай спортын хөгжил ялангуяа өсвөр залуучуудыг чиглэсэн дэмжлэг огт байдаггүй ээ гэдгийн жишээ боллоо. Мөнгө өг тэмцээнд явуул гэж гуйж байгаа юм биш наад захын спорт заал, танхим барьж тэнд хичээллэхийн хүссэн хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд өгөөч. Дурандаа хичээллэж байгаа дэмжих албагүй, улс орон тамирчдаа дэмжлээ гээд хөгждөггүй гэх олон хүн байгаа хэдий ч энэ хүүхдүүд ирээдүйн Монгол улсыг бүтээлцэх Монгол улсын минь хамгийн том хөрөнгө болсон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ингээд тоохгүй орхиж болохгүй ээ. Спорт бол яагаад ч хаяж, орхиж болохгүй салбар.

Мөн тэмцээнд явахын өмнөхөн Тэргүүн шадар сайд Н.Учрал болон ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам нар Төрийн ордонд хүлээж авсан. Ингэхдээ зураг даруулж, үг хэлэхээс цаашлаагүй. Олимпын хороо 80 сая төгрөгийг замын зардалд, 400 сая төгрөгийг бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэсэн. Гэтэл үнэндээ энэ хувцас, цүнх гутал нэг хүнийхийг хамгийн өндөр дүнгээр тооцоолоход 1 сая төгрөг гэж бодоход 179 хүнийх 179’000’000 төгрөг болж байна. Үүнийгээ дэмжлэг гэж хэлэхээс ичмээр, өнөөдөр зүгээр хэдэн тамирчин хүүхдүүдээр реклам хийж ажил хийж байгаа дүр эсгэж баахан зураг л авлаа. Тамирчдын нөхцөл байдал, спортын хөгжил ямар түвшинд байгаа нь огтоос сонин биш байсан. Энэ тэмцээнд хүүхдүүд бүгд өөрсдийн зардлаар оролцож байгаа ба нэг хүүхэд онгоцны билетэд 4’740’000₮ байр хоолны зардалд 280$ буюу 980’000₮-ны зардал гарган оролцож байгаа.

Хүүхэд, залуучуудыг дэмжих ямар ч далайцтай, хүртээмжтэй ажил хийхгүй хүний нүд хуурсан, халаасандаа мөнгөө л үржүүлэх ажил хийж байгаагаа битгий дэмжиж байна, өгч байна, хөгжүүлж байна гэж нийгмийн өмнө ард түмний өмнө жүжиг тавиад бай, гуйя" гэжээ.