Нөөц төлөвлөгөөг нууц хийж байна
2014/07/22
Унаж мөлхсөн эдийн засгаа 100 хоногийн дотор сэвхийтэл нь сэхээгээд ирэх үлгэр хүүрнэж суусны Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, хэрэггүй олон хоолны савнаасаа салахаар шийдсэн сураг байна.
Том төрөөс ухаалаг төр лүү шилжих Төрийн тэргүүний санаачилгыг үл тоож сайд нарынхаа давхарлаж нөмөрсөн дээл хувцсыг нимгэлэхгүй хэмээн гүрийж байсан гүйцэтгэх засаглалын тэргүүнд суудалдаа үлдэхийн тулд Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай зөвшилцөхөөс өөр арга байгаагүй гэнэ. Гурвалсан яриа хөөрөөний үр дүнд Н.Алтанхуяг буулт хийж сонгуулиас хойш томруулж тордсон Засгийн газартаа салхи савир оруулж, сайд сэтэртэй зарим нөхдөөсөө салах шийдвэрт хүрчээ. Тиймээс Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж яамдын тоог цөөлөх асуудлаар тусгайлсан ажлын хэсэг гаргасан бөгөөд энэ тухай салхинд ч үг алдаж болохгүй хэмээн том лүндэн буулгасан байна.
Ингэхдээ өнгөрсөн хугацаанд хэрэг тусаар маруухан байсан яамдыг татан буулгах замаар эл өөрчлөлтийг хийхээр болжээ.
Гэхдээ шуудхан хэрэггүй гээд буулгачихна гэхэд бас хэцүү АН шиг дотроо олон фракцтай, тэднийхээ эв гавыг олох гэж тархиа гашилгадаг намд сайдынхаа тоог цөөлнө гэдэг фракцуудын дунд дахин хуваарилалт хийхээс өөр аргагүй болох юм. Бор шувуудын зууж ирсэн ховоор бол эхний ээлжинд хэл ам хэрүүл шуугианы бай болоод байгаа Эдийн засгийн хөгжлийн сайдаас лав салах бололтой. Тэнгэртэй харилцдаг онгодтой сайдаасаа өөр аргаар салах боломж хомс учраас МАН- ынхны саналыг завсарлагаар аргацаагаад намрын чуулган хүртэл чирэхээр шийдсэний учир ч үүгээр тайлагдах бололтой юм билээ. Түүнээс гадна бүтцийн өөрчлөлтөөр төрхөмдөө буцах сайдын тоонд өнгөрсөн хугацаанд Т-Батаар болон түүний нөхдөөс илүүг харж ажиллаж чадаагүй Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийг нэрлэж байна. Эдийн засгийн хөгжлийн яамны тухайд гол нүүр тахалж ирсэн “Гудамж” төслийн ажлыг нь хотод хариуцуулчихна, үлдэх үүргийг нь Сангийн яам руу шилжүүлчихэд өөр асуудал гарахгүй. Соёл, спорт, аялал жуулчлал ч мөн л өмнөхийн адил Боловсролын болон Байгаль орчны яам руу нийлж нэгдээд цэгцэрчихнэ хэмээн үзэж буй юм байх. Мөн бүтцийн өөрчлөлтөд эн тэргүүнд хамрагдах яамны тоонд Зам тээврийн яам орж магадгүй. Энэ нь хариуцсан салбарын ажил хийгээд ачаалалтай холбоотой биш. Харин түүнийг удирдаж буй А.Гансүх сайд төмөр замын цариг дээр том хэрүүл тарьсан Х.Баттулга гишүүнтэй үзэл бодол нэгтэй байгаа учир хэдийгээр дан дээлтэй ч бүтцийн өөрчлөлт нэрээр түүнийг нүцгэн үлдээх боломжийг ярилцаж буй гэдэг зүгээр ч нэг хов төдийхөн биш байж мэднэ. Эдгээрээс гадна өөр хооронд нь нийлүүлж нэгтгэж байгаад дор хаяж 3-5 яамыг цомхотгох хар зураг гарч байгаа гэсэн. Мөн энэ удаа зардлаа танаж, том төрийнхөө овор хэмжээг багасгаж ухаалагт дөхүүлэхийн тулд дэд сайдуудаас салах төлөвлөгөө ч байгаа. Ингэхээр одоо ажиллаж байгаа 17 дэд сайд цомхотголд орно гэсэн үг. Энэ тохиолдолд нэг яамнаас хамгийн багадаа 30 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарах юм. Дэд сайдын авч буй цалин хангамж, унаа тэрэгний идэш ууш, суудаг өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг наад захын зардлаас гадна туслах, жолооч гээд орон тоо хэд хэдээрээ хэмнэгдэнэ. Мөн яамд дотроо ч бүтцийн өөрчлөлт хийж таарахаар байгаа гэнэ. Олон зөвлөх, орлогчоосоо сал, баахан туслах, ажлын албаа цөөл гэсэн үүрэг даалгавар ч үүнийг дагаад ирэх юм билээ.
Дарга нарынхаа тоог цөөлөх ажлыг орон нутагт сумдын түвшинд бол хийгээд эхэлчихсэн. Эхний ээлжинд сумын Засаг даргын орлогч гэж хийх ажлаа олж ядсан нөхдийг цомхотгосон нь ард иргэдэд тун ихээр таалагдаж байгаа. Ажил багатай энэ албан тушаалын эзэнд сумын төсвөөс дор хаяж жилдээ 10 гаруй сая төгрөгийг цалин гэж өгөхөд хүрдэг байсан учраас ийм хэмжээний мөнгийг ядарсан төсвөөсөө хэмнэхэд хэн дургүй байх билээ.
Гэхдээ нөөц болгон нууцаар хийж байгаа цомхотголын төлөвлөгөө бодит ажил болтол бас ч гэж хугацаа орно. Эхний ээлжинд Ардчилсан нам фракцуудтайгаа зөвшилцөх ёстой. Харин дараа нь засаг хамтарч барьж байгаа МАХН-МҮАН- ын “Шударга ёс” эвсэлтэй яриа хөөрөө хийж таарна. Үүний дараа Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэхээр намрын чуулганаар амжих эсэх нь тун ч эргэлзээтэй. Тийм учраас л үүнийг нөөц төлөвлөгөө гээд буй юм. Одоо мөрдөж буй Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, чиглэлийн Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам буюу нийтдээ 16 яамтай байхаар заасан. Тэгэхээр төрийн өндөрлөгүүдийн хэмжээнд хэлэлцэж тохирсноор Засгийн газрыг цомхон болгох төлөвлөгөө хэрэгжихдээ хүрвэл Засгийн газрын бүтцийн тухай гэх энэхүү хуульд засвар оруулж 2012 оны наймдугаар сарын 16- наас хүчин төгөлдөр мөрдөж буй эл хуулийг хүчингүй болгох ёстой болно. Гэхдээ өвөр зуураа хэл амаа ололцчихвол хуульд өөрчлөлт оруулах үнэндээ алга урвуулахын төдий болж хэлэлцэнэ гэж гурилдаад өнгөрдөг болсон энэ парламентад хийж ядаад байх ажилч биш л дээ.
Зочин · 2014/07/23
Энэ нь асар их юм. маш их баярлалаа
Зочин · 2014/07/23
altanhuyag uuruu ogtsoroots ee. ichdeggui hun yum daa
Зочин · 2014/07/23
ok...
Зочин · 2014/07/23
Ajlaa meddeggui Gantomoriig hamgiin turuun avah heregtei
Зочин · 2014/07/23
ok
Зочин · 2014/07/23
Зочин · 2014/07/23
аль эрт л ингэх хэрэгтэй байсан юм. нүсэр бүтэц их зарлага л гаргана Эх орноо гэдэг бол тоо сайн бодож сурмаар юм энэ е/сайд.