Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 04-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид, ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 30 байгууллагыг хамруулан хяналт шалгалт хийсэн байна.

Уг шалгалтанд хамрагдсан биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагууд нь “Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагад тавих шаардлага” MNS 6396:2013 Монгол Улсын стандартын тухай нэгдсэн ойлголттой болж, энэхүү стандартыг хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж эхэлсэн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалсан, түүгээр үйлчилсэн тохиолдол гараагүй зэрэг ололттой, сайн талтай байсан хэмээв.

Гэвч БИБ ханган нийлүүлэх байгууллагуудад -бүтээгдэхүүний зарлагын баримтанд цувралын дугаар тэмдэглэж хэвшсэн байдал 27%, бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах заавар, дүрэмтэй, зах зээл дээрх бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт тавьж буй байдал 17%, зах зээлд гарсан БИБ-ий хэрэглээ, гаж нөлөө, чанар аюулгүй байдалд судалгаа хийж буй байдал 19%, БИБ ханган нийлүүлэх байгууллагууд нь бүтээгдэхүүнийг иргэдэд жижиглэнгээр худалдаалдаггүй байдал 30%, Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, түүний онцлогт тохирсон “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж буй байдал 19,5% -ийн тус тус хэрэгжилттэй, биологийн идэвхт бүтээгдэхүүний 15% нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь БИБ ханган нийлүүлэх байгууллагуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, “Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагад тавих шаардлага” MNS 6396:2013 стандартын хэрэгжилт хангалтгүй байгаа нь шалгалтаар илэрчээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдалд үндэслэн дөрвөн байгууллагад 36 заалт бүхий албан шаардлагаар улсын /ахлах/ байцаагчийн  хугацаатай үүрэг даалгавар өгч, ажлын байр, ажиллах мэргэжлийн хүн хүчин, бүтээгдэхүүний хувьд стандартын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа нэг байгууллагын үйл ажиллагааг зөрчил дутагдлаа арилгатал түр хугацаагаар зогсоосон байна.

Энэхүү шалгалтанд хамрагдсан байгууллагын удирдлага, мэргэжилтэн, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай  хууль, дүрэм журам, стандартыг сурталчилан таниуллаа.

Шалгалтын дүнгээр биологийн идэвхт бүтээгдэхүүн нь аливаа өвчин эмгэгийг эмчлэх бус хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүн тул Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар  зохицуулагдах боломжгүй байна гэж үзжээ.

Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай дараах саналыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байна.

  1. Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудад  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн нэгдсэн арга хэмжээ авч ажиллах;
  2. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зохицуулах эрх зүйн орчинг оновчтой болгох;
  3. Биологийн идэвхт бүтээгдэхүүний тархалт, тэдгээрийн зохистой хэрэглээнд тандалт судалгаа хийх;
  4. Иргэдэд чиглэсэн биологийн идэвхт бүтээгдэхүүний зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
  5. Хэвлэл мэдээллийн хэрэглээр ил ба далд хэлбэрээр явагдаж байгаа биологийн идэвхт бүтээгдэхүүний зар, сурталчилгааны агуулгыг бүрэн хянаж, түүний хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран хангуулж ажиллах;
  6. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан хаяг дээрээ байхгүй, байрших хаяг тодорхойгүй “Өндөрхангайн уулс”, “Инфиниум Ориент”, 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй “Гоёл хийц”, “Новалинк”, “Аквартон Ач”, “Хатан сур”, “Шүрэн талст” ХХК –ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх.

Биологийн идэвхт бүтээгдэхүүн /иргэдийн дунд сүлжээний бүтээгдэхүүн гэж нэрлэдэг/ нь өвчин эмгэгийг эмчлэх эдгэрүүлэх зорилгоор биш харин биед шаардлагатай байгаа зарим эрдэс бодисыг нөхөж өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн юм.

Олон нийтийн радио, телевизээр мөн иргэдийн дунд амнаас ам дамжин биологийн идэвхт бүтээгдэхүүн нь өвчнийг эмчлэн илааршуулж эдгэрүүлнэ хэмээн буруу зөрүү зар сурталчилгаа ихээр цацагдаж байна. Иймээс иргэд сурталчилгаанд хуурталгүй, тухайн бүтээгдэхүүнээ сайтар судалж, өөрт тань зайлшгүй шаардлагатай эсэхийг мэдсэний дараа хэрэглэж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Одоогоор МХЕГ-т биологийн идэвх бүтээгдэхүүнээс хордсон гэсэн мэдээлэл ирээгүй ч зар сурталчилгаа болон импортлогчдын үгэнд хууртан бүтээгдэхүүн авч хэрэглэснээс иргэд хохирох тохиолдол байж болзошгүйг анхааруулсан юм.

Х.Даваа