ТОЙМ МЭДЭЭ
2 цагийн өмнө

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛСТӨР: Чуулганаа бүтэн сар үргэлжлүүлж олигтой шийдвэр гаргаж чадахгүй явсаар энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал өөрийн Засгийн газраа байгуулж гишүүдээ томилж олон нийтийн санааг амраалаа.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилохдоо “Түлш шатахууны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна” гэдгийг тэмдэглэлээ.
Сайдын алба бол өндөр эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Хүндрэлийг сөрж, бэрхийг туулж, илүү хурдтай, эр зоригтой ажиллан, асуудлыг шийдэл болгож ачааны хүндийг даах өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилтыг биелүүлж, цаг үеийн сорилтыг даван туулахад мэдлэг туршлага, ухаан бодлоо дайчлан, хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг хатуу шаардахаа онцлов. Мөн ёс зүйн болон ажлын хариуцлага шаардаж ажиллахаа илэрхийлж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг ажиллах ёстойг анхаарууллаа. ШИНЭХЭН САЙД НАРТАЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦААРАЙ.
НИЙГЭМ: Дуулиан тарьсан асуудал үүсээд буй. Тодруулбал, Туул гол уу, Хурдны зам уу? гэсэн сонголттой тулгараад байна.
Иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр талбай дээр тайван жагсаж байна.
"Туулын хурдны зам зөв буруу гэж ид яригдаж байгаа энэ үед би Улаанбаатар хотын унаган хүүхэд, оршин суугчийн хувиар өөрийн үзэл бодлоо илэрхийлье. “Хурдны зам” гэдэг бүтээн байгуулалт талаас хүн бүхэн л дэмжиж байгаа биз. Гэхдээ “зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг хуучны технологиор зүтгүүлээд байгаа нь буруу шүү дээ." хэмээн иргэдийн төлөөлөл хэлсэн. Тэдний үзэл бодлын дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
ЭДИЙН ЗАСАГ: Шатахууны үнэ нэмэгдэх сургаар "юмны үнэ тэнгэрт хадав"
Жил бүрийн хавар махны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Энэ жишгээр энэ удаад нэмэгдэх хандлагатай байлаа. Гэвч шатахууны үнэ нэмэгдэж магадгүй гэх сургаар гэрлийн хурдаар нэмэгдлээ.
Гуравдугаар сарын 30-ны байдлаар хонины ястай мах нэг килограмм нь 21984 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 26976 төгрөгт хүрчээ. Харин ямааны махны үнэ 1,9 хувиар буурч 15461 төгрөгтэй худалдаалагдаж байна.
Харин Дэнжийн мянга захад үхрийн цул мах 33 мянга, ястай нь 27 мянга, хонины цул мах 23 мянга 500 төгрөг, ямааны мах 18 мянга 500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Махны үнэ тэнгэрт хадах болсон гол шалтгаан нь шатахууны үнийг нэмэгдэж магадгүй гэсэн мэдэгдэл ихээхэн нөлөөлөв.
- Үхрийн цул мах-38,3 %
- Хонины цул мах-27,8 %
- Үхрийн мах /ястай/ -36 %
- Хонины мах /ястай/-29,2 %
- Ургамлын тос-63,8 %
- Сүү-30,6 %
- Монгол төмс-119,4 %
- Монгол лууван-15,2 %
- Цагаан будаа-4,8 %
- Атар талх-4,9 %-иар тус тус нэмэгджээ.
Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч дэлхийн 90 гаруй улс нефтийн хязгаарлалт хийх, төрөөс арга хэмжээ авах зэрэг нөхцлүүд үүсэж байна. Манай улсад ч гэсэн шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй нөхцөл байдал бий болсон хэмээн мэдэгдсэн нь ийн нөлөөлжээ. Уг нь өнөөдрийн байдлаар, шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа гэдгийг хэн бүхэн мэдэж буй. Дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэж албаныхан мэдэгдсэн энэ үед юмны үнэ хэрхэх нь "бүрхэг" байна.
СПОРТ: Н.Өсөхбаярын допингийн асуудлыг ирэх сарын 9-нд эцэслэнэ
Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэж, Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаярын допингийн асуудалтай холбоотой маргааныг шийдвэрлэх товыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт зарлажээ. Тодруулбал, түүний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, Үндэсний бөхийн холбооноос барилдах эрхийг нь гурван жилээр хассан юм.
Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр уг шийдвэрийг эсэргүүцэн Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх Допингийн давж заалдах комисст гомдол гаргасан.
Үүний дагуу маргааныг албан ёсоор хэлэлцэх шатанд шилжүүлж, холбогдох талууд болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Наадмыг зохион байгуулах хороо болон Бөхийн салбар хороонд хуралдааны дээрх товыг хүргүүлжээ.
СОЁЛ УРЛАГ: Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадам дөрөвдүгээр сарын 16-23-ны хооронд болно. Наадмыг найруулагч Александр Коттын “Ладогагийн сахиусан тэнгэрүүд” кино нээх бол үндсэн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Шри-Ланкийн нэрт найруулагч Прасанна Витанаге ахлах юм.
Москвагийн олон улсын кино наадмын зохион байгуулах хорооноос энэ жилийн үндсэн уралдаанд өрсөлдөх бүтээлүүдийг өчигдөр /2026.04.02/ албан ёсоор зарлалаа. Нийт 43 орны 200 орчим кино оролцож буй тус наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” (The Unopened Letter) уран сайхны кино шалгарч, “Алтан Георгий” шагналын төлөө дэлхийн шилдэг 12 бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна.
Наадмын хөтөлбөрийн захирал Иван Кудрявцев хэвлэлийн хурлын үеэр энэ жилийн хөтөлбөр маш чанартай, олон талт болсныг онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ, “Энэ жил 1500 гаруй мэдүүлэг ирснээс Монгол, Алжир, Тайланд зэрэг орнууд хөтөлбөрт шинээр нэгдэж байгаа нь онцлох үйл явдал” хэмээжээ.






