Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлт гээд цаг үеийн мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны үнэ намар нэмэгдээд эхлэхэд гол нөлөөлдөг зүйл бол дизель түлш. Тариалан эрхлэгчдэд дизель түлшийг боломжит үнээр олгож байгаа юм байна. Ирэх намар гурил, талхны үнэ нэмэгдэнэ. Салбарын яам ирэх намрыг яаж харж байна вэ. Ард иргэдийн амьжиргаа, татвар, инфляцийн уялдаа холбоог хэрхэн харж байна вэ. Бид татварын хөнгөлөлтийг л үзүүлэхээс өөр гарцгүй юм шиг харагдаж байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Ойрх Дорнодод үүсч буй асуудалтай холбоотойгоор хүнсний барааний нийлүүлэлт гэх мэт олон зүйлд хүндрэл учруулж байгаа нь үнэн. Хүнсний хэрэгцээг хангах олон томоохон аяны хүрээнд хаврын тариалалтыг цаг үеийн хүндрэл дундуур саадгүй явуулахаар хичээж байна. Газар тариалангийн салбарыг үнийн өсөлтийг хамгаалахын тулд дизель түлшийг 3400 төгрөгөөр нэг литрийг нийлүүлж байгаа бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд энэ ажил зогсоно. Намрын тариа хураалтад улаан буудай, хүнсний ногоо гээд тооцохоор 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй болно. Тийм учраас ирэх намрын үнийн өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигд, сайхан эхлүүлж, шатахууны нөөцийг бэлдэхээр санхүү мөнгөө судалж байна. 

Өнгөрсөн зун ган гачигтай байж, ургац хураахдаа төмсний 50 хувийг алдсан. Тийм учраас тариалангийн салбарт учирсан байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхээр үүлэнд нөлөөлөх ажлыг 350 сая төгрөгөөр хийх гэж байна. Байгаль орчин, уур амьсгалын яам болон цаг уурын байгууллагад хүлээлгэж өгнө. Ганц газар тариалангийн салбар бус хүнсний салбарын үнийн өсөлт ажиглагдаж, нийлүүлэлтийн доголдол үүсэх гэж байна. Тийм учраас бидэнд үүсэх хүндрэлийг урьдчилан харж, үнэ өсвөл татварын зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага гарч болзошгүй тал дээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.