Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ны 18.30-19.00 цагийн орчимд салхины хурд 50 метр секунд хүрч, байгалийн онц аюултай үзэгдэл болж, нэг иргэн амиа алдаж, 11 иргэн бэртэл гэмтэл авсан. Мөн дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн. Авто машинуудын хувьд засвар авах боломжгүй болжээ.

БНСУ-д үйлдвэрлэсэн Mighty маркын авто машин жолоодон явж байсан аж. Хүчтэй салхинд авто машин явах аргагүй байсан тул зогсоож, нөмөр бараадуулаад буухаар болсон байна. Гэвч найз нь амжиж бууж, жолооч машинтайгаа хуй салхинд цохигдон, хийсч, амиа алджээ. Тэрээр нийслэлийн харьяат байсан юм.

Түүний дүү нь өөрийн цахим хуудаснаа "07-р сарын 26 нд Архангай аймгийн Хашаат суманд байгалийн гамшигт үзэгдэл болж, ах маань найзындаа амарч яваад гамшигт өртөн амь насаа харамсалтайгаар алдлаа. Ах маань Mighty маркийн машинтай худгаас ус аваад буцаад байшин хүрэх замдаа салхинд машинтайгаа хийссэн ба аймшигт салхи машин болон байшинг хормын зуур ямар болгосон зурагнуудыг оруулав. Энд очоод өөрийн эрхгүй ийм харуусал төрснөө шийдвэр гаргадаг эрх мэдэлтэнгүүд, холбогдох мэргэжлийн бйагууллагууд анхаараасай гэж бодон бичиж сууна. Үүнд цаг агаарын өөрчлөлтөөс болж Америкт болдог шиг хар салхи сүүлийн 2 жил үзэгдэх болсныг нутгийн иргэд ярьж байхад мэргэжлийн байгууллагаас ард түмэнд урьдчилан сэргийлэх болон энэ үед ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл байхгүй ба ямар ч ойлголтгүй байна.

Гамшигт өртөн нас барсан хүнийг нэгэнт өнгөрсөн гэсэн байдлаар газар дээр нь ажиллаж буй холбогдох хүмүүс хандах нь үнэхээр хэцүү санагдлаа. 18 цаг 30 минутанд дуудлага өгсөн байхад биднийг хотоос гараад газар дээр шөнийн 02 цагт очиход ирээгүй, цагдаа, прокурор ирэхээс нааш хөдөлгөж болохгүй гэх юм. Утсаар холбогдоод нас барсан ч гэсэн ах минь хэцүүдлээ гэхэд та гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгөх юм. Гамшигт өртсөн үед тусламж өгдөг гэж сонсоод сурагласан чинь эд хөрөнгө хохирсон үед л тодорхой хувийг нь өгдөг, амь нас хохирсон үед өгдөггүй гэж сонслоо. Буруу сонссон л байгаасай... Бухимдсан уймарсан би буруу зөрүү бодож бичсэн бол уучлаарай. Дээрхи зүйлсийг хэн нэгэн хүнийг буруутгах гэсэндээ бичээгүй юм шүү. Харуусахдаа хүмүүст ийм зүйл бүү тохиолдоосой гэж бодон бичлээ" гэлээ.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа