Гурав дахь хөрш ба оюутолгой
2013/04/29
Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ хэмээн газар нутгаа шүүрс алдан магтсан яруу найрагчийн маань хэлсэн үг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй нь ойлгомжтой.
Өнөөдөр бүр ч үнэ цэнэтэй байна. Гэтэл хоёр сая найман зуун мянган иргэд маань ядуу хэвээр. Сүүлийн 20 жил хөгжье, дэвшье, үүцээ задалъя гэж амтай болгон нь ярьж,гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд яригдаж байж, хэл ам дагуулан нэг гэрээ байгуулсан билээ. Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтыг он цагийн хуваарьт оруулж авч үзвэл Оюутолгойгоос өмнөх, хойшхи гэж хувааж болох мэт. Гэтэл анхны шалгуур дээр л хөлд орж байгаа хүүхэд шиг бүдэрч байна уу даа гэсэн бодол толгойд орох боллоо. Монголчууд Оюутолгойн хөрөнгө оруулалтыг ээдрээтэй болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдыг сэрэмжлэхэд хүргэж, манай орноос хүлээх итгэл найдварыг бууруулж, улмаар барууны орнуудын эрх баригчдад таагүй ойлголтыг төрүүлснээр томоохон хөрөнгө оруулагчид Монголоос шил даран гарч эхэллээ. Бид 20 жил барууны хөгжингүй орнуудыг гуравдагч хөрш хэмээн зарлаж, тэдний хөрөнгө оруулалтыг үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур гэж үзэн хөөцөлдөж ирсэн. Энэ ажил тодорхой үр ашгаа өгч эхэлсний баталгаа нь “Оюутолгой” төсөл юм. Энэ төслийн гэрээ ашигтай юу, үгүй юу гэдэг нь зөвхөн монголчууд биднээс шалтгаалах бөгөөд бидний дотоод асуудал юм.
Барууны орнуудын төр, нийгэм хэдэн зуун жил бүрэлдэн тогтнох явцдаа гэрээ хийсэн л бол гэрээний заалтыг чанд баримтална гэсэн ёс зүйг хөдөлшгүй зарчим болгосон байдаг. АН-ын гишүүд, одоо сайд болцгоосон нөхдөөр толгойлуулсан Оюутолгойн гэрээний эсрэг хөдөлгөөн нь манай язгуурын эх оронч, сэрэмжтэй ард түмний олонхи хэсгийг хамарсан хардлагыг бий болгож донсолгон, улстөрийн ашиг хонжоог эздэдээ олгон, парламентад оруулж ирж чадсан. Гэхдээ Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр их наяд төгрөгөөр буурсан (Н.Алтанхуяг 2013 оны дөрөвдүгээр сард ярьсан), хөрөнгө оруулалтын идэвхжилт буурч, гадаад орчинд муугаар нөлөөлсөн бодит нөхцөл байдал, үр дагаврыг гарган ирж бидний өмнө дэлгэн тавилаа. Сүүлийн үед Оюутолгойг тойрсон хардлага олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багасч байгаа нь дээр дооргүй энэ асуудлын хор уршгийг ойлгож эхэлж байна уу гэсэн найдвар төрүүлж байна. Гэсэн ч иймэрхүү популист тоглолтууд өөр өөр дүр зураг, олон давхар зорилготой үйл явдлуудыг ар араасаа дагуулах боломжийг нээж байна. Оюутолгойн асуудлаар нэг мөр ойлголтод хүрч засч залруулах ажлыг эрх баригчид хурдтай соёлтой хийснээр гадаадын хөрөнгө оруулагчид, гурав дахь хөршийн эргэлзээг багасгаж, Орос, Хятадын Монгол дахь өрсөлдөөнт байдлыг дахин сэргээж болох юм.
Монголын төр сүүлийн үед хувийн компаниудынхаа гадаад худалдааны гэрээг шүүмжлэхдээ хүчээр зогсоох биш, харин тухайн компанид зөвлөх, сануулах, цаашид ийм алдаа гаргуулахгүй байх төрийн бодлогын механизмуудыг боловсронгуй болгох замаар хамтран ажиллах нь үндэсний эрх ашигт нийцэх болов уу. Гаднын хөрөнгө оруулагч уу, үндэсний хөрөнгө оруулагч уу гэдэг нь асуудлын гол биш бөгөөд Монголд татвар төлж байгаа л бол ямар ч аж ахуйн нэгж төрийн хамгаалалтад орох ёстой гэдэг зарчмыг манай төр үе дамжуулан уламжилж авч явах ёстой. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Монгол дахь хөрөнгө оруулалтын таагүй мэдээ нь тэдний үнэт цаасны үнийг огцом унагав. Ингэснээр түүнийг худалдан авч итгэл найдвар хүлээлгэсэн барууны орнуудын олон зуун мянган хөрөнгө оруулагч жирийн албан хаагч, тэтгэврийн иргэд санхүүгийн алдагдал хүлээхэд хүрсэн нь гуравдагч хөрш орнууд болон манай хөрш хоёр орны улстөрчдөд дөрөөлөн тоглолт хийх сайхан боломжийг олгож байна гэдгийг мартаж боломгүй. Дэлхийн том гүрнүүдийн өрсөлдөөн хамгийн их ажиглагддаг газар нь дэлхийн далайн тээврийн коммуникацийн эмзэг хэсэг болох Гибралтар, Маккмартийн хоолой, Суэцийн суваг, Ормузын хоолой зэрэг бөгөөд энд гарч байсан хурцадмал асуудлууд нь ихэвчлэн худалдааг хязгаарлахын эсрэг чиглэсэн байдаг. Манай орны хувьд Гашуун сухайт, Замын үүд, Алтанбулаг зэрэг гол боомтуудаар бараа таваарыг урд, хойд хөрш болон бусад оронд чөлөөтэй гаргахын тулд манай орны нөхцөлд гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах зам л хамгийн зөв оновчтой шийдэл байсаар байна.
Манай хувийн компаниуд Хятадын том компаниудтай түншлэлийн харилцаанд орж, дээрх боомтуудаар уул уурхайн түүхий эдээ экспортод гаргаж чадаж байгаа л бол төр энэ тал дээр бүхий л арга замаар дэмжлэг үзүүлэх ёстой. Гэтэл уул уурхайн түүхий эд экспортлоход амин чухал ач холбогдолтой төмөр замын асуудлаар л гэхэд өргөн, нарийн гэх мэт жирийн ард иргэд ойлгож, учир зүйг нь тунгаахад хүндрэлтэй том, жижиг нь мэдэгдэхгүй санал зөрөлдөөнүүд байсаар байна. Энэ мэт байдал нь гадаад орнуудад болхи, харалганаараа гайхагдаж, алтаар хэмжигдэх цагийг алдсанаар манай эдийн засагт асар их хохирлыг авчирлаа. Хий хоосон популист улстөрийн маневраар их ажлыг нам зогсоох нь хэтэрхий харамсалтай. Манай хувийн компаниуд алдагдалд орж эхлэх нь цаагуураа эдийн засгийн макро орчинд маш хурдан нөлөөлж эхэлж байгаа нь тун удахгүй нийгмийн бүхий л давхаргын төлөөлөлд мэдрэгдэхийн дохио юм. Судлаачийн хувьд төрийн бодлогыг явуулдаг зарим нэг жишээ татъя. XIX зууны хамгийн хүчирхэг улс болж чадсан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь гадаад бодлогоо /барууны орнуудын гадаад бодлогод худалдаа онцгой байр эзэлдэг/ улстөрчдийнхөө нээлттэй мэтгэлцээний зарч- маар боловсруулдаг. Үүний үр дүн нь дайны хүнд цаг үед ч онцгойлон харагддаг бөгөөд тухайн үеийн лидерүүд болох Меттерник, Николай I, Бисмарк, Палмерстон, Гладстон, Дизраели нарын засгийн эрх барьж байснаар ч илэрдэг. Их Британийн бодлого бусад орнуудаас юугаараа ялгардаг вэ гэвэл урт хугацааны хөгжлийн жанжин шугамаа /strategy plan/ гаргахдаа маш олон талаас нь мэтгэлцэж байж тогтоодог бөгөөд харин тогтсон бодлогоо тууштай шаргуу, цөхрөлтгүй, хэлбэрэлтгүй, найдвартай хэрэгжүүлдэг. Тийм ч учраас энэ арга барил нь Британийн ард түмний бахархал, зан заншил болж төлөвшсөн бөгөөд “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол философитой яв цав нийцэж байна. Гэтэл манайд намууд улстөрийн үйл ажиллагаа явуулахдаа эх орныхоо язгуур эрх ашигт яагаад ч нийцэхгүй үзэл баримтлалаа туг болгон тэмцэж, төр засагт орохоороо уламжлагдан баримтлах ёстой стратегийн хэтийн чиглэлүүдээс хазайж, урьд нь төр барьж байсан нам нь бүхий л алдааны буруутан болж байгаа мэт дайрч, төр засагтаа итгэх ард олны итгэлийг сулруулж байна.
Цаашлаад монгол үндэстэн өөрөө өөртөө итгэх итгэл бүдгэрэх, үүний улбаа болсон нийгмийн ёс суртахуун доройтох, төр засагт үл итгэх, үзэн ядах байдал ихэсч, популист улстөрчид сонгуулиас сонгуульд нүүрээ хувирган ялалт байгуулдаг болох магадлал нэмэгдсээр байна. Тактикийн олон шийдвэр дотроос улс орныхоо урт хугацааны эрх ашгийг ялган салгаж, түүнийг хамгаалах зохих стратегийг тодорхойлж чадах эсэх нь ирээдүйн төрийн зүтгэлтний гол шалгуур болох ёстой. Манай төр цонхоор орж ирэн хана, тааз, цонх мөргөн төөрч, будилж байгаа болжмор шиг бодлоготой байж боломгүй цаг үе ирлээ гэдгийг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэлсэн Монголын эдийн засаг сануулж байна. Нэг талаас манай ард түмэн Монгол Улсынхаа язгуур ашиг, сонирхлыг хамгаалсан, хэтийн ирээдүйд бүрэн нийцсэн сонголтыг хийх нь нэн шаардлагатай харагдаж байна. Нөгөө талаас янз бүрийн гадаад, дотоод нөхцөл байдал үүсэхэд стратеги бодлогоо зөв хэмээн үзэж байгаа бол Монголын төр бие даан хатуу шийдвэрээ гаргаж, хариуцлагаа хүлээж байгаагаа ард түмэндээ ойлгуулах зоригтой байхыг одоогийн болон ирээдүйн улстөрчдөөс манай орны эрчимтэйгээр хувьсан өөрчлөгдөж байгаа дотоод, гадаад орчин шаардах нь дамжиггүй боллоо. Эцэст нь гурав дахь хөршөө Оюутолгойгоор өшиглөх үү, үгүй юу гэдгийг Монголын ард түмэн л шийднэ шүү дээ.
Г.ЭНХТҮВШИН
/Стратеги судлаач/
cool news · 2013/07/08
muzzG* Thanks for ***ring, this is a fantastic blog post.Thanks Again. Will read on...