БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг ЭСЯ-наас анхаарууллаа
43 минутын өмнө

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байгааг Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.
Мөн БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа.
БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай холбогдох хуулийг зөрчсөнд тооцогдож, хуульд заасан хариуцлага хүлээлгэн торгуулах, мөн цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.
Иймд иргэн Та бүхэн хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хуулийн хугацаандаа нутаг буцан хууль бусаар оршин суух нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлнэ үү.
Оршин суух хугацаагаа БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудасны “체류기간, Expiry Date check” хэсгээс өөрийн оршин суух хугацааг шалгах боломжтой.
Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам






