30-40 сум шатахуун, дизель түлшний хомсдолтой байна гэв
43 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр /2026.08.31/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл өглөө.
Эн үеэрээ тэрээр "Наймдугаар сарын байдлаар АИ-92 авто бензинийг 74,780 тонныг захиалсан. Үүнээс 68,502 тонн шатахууныг нийлүүлсэн бол 158, 530 тонн шатахуун захиалж, бүгдийг нь татан авсан. Бусад холбогдох эх үүсвэрүүдээс захиалж байгаа захиалгууд ямар нэгэн саадгүй орж ирсэн. Наймдугаар сарын эхэнд тодорхой хэмжээгээр ачилт багасч, улсын хэмжээнд нөөц буурсантай холбоотойгоор доголдол үүссэн. Үүнийг арилгахаар ажлын хэсэг байгуулж, холбогдох мэдээллүүдээ нэгтгэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 1100 тонн автобензин, орон нутгийн хэмжээнд 681 тонн автобензин нийлүүлсэн. Импортын эх үүсвэрээс есдүгээр сарын автобензины захиалгаа баталгаажуулж, бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлж байна. Бид өнөөдрийн байдлаар АИ-92 төрлийн шатахууныг нэг сард 65 мянган тонн, дизель түлшийг 150 мянган тонныг хэрэглэж байна. Энэ хангамжаа бүрэн нийлүүлэхээр захиалгаа хийсэн.
Монгол Улсын хэмжээнд мэдээллүүдийг нэгтгэн ажиллаж байна. Нийслэлийн дараагаар орон нутгийн шатахууныг хэвийн нийлүүлэх зорилтыг тавин ажилласан. Өнөөдрийн байдлаар автобензин болон дизель түлшний хомсдолтой байгаа 30-40 сум байна. Зарим газраа дизель түлштэй, зарим нь автобензингүй байна. Улсын хэмжээнд өнөө оройдоо шатахууны хангамжийн асуудлыг нягталж, эдгээр сумдуудад ачилт хийнэ. Мөн олон хоног шатахуунд дугаарласан аймаг, сумд руу шатахуун тээвэрлэж, түгээхээр ажиллана. Шатахуун импортлогч бүх аж ахуйн нэгж зориулалтын саванд шатахуун өгч эхэлсэн учраас иргэдийн зүгээс үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал хэлбэл шуурхай арга хэмжээ авч ажиллана" гэв.






