“Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн 2042 айлын байрны сонгон шалгаруулалт 10 дугаар сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Шалгарсан иргэд 11 дүгээр сарын 1-нээс орон сууцандаа нүүж орох боломжтой болох талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр мэдээллээ.

Сайд Э.Бат-Амгалангийн мэдээлснээр “Солонго-1”, “Солонго-2” төслийг есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар оруулж, холбогдох тогтоол гаргуулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Үүний дараа 10 дугаар сарын 10-наас 14 хоногийн хугацаанд сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулна.

Харин сонгон шалгаруулалтад тэнцсэн айлуудыг 11 дүгээр сарын 1-нээс байр руу нь оруулах боломжтой гэж мэдээлэв.

1 ам метр нь 4.428 сая төгрөг

Солонго-1, 2 хорооллын орон сууцны 1 ам метр талбайн үнэ 4 сая 428 мянган төгрөг байхаар мэдээллээ.

Тус төсөл нь нийт 5002 айлын, 66 блок орон сууцны хороолол бөгөөд эхний ээлжийн 27 блок, 2042 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Орон сууцнууд нь 2 болон 3 өрөөний сонголттой, тусдаа угаалгын өрөөтэй, гурван давхар шилтэй цонх, шалны дуу чимээ тусгаарлалт, домофон, нарны панелын системтэй. Мөн хүүхдийн тоглоомын талбай болон автомашины зогсоолыг тусад нь төлөвлөсөн байна.

Хэн хамрагдах боломжтой вэ?

“Солонго-1, 2” төслийн орон сууцанд иргэдийг төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журмын дагуу сонгон шалгаруулна.

Өмнө мэдээлэгдсэнээр зорилтот бүлгийг 9 ангилалд хуваасан бөгөөд үүнд:

  • залуу гэр бүл;
  • ахмад настан;
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
  • төрийн албан хаагч;
  • олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх зэрэг бүлгүүд багтаж байна.

Сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй, программд суурилсан цахим системээр хийхээр төлөвлөжээ. Иргэдийг олон шалгуураар нийт 100 оноогоор үнэлж, тухайн бүлэг дотроос өндөр оноо авсан иргэдийг шалгаруулах зарчим танилцуулагдсан.

Мөн өмнөх мэдээллээр орон сууцтай иргэдийг хамруулахгүй бөгөөд гэр хорооллоос орон сууцанд шилжих, яндангаа буулгах иргэдэд давуу оноо олгох талаар ТОСК мэдээлж байсан.

Түрээслээд өмчлөх үү, түрээслэх үү?

“Солонго-1, 2” төслийн орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх болон түрээслэх хэлбэрээр олгохоор төлөвлөсөн.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн хувьд иргэн эхний хугацаанд түрээсээр амьдарч, төлбөрийн тодорхой хэсгийг орон сууцны үнэ рүү тооцуулах зохицуулалттай. Өмнөх мэдээллээр түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэн хамгийн багадаа нэг жил түрээсээр суух шаардлагатай.

Мөн ТОСК-ийн удирдлагын мэдээллээр түрээслээд өмчлөх орон сууцны сарын төлбөр хамгийн ихдээ 792 мянган төгрөг байх боломжтой. 

Анхаарах зүйл: зуучлагчид мөнгө өгөхгүй байх

Сонгон шалгаруулалт цахимаар, программын дагуу явагдах учраас иргэд “байранд оруулж өгнө”, “оноо нэмүүлж өгнө”, “бүртгэлд хамруулна” гэх нэрээр мөнгө нэхсэн хүмүүст итгэхгүй байх шаардлагатай.

Цагдаагийн байгууллагаас ч “түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлд хамруулна” гэх нэрийдлээр иргэдийг залилсан тохиолдол бүртгэгдэж байгааг анхааруулсан.

Иймээс бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар зөвхөн ТОСК-ийн албан ёсны мэдээллийг дагаж, бусдад мөнгө шилжүүлэхгүй байх нь зүйтэй.

 

2026.09.23 – Засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн

2026.10.10 – “Солонго-1, 2”-ын цахим сонгон шалгаруулалт эхэлнэ

14 хоног – Сонгон шалгаруулалт үргэлжилнэ